Бахархал, ухаарал, догдлол тээсэн “Алтан намар”

2016.11.02 Лхагва №103 (2134)

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг хэмээх сэтгэлд хоногшсон дуугаар нээлтээ хийсэн  “Алтан намар” олон улсын хөгжмийн наадам гурван өдрийн турш хөгжөөнтэй, дуу хууртай, өрсөлдөөнтэй, өгөөжтэй боллоо. Тус наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг ба энэ жил 35 дахь жилтэйгээ золголоо. Уг тэмцээнд гоцлол болон цөөхүүл хөгжмийн 40 гаруй бүтээл өр­сөлд­сөн аж. Эдгээр бүтээлийг симфони найрал, үндэсний найрал, гоцлол, цөөхүүл хөгжим гэсэн номинациар шалгаруулсан юм. Тэмцээнд Өвөрмонгол, Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид шилдэг бүтээлээрээ оролцлоо. “Алтан намар-2016” наадмын энэ удаагийн ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар, наадмын комиссын даргаар Д.Ганпүрэв нар ажиллав. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Г.Бирваагийн мэндэлсний 100, төрийн шагналт Э.Чойдог, ардын жүжигчин, төрийн соёрхолт Д.Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ой тохиож буй нь энэ жилийн наадмын онцлог аж. Улсын филармонийн концертын их танхимд хүндэтгэлийн гала тоглолтын үеэр хөгжимд хайртай, түүнийг сонирхдог сонсдог хүмүүс нэгэн дээвэр дор чуулж, хөгжмийн эгшигт уяран байлаа. Амьдралынхаа олон он жилийг хөгжимд зориулсан ахмадууд, гадна дотнын хөгжим сонирхогчид цугласан байв. Хүндэт­гэлийн тоглолтод Улсын филар­монийн симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар, Д.Нямдаш, Б.Лхагвасүрэн нар хөгж­мийн том хэлбэрийн есөн бүтээлийг тоглож сонирхууллаа. Үзэгчид, судлаачид ам амандаа “Тэр хөгжмийн зохиолчийн тэр аялгуу сайхан. Тэр хөгжимчин, дуучин үнэхээр гайхалтай юм” хэмээцгээнэ. Наадамд олны таашаалд нийцэн, хүмүүсийн дуу нэгтэй шагшин байсан оролцогч бол өвөрмонголын морин хуурч Б.Эрдэнэбилэг байлаа. Түүнд баяр хүргэн цөөн хором ярилцахад Тэрээр “Би Улаанбаатар хотод сурдаг. СУИС-ийн морин хуурын ангийн нэгдүгээр дамжааны оюутан. Монголд ирээд удаагүй ч гэсэн энд амьдрах надад сайхан байна. Би зориуд сургуулиасаа хол амьдарч байгаа. Хэрэв ойр амьдарвал найз нөхөддөө илүү их цаг гаргаад морин хуураа сурч чадахгүй байх гэж бодсон. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг морин хуур сурахад зориулж, үүнийг төгс эзэмших нь миний зорилго. Үүнийгээ биелүүлэхийн тулд би Монголд ирсэн. Морин  хуурыг  есөн  настайдаа сурч байсан. Манай нутагт морин хуурын багш гэж байдаггүй. Надад миний ээж морин хуур зааж өгсөн.  Өвөрмонголд иймэрхүү төрлийн наадам огтоос болдоггүй. Энэ бол маш сайхан наадам юм. Морин хуур, ятгын аяст зориулсан шинэ шинэ бүтээлүүд сонсоход таатай байна” гэлээ.  Б.Эрдэнэбилэг морин хуур тоглохдоо ертөнцөөс тасарсан мэт нэг л өөр болох агаад түүний хуурын аялгуу танхимд хурсан олныг уяраах аж.
Хөгжмийн аялгууг биширсэн олны алга ташилт, бүтээлээ ирүүл­сэн оролцогчдын догдлолтой наад­мын сэтгэл догдлуулсан торгон мөч тохиож шилдгүүд тодорлоо. Үүнд 
-Оны шилдэг хөгжмийн том хэлбэрийн бүтээлээр хөгжмийн зохиолч Б.Энхбаярын “Бурхан Халдун” магтуу
-Д.Ариунболдын “Хөмөргөн гурвалжин” үндэсний этно-бүжгэн жүжиг,
-Ш.Өлзийбаярын “Ятгын II концерт”, 
-Оны  шилдэг гоцлол цөөхүүл хөгжмийн бүтээлээр өвөрмонголын хөгжмийн зохиолч Э.Нарсын морин хуур, цөөхүүл найрал хөгжимд зориулсан “Зуун найман хорол” рапсоди
-Оны шилдэг гоцлол хөгжмийн бүтээлээр хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хуучир хөгжимд зориулсан концерт” 
-Оны шилдэг цөөхүүл хөгжмийн бүтээлээр урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн “Итгэлийн эгшиг” ятгын чуулга 
-Оны шилдэг үндэсний найрал хөгжмийн бүтээлээр хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн “Экспромт-удиртгал” 
-Оны шилдэг симфони найрал хөгжмийн бүтээлээр хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр “Элегия” гэсэн бүтээлээрээ тус тус шалгарлаа. 
“Алтан намар 2016” наадмын талаар оролцогчид болон ахмад хөгжмийн зохиолчдын сэтгэгдлийг сонслоо. 

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: 
-Энэхүү наадам нь анх миний санаачилгаар зохиогдож байсан юм. Хумигдаад, нэмэгдээд, хасагдаад жил бүр өөр өөр болж байна. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн жил ирэх бүр цэгцтэй сайхан болдог. Энэ жил бүр сайхан боллоо. Алтан үеийн гурван буурлын ой давхацлаа. Ирж байгаа бүтээлүүдийн чанар сайжирсан зэрэг давуу талууд бай­лаа. Харин Монголын хөгжмийн зохиолчдын хувьд боловсролоо дээш­­лүүлж, судалж, ахмад үеийн хөгжмийн зохиолчдын эрдмээс суралцах шаардлагатай байна гэж дүгэнэлээ. Урлаг нийгэм хоёр салш­гүй холбоотой зүйл. Нийгмийн ерөнхий байдал сулрахаар урлаг бас дагадаг. Тэгэхээр нийгэмд ажиг­лагдаж буй сул тал урлагт бас ажиглагдаж байна гэсэн үг. Энэ нь “Алтан намар” наадмаар харагдлаа. Өвөрмонголын  хөгжмийн зохиол­чид маш мундаг байна. Манай хөгжмийн зохиолчидтой эн зэрэгцэх гэж байна шүү.

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд: 
-Наадам их сайхан боллоо. Цөө­хөн хоног юм шиг боловч цомхон ча­нартай боллоо гэж би дүгнэж бай­на. Мөн дан хөгжмийн бүтээлийг хоёр цаг гаруй сууж сонсоно гэдэг ту­хайн хүнээс их тэвчээр шаардана. Манай үзэгчдийн хөгжмийн мэдлэг дээ­шилсэн нь энэхүү тоглолтыг үзэж буй хандлагаас илэрхий байна. Наад­мын  хувьд  оролцогч  Э.Нарсын хөг­жим, морин  хуурчийнх нь чадвар гээд өвөрмонголчууд маш хүчир­хэг бай­на. Өвөрмонголчуудад битгий долоон нот заагаад бай. Тавыг л заа­хад болно гэж манай багш нар хэлдэг байсан энэ үнэний ортой бололтой. Манай хөгжмийн зохиол­чид нэг юм бодохгүй бол болохгүй нь.

Өвөрмонголын хөгжмийн зо­хиолч Э.Нарс: 
-Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн, олон жилийн түүх­тэй энэ том наадмыг өчүүхэн би яаж дүгнэж чадах билээ. Гэхдээ ямар ч байсан миний сэтгэлд маш их хүрлээ. Онцлог нь өөр өөр болохоос өрсөлдөгчид маш хүчирхэг байлаа.
Ерөнхий зохион байгуулагч Монголын хөгжмийн зохиолчдын хол­бооны дэд дарга Д.Ганпүрэвээс тус наадмын талаар тодрууллаа. 

-Зохион байгуулагчийн хувьд “Алтан намар” наадмыг хэр боллоо гэж дүгнэж байна вэ?
-Өмнөх жилүүдийнхээс илүү сайн, өвөрмөц зохион байгуулъя гэж хичээсэн. Харин санасны дагуу цэгцтэй, шударга сайхан боллоо гэж дүгнэж байна. 
-Бүтээлийн чанар, оролцогч­дын идэвх, оролцоо хэр байв?
-Мэдээж жил ирэх тусам оролцогчид сайжирч байгаа. Энэ жил анх удаа үндэсний этно-бүжгэн жүжгээр нээлээ. Ингэж том хэлбэрийн бүтээлийг үзэх явдал өнгөрсөн 34 жилд тохиогоогүй. Мөн Өвөрмонголоос сайн бүтээлүүд ирлээ. Энэ нь манай улсын хөгж­мийн зохиолчдод том цочрол өглөө. Хичээхгүй бол болохгүй нь гэдгийг ухаарууллаа. Халимагаас ирсэн бүтээлүүдийг наадмаас хассан. Учир нь уран бүтээлчид өөрийн биеэр ирээгүй. Дараа жил бүр өргөжих хандлагатай байна гэж бид дүгэж байгаа. Том хэлбэрийн бүтээлүүд залуу хөгжмийн зо­хиолчдын чансаа ямар өндөр болс­ныг харууллаа. 
-Бүтээл шалгаруулах үйл явцын талаар танилцуулаач?
-Ирүүлсэн бүтээлийг хугацаанд нь бүртгээд, шигшээд явсан. Манай хөгжмийн зохиолчдын холбооны дэргэд хөгжмийн судлаачдын баг байдаг. Түүн рүү эргэлзээтэй гэсэн бүтээлүүдээ шилжүүлээд дүгнүүлсэн. Тэдгээр багийнхан энэ бүтээл цаашид наадамд оролцох боломжтой, боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Зургаан бүтээл шаардлага хангалгүй буцсан.
-Зохион байгуулагчийн хувьд наадмаа цааш нь өргөжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Санхүүтэй холбоотой хүнд­рэл энэ жил гарсан. Жил бүр боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтарч зохиодог байсан. Гэтэл яам, улс мөнгөгүй байна гээд туслалцаа үзүүлээгүй. Бид үүнийг яамны буруу гэж бодохгүй байгаа. Харин хөгжмийн зохиолчдын холбооны сайхан сэтгэлт гишүүдийнхээ ачаар энэ асуудлаа давж гарч чадсандаа баяртай байгаа. Манай төр, засгийн хүмүүс богинохон бодолтой хүмүүс. Тиймээс наадмаараа дамжуулж урлагийн эрх чөлөөг боож байгаа олон зүй бус үйлдлийг таслан зогсоохыг уриалж байгаа юм. Урлаг нийгмийг  эрүүлжүүлж байдаг. Гэтэл тэр урлагийг нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгээр хязгаарладаг тогтолцоо бидний бухимдлыг ихээхэн төрүүлж байна. 
“Алтан намар” наадам ийнхүү олон хүний талархал, баясалтайгаар өрнөж, яг эхэлсэн шигээ ардын жүжигчин Б.Зангад “Алтан намар” дуугаа эгшиглүүлсээр өндөрлөлөө. Олон хөгжмийн зохиолч залуусын чансааг шалгадаг, шинэ бүтээл төрөх нөхцөл бололцоог нээдэг энэ сайхан наадам улам өргөжин тэлж, он удаан жил оршин тогтнох болтугай.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.