Х.Эрдэнэцэцэг: Ароматерапи дэлхий дахинд эрчтэй хөгжиж байна

2016.11.02 Лхагва №103 (2134)

Ароматерапич Х.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.  

-Та хэзээнээс аромате­ра­пийг сонирхох болов. Үнэрийн гайхамшгийг мэдэрсэн хүн үнэхээр дурладаг гэх юм билээ?   
-2004 онд энэ талаар анх мэдсэн. Японд гэрийн эзэгтэй нарын чөлөөт сургалтууд их олон байдаг. Тухайлбал өөрийгөө хөгжүүлэх сургалтууд байнга хичээллэдэг. Тэгж өөрийгөө хөгжүүлснээр тэр хоббигоороо дараа нь бизнес хийх боломжтой болдог. Би анх ароматерапи гэж огт мэддэггүй байсан. Нэг сургалтад очсон чинь маш олон эфирийн тоснууд тавьчихсан хичээл зааж байсан. Тэгээд тэндээс нэг тос аваад үнэртсэн чинь ганга сэнгэнэж байсан. Маш гоё санагдаад л. Ганга үнэртэхээр яг л хөдөө нутаг, тал маань санагдсан. Эх орноосоо хол байгаа хүнд нутгийн дурсамж эргэж сэргээд, үнэр гэдэг ямар гоё юм бэ гэж дуу алдаж билээ. Тэгээд тэр сургалтад сууж олон янзын лаванда, сарнай цэцэгний үнэрийг үнэрлээд л өөрийн эрхгүй татагдсан. Үнэр хүний дурсамжийг сэргээдэг онцлогтой.  Ганганы үнэр миний бага насны дурсамжийг сэргээж эх орныг минь санагдуулсан хэрэг л дээ. Тиймээс үнэрт татагдсан. Багшаасаа асууж лавласан чинь ароматерапийн курс байдаг, түүнд сурч болно шүү дээ гэсэн. Тэр курст явсаар байгаад төгсөөд шалгалт өгч диплом аваад л ароматерапист болсон доо. 

-Диплом авна гэхээр мэргэжлийн багш болж байна гэсэн үг үү?
-Мэдээж ароматерапи нь яг л хоолны ч гэдэг юм уу гоо сайхны курсууд шиг богино хугацааных байдаг. Нийт 15 удаагийн курст сураад шалгалт өгч диплом авсан. Тэр диплом нь гэртээ салон байгуулах болон багшлах эрхтэй. Гэхдээ надад ерөөсөө тийм сонирхол байгаагүй. Бичих л дуртай. Харин олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд нэ­лээд татагдан оролцсон. Ахмадын асрамжийн газарт уулзалт хийх, ароматерапийн чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгөх, ароматерапийн талаар танилцуулах гэх мэтээр.

-Японд ароматирапи нэлээд өргөн дэлгэрсэн гэж хэлж болох уу?
-1980-аад оноос Японд анх орж ирсэн. Японы настангууд, хөгшид нь үүнд дуртай биш. Өөрөөр хэлбэл тэд янз бүрийн үнэрт дургүй. Залуусын дунд бол мэдэхгүй хүн байхгүй. Аромаг өдөр тутамдаа хэрэглэж байдаг. Ер нь япончууд өдөр болгон ванндаа эфирийн тосыг давстай ч юм уу эсвэл өөр бодистой холиод усанд орж алжаалаа тайлдаг. Тэгж алжаалаа тайлахдаа арома­терапийг маш өргөн хэрэглэдэг. 

-Ароматерапийг хөг­жүүл­сэн олон зуун жилийн турш­лагатай улс орнууд олон бий. Тэдгээр улс орнуудтай харьцуулахад Монголд энэ чиглэлээр хэр мэдлэгтэй болж байна вэ?
-Дэлхий нийтэд ароматерапи маш их хөгжиж байгаа. Харин Монголд үнэртэй усны эрин үе эхэлж байна. Үнэртэй ус маш том ертөнц л дөө. Үнэртэй усны түүхий эд нь эфирийн тоснууд байдаг. Гэхдээ одоо үнэртэй уснууд хиймэл тал руугаа, өөрөөр хэлбэл химийн үнэртэй болчихсон. Франц, Англид бол арома эрчимтэй хөгжсөн. Ерөөсөө аромагийн өлгий ч гэж болно. Мөн Австрали, Энэтхэгт арома хүчтэй хөгжиж байна. Өмнөд Индонези, Бали зэрэг спа үйлчилгээ хөгжсөн, тансаг амралтын газар  олонтой газруудад арома маш их  хөгжсөн. 

-Монголд  үнэртэй усны эрин л дөнгөж эхэлж байгаа гэхээр ароматерапийг сонир­хох болоогүй гэсэн үг үү?
-Нэг талаар тэгж хэлж болно. Манай улс эфирийн тосны түүхий эд бага, байгалийн нөөц ч бага. Тиймээс эфирийн тосны ургамал, цэцгийг тариалж байж ароматерапи хөгжинө. Арц, ганга гэх мэт ургамал байгаль дээрээ элбэг байдаг ч гэсэн нэг шил эфирийн тос гаргахад хэдэн зуун кг ганга, арц хэрэгтэй болдог. Тэгэхээр маш их ургамал орно. Тэгж байж цэвэр байгалийн үнэр гаргаж авдаг. Асар өндөр өртгөөр гардаг гэсэн үг л дээ. Эфирийн тостой ургамлыг  нэрэх технологи хэрэгтэй. Тоног төхөөрөмж хэрэгтэй. Том хүлэмж хэрэгтэй.  Хамгийн гол нь хөрөнгө, мөнгө ихээхэн шаардагдана.

-Байгаль дээр ургаж байгаа арц, гангаа түүгээд нэрвэл болохгүй юу?
-Манай эрдэмтэд байгалиас нь түүж нэрдэг л дээ. Гэхдээ түүнийг их хэмжээгээр худал­даалах боломжгүй. Тиймээс зөв­хөн доторхи орцыг нь судлахын тулд нэрдэг. Шил­мүүс, шарилжийг ч гэсэн нэрж эфирийн тос гаргадаг. Гэхдээ зөвхөн лабораторийн түвшинд хэрэглэдэг тул нийтэд худалдаалдаггүй. 

-Японд эфирийн тосны ургамлыг тарьдаг уу?
-Японд таримлаар бий. Яг байгаль дээр бол байдаггүй. Японы газар нутгийн 70-80 хувь нь ой мод. Асар их нарс, шилмүүст модтой. Тэр их ойн хаягдал өгөр шилмүүст модоо нэрээд Японы үндэсний аромагийн эфирийн тос гаргаж байгаа. Тэгэхээр Японы арома бол ихэнх нь модны гаралтай. Ийм үнэртэн хүнийг  их тайвшруулдаг, амьсгалын замын өвчинд сайн байдаг. Японд яг лаванда, сарнай зэрэг аромагийн гол түүхий эд болдог цэцэг бол байхгүй. Япон бас л эфирийн тос гаргадаггүй, бүгдийг нь гадаадаас импор­толдог улс.

-Ер нь аль ч улсад аромагийн гол түүхий эд эфирийн тос гаргадаг ургамал хомс юм байна, тийм үү?
-Сүүлийн үед маш ихээр тарималжуулж байгаа. Монголд эфирийн тос гаргах боломжтой. Хамгийн элбэг нь шилмүүст мод. Нарс, шинэс гэх мэт модны шилмүүсийг нэрээд эфирийн тос гаргах боломжтой. Арц, ганга байгаа. Гэхдээ ганга, арцыг түүхэд маш нарийн технологи хэрэгтэй.

-Тэгвэл Монголд арц, ганга тарималжуулах бо­ломж­той юу?
-Миний хувьд тэр талаар судлаагүй. Лаванда гэхэд л маш их тайвшруулах үйлчилгээтэй. Түүнтэй адилхан бодистой, химийн бүрэлдэхүүнт ургамлыг тарималжуулаад Монголдоо нэрэх боломжтой гэж химийн ухааны доктор Ш.Алтанцэцэг ярьж байсныг санаж байна.  

-Та Японд ажиллаж амьдардаг. Монголд ирээд ароматерапийн талаар олон нийтэд хэр мэдээлэл өгөв?
-Эмэгтэйчүүдийн клубуу­дын урилгаар хичээл заалаа. Зарим сургуулиудад мөн уригдаж уулзалт  хийлээ. Охид, бүсгүйчүүд маш их сонирхож байгаа. “Ботаникс” дэлгүүртэй хамтарч бас үнэртэй савх хийлээ. Хүмүүс маш их сонирхож байна. Байгалийн үнэр рүү тэмүүлж байгаа нь мэдрэгдэж байна л даа. Ахуй байгальтайгаа ойр амьдаръя гэж тэмүүлж байгаа хандлага бол зөв. Байгалийн бүтээгдэхүүнээ хэрэглэе гэсэн ээжүүд, эмэгтэйчүүд их байгааг хараад баяртай байна. 

-Монголчуудад үнэрийг эрхэмлэдэг, үнэрээр эмчил­гээ хийдэг, гоо сайхны бүтээг­дэхүүн хэрэглэдэг уламжлал нэлээд бий гэж боддог. Хүрээ гангацуул зандан авдарт гоёлын дээлээ хадгалж байгаад өмсөхөд гоё үнэртэй болдог байсан гэдэг бол ароматерапийг ашигладаг байсан хэрэг биз? 
-Тийм шүү дээ. Хүнээс илүү хайрлана аа гээд хүдрийн заарыг шингээсэн юм аа гэж дуулдаг биз дээ. Хүдрийн заар, зандан мод зэргийн үнэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бие биедээ татагдахад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс эрэгтэйчүүдийн үнэртэй усанд зандан мод маш их орсон байдаг. Бүсгүй хүнийг татах үнэр л дээ. Эсрэг хүйстнээ татдаг үнэрүүд бол үнэхээр гайхамшигтай. Шууд дааварт нөлөөлж байна гэсэн үг.

-Цаашид та Монголдоо ароматерапийг хөгжүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ароматерапийн холбоо байдаг гэсэн. Тэр холбооны үйл ажиллагаа нэг ёсондоо жаахан зогсонги байгаа. Тиймээс цааш­даа ароматерапийн холбоо байгуулах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэр холбоогоор дамжуулж сургалтын төв ажиллуулна. Одоогоор бол ганц оффисоос л ажлаа эхлээд байж байна. Холбоо байгуулаад салоны ажилт­нуудад мэргэжил дээш­лүүлэх сургалт зохиож болно. Одоо бол ганц тосоор л массаж хийдэг. Гэтэл тэр тосонд хүнийг тайвшруулах эфирийн тосыг хэрхэн найруулах вэ гэх мэтийг зааж өгөх, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Монголчууд аромагийн мэдлэг бага байна. Үүнийг өөрчлөхөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээж байна.

-Анагаах ухаанд аромате­рапийг хэрхэн хэрэглэдэг юм бэ?
-Эмчилгээнд маш өргөн хэрэглэдэг. Гэхдээ арома гэдэг ардын уламжлалт ухаан. Тий­мээс хүндэрсэн өвчинд бол үйлчлэхгүй. Өвчнийг анагаана гэж байхгүй. Харин урьдчилан сэргийлэх талаар гайхамшигтай үйлчилгээтэй. Жишээлбэл эмэг­тэйчүүдийн дааварт шууд нөлөөлнө. Дааварт нөлөөлнө гэдэг нь дааврыг тэнцвэржүүлнэ гэсэн үг. Эмнэлэгт очихоор эм өгдөггүй зовиурууд олон бий. Сарын тэмдгийн зовиур, цэвэршилтийн зовиур ч гэдэг юм уу. Ийм үед эмч нар нэг бол хүчтэй эм өгдөг. Тэрийг нь уумааргүй байдаг. Гэтэл яг үүнд таарсан эфирийн тос байдаг. Тэрийг л бүсгүйчүүддээ танилцуулмаар байна. Дээр хэлсэн шиг зовиурын үед яг таарсан гурван эфирийн тос найруулаад үнэртдэг ч юм уу, спрэй хийдэг ч юм уу. Ингэж сэтгэл санаагаа засч болно. Үнэрээр дааварт нөлөөлж биеийнхээ зовиурыг арилгах нь маш чухал. Мөн ханиад томуунаас сэргийлэхэд аромаг хэрэглэнэ. Ерөөсөө бүх эфирийн тосыг вирус устгадаг гэж ойлгож болно. Дархлаа сайжруулах маш өндөр үйлчилгээтэй. 

-Тухайлбал, ханиаданд ямар үнэртнүүд сайн бэ?
-Эквалит радиата сайн. Эквалит их олон төрөл. Радиатагийн төрөл үнэхээр сайн. Тийтжэри, тифарис ч маш сайн. Энэ гурвыг хамгийн түрүүнд хэлмээр байна. 

-Харшил сүүлийн үед ихэсч байгаа. Үүнийг үнэрийн хүчээр эмчилж болох болов уу?
-Гифарис харшилд сайн. Гааны эфир, камамайл буюу алтан товч цэцэг ч гэсэн харшилд маш сайн. Алтан товч цэцгийг нэг найз маань харшлын эсрэг тосонд хольж түрхээд маш сайн үр дүнд хүрсэн, зовиур нь багассан. 

-Тэгвэл эфирийн тосыг хэрэглэхэд сөрөг нөлөө гэж байна уу?
-Байлгүй яах вэ. Эфирийн тоснуудын химийн бүрэлдэхүүн олон янз. Тэр орцыг сайн судлаж байж хэрэглэх хэрэгтэй. Ургамлын харшилтай бол ту­хайн харшилтай ургамлаас гаргаж авсан эфирийн тосыг түрхвэл харшилна л гэсэн үг.

-Аромаг өөр ямар зориулалтаар хэрэглэж болох вэ? 
-Аромагийн хэрэглээ маш өргөн. Бид өдөр тутам л аромаг хэрэглэдэг. Албан өрөө тасалгаа, уулзалтын өрөөнд жимс­ний төрлийн, цифрусын төрлийн аромаг хэрэглэх юм бол сэтгэл сэргээж, агаар цэвэрлэнэ. Розмари бас хүнийг анхаарлыг төвлөрүүлдэг. Энэ мэтээр ароматерапийг сайн судалж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтой. 

-Монголд ароматерапийн талаар ном, гарын авлага хэр элбэг байдаг вэ?
-Ахуй амьдралдаа эфирийн тос хэрэглэе гэвэл арома­терапич Г.Халиун бид хоёрын хэвлүүлсэн “Анхилуун ургам­лын увдис” ном байна. Эфирийн тосыг илүү гүнзгий судалъя гэвэл манай эрдэмтдийн гарга­сан, эмийн ургамлыг тайл­барласан олон ном бий. Тэдгээр номууд судалгаа талаас голлосон тул энгийн хүмүүс ойлгоход хэцүү. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.