Р.Пүрэвдагва: Өвөрмонголд Алтан бүсний барилдаанд зодоглоно

2016.11.02 Лхагва №103 (2134)

Эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил, Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагваас тодруулга авлаа. 

-Сайхан өвөлжиж байна уу, арслаан?
-Сайхаан. Сайхан өвөлжиж байна уу?
-Отгон арслан маань өвлийн эхэн сарын шинийн 1-нд болсон Монгол бахархалын өдрийн барилдаанд түрүүлж, шинэ цолоо сайхан мялаалаа? 
-Харин тэглээ. Сэтгэл өндөр байна. Арслан цол хүртсэнээсээ хойш хоёр дахь барилдаандаа түрүүлж байгаа нь энэ. Өнгөрсөн зун Хүй долоон худагт болсон Хүрээ цам даншиг наадамд (2015 оны даншиг наадамд түрүүлж арслан цол хүртсэн) түрүүлж, аварга цол хүртсэн. 
-Түрүү, үзүүрийн барилдаан тун сонирхолтой болсон. Та Монгол бөхөд ховордоод буй өмсөх мэхээр начин Э.Дашийг давж, түрүүллээ?
-Намайг Монгол бөхийн өргөөнд арслан цолтойгоор нэрээ анх зарлуулж, давах бүрт бөхийн хорхойтнууд маань их дэмжиж, урам хайрлалаа. Түмэн олныхоо энэ итгэлийг дааж явахыг хичээж байна. 
-Та шинэ цолондоо хэр дасч байна вэ?
-Анхандаа хүмүүс арслан, арслан гэхээр нэг л сонин мэдрэмж төрдөг байлаа. Одоо бол цолондоо дассан.  
-Монгол бахархалын өдрийн барилдаан Улсын баяр наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд болсон зургаа дахь барилдаан нь. Таны дараагийн барилдааныг сонирхож болох уу?
-Удахгүй ӨМӨЗО-нд алтан бүсний аварга шалгаруулах Өвөрмонгол бөхийн барилдаан болно. Тэр барилдаанд хүч үзэх гэж байгаа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.