Зуны олимпийн наадмын сонирхолтой есөн баримт

2016.11.02 Лхагва №103 (2134)

Анхны наадам. Домогт өгүүлснээр Звес бурхны хүү Геркулес олимпийн наадмыг үсгэжээ. Олимпийн анхны наадам МЭӨ 776 онд болсон гэж үздэг. Үүнээс өмнө олон удаагийн наадам болсон баримт нотолгоо үлдээгүй учраас анхны наадмыг МЭӨ 776 онд болсон гэдэгт түүхчид санал нэгджээ. Звес бурхныг хүндэтгэн тахих, хүний биеийн тамирыг сорих зорилгоор наадам зохиодог байв. Анхны наадамд зөвхөн грек эрчүүдийн дунд гүйлт, харайлт, бөх, бокс, зээрэнцэг болон жад шидэх, морь унах гэх мэт цөөн хэдэн төрөлд өрсөлдөөн өрнөдөг байжээ. Эртний Грект олимпийн тамирчид чармай нүцгэн уралддаг тухай түүхэнд өгүүлдэг. Зуны олимпийн наадамтай холбоотой есөн сонирхолтой баримтыг хүргэе.

Анхны аварга
МЭӨ 776 онд болсон олимпийн анхны наадамд Элис хотын тогооч Коройбос 190 метрийн гүйлтэд түрүүлж анхны аваргаар шалгарчээ. Цэнгэлдэх хүрээлэнд болдог гүйлтийн тэмцээнийг онцгойлон тэмдэглэн авдаг байсан учраас бусад тэмцээнээс илүү тодоор түүхэнд бичигджээ. Олимпийн анхны аваргыг тухайн үед зөвхөн чидун жимсний мөчирөөр шагнадаг байсан ч энэ нь нэр хүндийн хэрэг байжээ. 

Анхны олимп 
Орчин үеийн олимпийн наадам анх 1896 онд Грекийн нийслэл Афин хотод болсон. Тэр олимпод АНУ-ын тамирчин Жеймс Брэндон Конноли харайлтын төрөлд түрүүлж, орчин үеийн олимпийн анхны аваргаар тодорсон түүхтэй. Тус тэмцээнд АНУ-ын тамирчин Жон болон Самнер Пэйн нар цэргийн болон чөлөөт буудлагын төрөлд тус тус түрүүлснээр олимпоос алтан медаль хүртсэн анхны ах дүү тамирчин болжээ. 

Анхны эмэгтэй аварга
Эртний олимпийн наадамд Билитиш нэртэй бүсгүй өндөр амжилт үзүүлсэн тухай баримт бий. Харин Францын Парист 1900 онд болсон олимпийн наадамд Английн тамирчин Шарлотт Купер теннисний тэмцээнд амжилттай тоглож анхны эмэгтэй аварга болж байв.  

Хар арьст анхны тамирчин
Хар арьст анхны тамирчин 1900 оны олимпийн наадамд оролцсон Францын иргэн Константин Энрике де Зубиета байв. Харин найман жилийн дараа болсон тэмцээнд АНУ-ын Жон Тэйлор түрүүлж, олимпийн хар арьст анхны аварга болсон юм. Тэгвэл анхны африк гаралтай хар арьст тамирчин 1960 оны Ромын олимпийн наадмаар тодорсон. Этиопын тамирчин Абеке Акила хөл нүцгэн марафонд оролцож, түрүүлсэн түүхтэй. 

Анхны багийн спорт 
1900 оны олимпийн наадмын хөтөлбөрт анхны багийн тэмцээн буюу хөлбөмбөгийн спортыг оруулжээ. Тус тэмцээнд хөлбөмбөгийн эх орон Англи түрүүлж, Франц мөнгө, Бельги хүрэл медаль хүртсэн. 

Таван тивийн төлөөлөл оролцсон анхны олимп
Япон улс Ази тивээс хамгийн түрүүнд олимпод оролцохоор болж 1912 онд Шведийн Стокголым хот руу тамирчдаа илгээжээ. Тус олимпоор тамирчин анх удаа нас барсан тохиолдол гарсан билээ. Франфиско тамирчин Лазаро гүйлтийн тэмцээний үеэр наранд цохиулж, маргааш нь нас барсан юм. 

Зурагт анх ашигласан олимп
1936 оны Берлиний олимпод зурагтын технологи анх ашиглажээ. Тэмцээний бичлэгийг Берлин хотын гудамжинд байршуулсан өргөн дэлгэцээр гаргасан байна. Харин 1948 оны Лондоны олимпийг Английн хэмжээнд анх удаа зурагтаар дамжуулжээ. Тэгвэл 1960 онд Ромд болсон олимпийг анх удаа бусад улс оронд зурагтаар дамжуулсан байна. 

Анхны бэлгэдэл 
Олимпийн наадмыг зохион байгуулах хотууд өөрийн гэсэн бэлгэ тэмдэг, амьтныг сонгодог уламжлал Монголчуудын анх орсон 1972 оны Германы Мюнхений олимпийн наадмаас хойш тогтжээ. “Луфтханса” агаарын тээврийн компанийн логог зурсан Отл Айкер хэмээх дизайер Мюнхний олимпийн анхны бэлэг тэмдэгт солонгын долоон өнгөтэй цамц өмссөн “Валди” нэртэй нохойг дүрслэжээ. 

Өмнөд америкт олимп анх болсон хот Рио де Жанейро 
Олимпийн наадмыг зохиосон Өмнөд Америкийн анхны хот бол Бразил улсын Рио де Жанейро. 2009 онд Данийн Копенгагенд болсон ОУОХ-ны чуулганаар үүнийг шийдвэрлэж тогтсон юм. “Рио-2016” зуны олимпийн наадамд регби, гольфийн спорт анх удаа багтсан билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.