Хүн төрөлхтөний үнэртэй танилцсан түүх

2016.11.02 Лхагва №103 (2134)

Үнэрт дурласан неандертал хүмүүс

Анхилуун ургамлын увдисыг хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс таньж мэдэж, амьдрал ахуйдаа өргөн ашиглаж иржээ. Хүн  төрөлхтөний өвөг болох эдүгээгээс 12 мянган жилийн тэртээ аж төрж байсан неандерталууд цэцэг, ургамлыг олон янзын зориулалтаар хэрэглэж байсан ул мөр үлдсэн байна. Тухайлбал тэд нас барагсдаа оршуулахдаа анхилуун үнэрт цэцэг, навчаар чимэглэдэг байжээ. Энэ нь эртний булш, бунханд хадгалагдан үлдсэн ургамал, модны үртэс, шорооноос үлдсэн ул мөрөөр тогтоогдсон ажээ.

Гурван мянган жил хэвээр хадгалагдсан Тутанхамоны сүрчиг 

Эртний египетчүүд нас барагсдаа занданшуулан муми болгохдоо үнэрт ургамлуудыг ашигладаг байжээ. МЭӨ XIV зууны үед амьдарч байсан эртний Египетийн 18 дахь эзэн хаан Тутанхамоны мумиг 1922 онд Английн эрдэмтэд олсон түүхтэй. Тутанхамоны мумигаас франкинсенс, мирр болон өөр бусад үнэртэн ургамал чигжсэн тавиад шил, 400 гаруй литр чулуужсан тос олдсон байна. Энэхүү олдвор хэдийгээр 3000 гаруй жил хадгалагдсан ч франкинсенс, миррийн анхилуун үнэр тэр хэвээрээ үнэртэж байсан гэдэг. 
Эртний египетчүүд нас барагсдын сүнс тансаг үнэр хөлөглөн диваажинд очдог гэж үздэг байсан тул бурханд өргөл барих, нарны бурхан Ра-д зориулан тахил өргөхдөө ариун тансаг үнэртэй ургамлуудыг одоогийн бидний хэрэглэдэг арц, хүж шиг уугиулан хэрэглэдэг байжээ. Түүнчлэн МЭӨ 384-322 оны үед Египет, Ромын хаад, ноёд, ихэс дээдэс тансаг үнэртэн, сүрчиг  хэрэглэж байжээ.

 

Алхимичид ароматерапийг хөгжүүлсэн нь

Ароматерапийн түүхэн дэх томоохон ололт бол эфирийн тос нэрэх аргыг нээсэн явдал. Пакистаны Такшилагийн эртний балгас тууриас МЭӨ 300 жилийн тэртээх үед хамаарах эфирийн тос нэрэх багаж олджээ. Нэрэх аргаар боловсруулж эфирийн тос гаргах нь алхими буюу үндсэн металлуудыг алт болгон хувиргах технологийн явцад гарч ирсэн арга юм. 
Харин нэлээд хожуу XVII зуунаас Европт үнэртэн гаргах үйлдвэрүүд хөгжиж эхэлснээр Европ, Арабын христийн шашинтнууд алхимийг албин чөтгөрийн ид  шидтэй зүйл хэмээн үзэж гадуурхах болжээ. Харин исламчууд ароматерапийг эерэгээр хүлээн авч хөгжүүлсэн байна. Бүр хожуу буюу 1920 онд Францын химич эрдэмтэн Рэнэ Морис Гатфосе ароматерапи буюу анхилуун ургамлын үнэрээр эмчлэх гэдэг нэр томъёог нээжээ. Тэрээр “Ароматерапи” гэдэг ном 
бичсэн байна. 
Мөн Францын цэргийн эмч Жан Валне 1964 онд “Ароматерапи” гэдэг номдоо эфирийн тосны халдвар эсэргүүцэх, вирус, бактери устгах, үрэвсэл намдаах шинж чанаруудын талаар судалгаагаа  
оруулсан байна.   

Дээдсийг сөхрүүлсэн Клеопатрагийн үнэртэн

Эртний Египетийн Птолемейн угсааны сүүлчийн хатан домогт Клеопатра анхилуун ургамлуудыг ихээхэн хэрэглэдэг байсан гэдэг. Тэрээр сарнай, нил, мэлрэг цэцэгсийн хандыг сүүнд хийж угаал үйлдэн, анхилам сайхан үнэрийг нь биедээ шингээн гоёдог байв. Мөн өрөөндөө сарнай цэцэгс зулж, баданга хүдрийн заар биедээ шингээн, сарнай, синнамоны үнэр сэнгэнүүлэн явах дуртай байсан ажээ. Ромын эзэн Цезарь, түүний эрэлхэг жанжин Марк Антоний нарын сэтгэл зүрхийг эзэмдэж байсан Клеопатра хатны гоо үзэсгэлэнгийн нэг нууц нь анхилам үнэртэн байсан гэнэ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.