Туркт “Ф”, “Г” үсэг хэрэглэхийг хоригложээ

2016.11.02 Лхагва №103 (2134)

- Фейтхуллах Гюленийг сануулахгүй байх гэж ингэсэн гэнэ -

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганыг түлхэн унагах бүтэлгүй оролд­логын дараа Турк улс жинхэнэ утгаараа аймшиг, айдас хүйдсийн орон болж хувирчээ. Цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа Р.Т.Эрдоган цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 7000 гаруй хүнийг баривчлан хорьсон билээ. Улмаар гурван сарын хугацаатай онц байдал зарлаж байгаад энэ гурван сарын дотор тоймгүй олон баривчилгааг хийгээд байна. Төрийн “Махны машин” АНУ-ын гар хөл бологсдыг цээрлүүлэх нэрийн дор гэмгүй номхон иргэдийг олноор хэлмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Эрх баригчдын анхаарал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хүч, төрийн байгууллагаас буруутныг илүүтэй эрэн сурвалжилж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд 15 олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хааж, 10 мянга гаруй хүнийг ажлаас нь халжээ. Төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетхуллах Гюлентэй холбоотой гэх шалтгаанаар 60 мянга гаруй хүнийг баривчлан шалгажээ. Бариа, тавиа одоо ч үргэлжилсээр, иргэд хоорондоо юм ярихаас ч айх болсон байна.    

Хэвлэл мэдээлэх эрх чөлөөг хааж байна  
Туркийн цагдаа нар “Cumhuriyet” сонины ерөнхий редактор Мурат Сабунжуг хоёр сэтгүүлчийнх нь хамт өнгөрсөн даваа гаригийн өглөө баривчилжээ. Өөр 13 сэтгүүлчийг баривчлах тушаал гарч, эрэн хайж эхэлсэн байна. Цагдаа нар сэтгүүлчдийн гэрт нэгжлэг хийж Курдын ажилчны нам, “Хизмет” хөдөлгөөн (Туркт алан хядагч байгууллага гэж зарлагдсан), 1999 онд АНУ руу цагаачилсан Фетхуллах Гюлентэй холбоотойг нотлох баримт хайсан гэнэ. 
Туркийн Ерөнхий Прокурорын газар өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хэд, хэдэн сониныг шалгаж эхэлжээ. Зургадугаар сарын 15 буюу цэргийн эргэлт болохоос өмнөх дугааруудыг нь шүүж, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байсан сэжиг илэрсэн сонингууд энэ шалгалтад өртсөн байна. Тэдний тоонд “Cumhuriyet” сонин оржээ. Нийгэмд “сөрөг хүчний сонин” гэсэн имижтэй энэ сонины өмнөх ерөнхий редактор Жан Дюндар төрийн эргэлт хийх оролдлого гархаас сарын өмнө буюу энэ оны тавдугаар сард “Төрийн нууц задруулсан” хэргээр таван жилийн ял авсан аж. Түүнтэй хамт тус сонины сэтгүүлч Эрдем Гюль мөн яллагджээ. Тэд Турк улс Сирид зэвсэг нууцаар нийлүүлж байсныг илчлэн бичсэнийхээ төлөө 2015 оны арваннэгдүгээр сард баригдаж, хагас жил хоригдсоны эцэст таван жилийн ял авчээ. Э.Гюль, Ж.Дюндар нар Туркийн Үндэсний тагнуулын байгууллагын бэлгэ тэмдэг бүхий машинууд их хэмжээний зэр зэвсэг ачин Сирийн нутагт нэвтэрч байгааг видео бичлэг хийн баримтжуулж авсан нь Р.Т.Эрдоганы гадаад нэр хүндэд нэлээд  хүчтэй цохилт болж байв. Р.Т.Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон хэрнээ ийнхүү улам харгислаж байгаа явдлыг ажиглагчид “Хүч нөлөө нь буурсны илрэл” хэмээн тайлбарлаж байгаа юм.   

Төрийн эргэлтийг АНУ-аас захиалсан уу, Р.Т.Эрдоган зохиосон уу
Туркийн түүхэнд төрийн эргэлт хийх оролдлого таван удаа гарч байжээ. Тэдгээрийн эхнийх нь 1960 онд гарч дарагдсаны дараа эрх баригчид АНУ-ыг буруутгаж байсан аж. Тэгвэл энэ жил мөн л далайн чанадаас захиалгатай гэж үзжээ. Туркийн Хөдөлмөрийн сайд Сулейман Сойлу илүү ч үгүй, дутуу ч үгүй ”Р.Т.Эрдоганыг унагах оролдлогын цаана АНУ байгаа” гэж мэдэгдэж, Парламент дахь Шударга ёс хөгжлийн намын төлөөлөгч Айдын Унал гэх мэт улстөрчид дагалдсан. Харин АНУ энэ хардлагад төсөөлж байснаас ч хатуу хариу үйлдэл үзүүлсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Туркийн Ерөнхий сайд Мевлют Чавушоглутай өнгөрсөн зургадагаар сарын 16-нд буюу төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа утсаар ярихдаа АНУ-ын оролцоо өчүүхэн ч байхгүй гэдгийг батлан ихэд ууртай ярьсан бөгөөд Р.Т.Эрдоганыг “их цэвэрлэгээ” явуулж эхэлсний дараа энэ үйлдэл нь АНУ, Европ, УАЦЭ-тэй харилцах харилцаанд нь том бэрхшээл авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.      
Бослогод АНУ хамааралтай гэж хардаж байгаагийн гол учир нь Р.Т.Эрдоган өөрийн №1 дайснаа гэж тооцдог Фетхуллах Гюлентэй холбоотой. Тэрээр Туркийн зохиолч, шашин, олон нийтийн зүтгэлтэн, “Хизмет” хөдөлгөөнийг үндэслэгч нэ­гэн аж. 1999 онд АНУ-ын Пенсильвани мужийн Сей­лорсбург хотод амьдрах болсон энэ эрийг Р.Т.Эрдоган цэргийн эргэлтийг зохион байгуулсан гол хүн гэж сэжиглэж байгаа юм. Уг нь өөрөө АНУ руу гарсныгаа “Сайн дураараа цөллөгөнд явлаа” гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл улс төрийн үйл ажиллагаанаас бүрэн гарсан гэдгээ зарласан ч Р.Т.Эрдоган итгэдэггүй. Харин ч шилжүүлж аваад гэсгээн цээрлүүлэхийг хичээж иржээ. Барууны ер­төнцийн сонин сэтгүүл агент­лагууд ч Ф.Гюленийг “Хамгийн нөлөөтэй лалын шашинтнууд”, “Туркийн хам­гийн нэр хүндтэй улстөрч” гэх мэт санал асуулгадаа байнга дээгүүр байр эзлүүлж ирсэн байх юм. 
Р.Т.Эрдоган түүнийг шилжүүлж авахаар “Хизмет” бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэг болоод Ф.Гюленд холбоотой нотлох баримтуудыг хавсаргасан 1000 гаруй хуудас бүхий материал бүрдүүлээд АНУ-д өгсөн ч одоо хүртэл шилжүүлж өгөөгүй л байна. Хэрвээ АНУ түүнийг шил­жүүлж өгвөл бослогын гол толгойлогч дарагдаж, эгэл жирийн туркчуудын амьдрал тайван болох гээд байгаа мэтээр ухуулдаг. Гэвч АНУ гөжүүдлэсээр л. Уг нь Турк улс америкчуудын хувьд чухал холбоотон байсаар ирсэн. Тухайлбал, Умард Атлантын эвслийг анх байгуулахад лалын шашинтай гуравхан улс гишүүн болсны нэг нь Турк юм. Тэр үед АНУ түрэгүүдийг ЗХУ-тай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх холбоотон гэж харж байв. Одоо ч энэ ач холбогдол өссөн үү гэхээс буураагүй. Турк улс өнөөдөр Европ, Ойрх Дорнодыг заагласан “жийрэг улс”-ын үүрэг гүйцэтгэж, Сирийн олон сая дүрвэгчдийг газар нутагтаа суурьшуулж буй. Түүнээс гадна Туркийн газар нутаг дээр байгуулсан “Инжирлик” бааз нь “Лалын улс”-тай хийх тэмцэлд маш чухал үүрэгтэй юм. Тиймээс Ф.Гюленээс болж Турктэй муудалцаад, Р.Т.Эрдоган “Инжирлик”-ийг хаачихвал АНУ илүү хохирно гэж болгоомжлогсод олон байна. Гэвч сүүлийн үед гарч буй мэдээллээс үзэхэд АНУ Р.Т.Эрдоганаас үнэхээр залхжээ. Нэгдсэн улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Туркийн Ерөнхий­лөгчид дургүй гэдгээ шууд хэлсэн бол  Конгресст “Инжирлик”-ийг бүс нутгийн өөр улсад шилжүүлэн байр­луулах асуудал хамгийн тулгамдсан асуудалд тооцогдож байгаа юм.     
АНУ Туркийн харилцаа хурцадахад “Лалын улс” бүлэг­лэл чухал үүрэг гүйцэт­гэсэн. Очсон газар бүхнээ хялбар эзэлж байсан “Лалын улс”-ыг курдууд анх зогсоосноос хойш АНУ Курдэд илт нааштай хандаж, зэр зэвсгээр туслах болсон юм. Энэ эдүгээ ч гүрний шинжээ хадгалсаар буй Турк улсын ашиг сонирхлыг хөндсөн хэрэг болсон юм.   
Туркийн эрх баригчид ийнхүү төрийн эргэлтийг АНУ захиалсан гэж мэдэгдэж байгаа бол дэлхийн зарим хэвлэлүүд эсрэгээрээ Р.Т.Эрдоган өөрийнх нь эрх мэдэл сулрахтай зэрэгцэн төрийн эргэлт нэрээр “их цэвэрлэгээ” хийж байна гэж буруутгасаар байгаа юм.

Европын холбоонд элсэх үү               
Турк улс Европын холбоонд элсэх өргөдлөө 2005 онд өгсөн бөгөөд энэ хүслээ биелүүлэхэд тунч ойрхон ирээд байсан билээ. Сири, Хойд Африкаас нөмрөн ирэх дүрвэгчдээс баруун Ев­ропыг хамгаалсныхаа шанд ийм шагнал хүртэхээр болоод байсан. Гэвч төрийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш Туркт өрнөсөн үйл явдлууд Европын холбооны байр суурийг 360 хэм өөрчлөөд байна. Уг нь хоёр тал хоорондоо маш нааштай ойлголцолд хүрч, Терроризмтэй тэмцэх хуульд өөрчлөлт оруулахаас бусад шаардлагыг хүлээж авна гэдгээ Р.Т.Эрдоган өөрийн биеэр мэдэгдэж байлаа. Европын холбоонд элсэх нь туркчүүдийн мөрөөдөл байсан бөгөөд Р.Т.Эрдоган энэ хүслийг нь хэрэгжүүлэгчийн дүрээр Ерөнхийлөгчийн суудалд заларсан. Гэвч тулаад ирэхэд өөрийн албан тушаал, ашиг сонирхлоо ард түмний эрх ашгаас доогуур тавьдаг нэгэн болохоо харуулчих шиг боллоо. 
“Турк Европын холбооны гишүүн болох уу” гэсэн асуултад одоо “Үгүй. Гэхдээ шууд үгүйсгээд хэрэггүй, хөөрхий мөрөөдөж байг л дээ” гэж хариулах шинжээч олон болжээ. 
Төрийн эргэлт гарахаас өмнө Турк улс Евро интеграцийг явуулж, ардчиллыг юу юугүй мандуулахаар зэхэж байлаа. Гэтэл зургадугаар сарын 15-наас хойш ардчилал, хүний эрх гэдэг ойлголтыг үгүй хийх хэмжээний балмад үйлдлүүдийг гаргах болжээ.
Р.Т.Эрдоганы бусдыг хардах хар хор, сэрэмж нь хэтэрч, параной болж хувирч байгаа шинж тэмдэг ч ажиглагдах болов. “Economist.com” цахим хуудсанд гарсан нийтлэлд итгэх юм бол Турк улсын хэмжээнд арван жилийн сургуулиудад “F”, “G” үсэг хэрэглэхийг хоригложээ. “Фетхуллах Гюлен” гэдэг нэрний эхэнд ордог учраас хориглосон гэнэ. Энэ нэртэй холбогдсон хүн дээр буух төрийн нударга дэндүү чанга байгаа тул хутган үймүүлэгч нэр дургүй хүнийхээ талаар буруу ташаа мэдээлэл өгөх зэргээр гэмгүй иргэдийг хохироож байгаа явдал ч хавтгай бололтой. Энэ бүхэн нь Турк улсыг Европын холбоонд элсүүлэхгүй байх хангалттай шалтгаан гэдгийг захын хүн хэлж байна. Гагцхүү Сири, Хойд Африкаас цутган орж ирж буй дүрвэгчдээс айх айдас л Туркийг гишүүнээрээ бүртгэж авах хүчин зүйл болж магадгүй юм.    

Төрийн эргэлт хийх оролдлого юуг харуулав
Юуны түрүүнд, туркчүүд дарангуйллын эсрэг босох чадвартай хэвээрээ байгаа гэдгийг харуулсанд бослогын гол ач холбогдол оршино гэж барууны хэвлэлүүдэд онцолжээ. Жагсаал цуглааны үеэр 200 гаруй хүн амиа алдсан. Гэсэн ч буу шийдмээр зэвсэглэсэн цэрэг цагдаагийнхны өөдөөс ардчилал, эрх чөлөөгөө олж авахаар гар нүцгэн босч ирсэн нь туркчүүдийн зүрх зориг хэвээрээ байгаа шүү гэдгийг дэлхий нийтэд харуулж өгсөн. 
Хоёрдугаарт, Р.Т.Эрдоган урьдын хүч, нөлөөгөө алджээ гэдгийг ямар нэгэн байдлаар харууллаа. 2010 оны бослогын үеэр тэр цэргийн эрхтнүүдээ баривчилсан ч ихэнхийг нь буцаагаад сулласан байдаг. Эрх мэдэл, сүр хүчийг уучлал, өршөөл дагалдаж явдаг жамтай. Тэр үед Р.Т.Эрдоганы хүч нөлөө одоогийнхоос огт өөр, хамаагүй дээр байж. Харин одоо бол өөр болжээ. Тэр айж байна. Ард түмнээсээ айж байна. Хилийн чанадад амьдардаг нэг өвгөний нэрний эхний үсгийг хориглох хүртлээ айжээ.  Магадгүй, тэрээр ард иргэдээ хардаж сэрдсээр, хүний эрхийг зөрчсөөр байх юм бол төрийн эргэлт дахиад болохдоо л болно. Тэр үед Р.Т.Эрдоганд тэсч үлдэхэд хэцүү л байх болов уу.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.