Э.Тэргэл: Дэлхийн төвшинд танигдсан үндэстэн болохыг зөгнөж зурсан

2016.11.02 Лхагва №103 (2134)

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, боловсролын газраас хамтран нийслэл хотын 377 жилийн ойд зориулан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарласан билээ. Уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 6-9, 10-13, 14-18 гэсэн насны ангилалаар оролцсон аж. Тус уралдааны 10-13 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчтай уулзлаа.
-Эхлээд өөрийгөө танил­цуулаач?
-Намайг Э.Тэргэл гэдэг. Би “Оюуны ундраа” цогцолбор сур­­­гуулийн 8б ангид сурдаг. Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаан­баатар” гар зургийн урал­даанд оролцоод нэгдүгээр байр эзэлсэндээ баяртай байна. 
-Уралдаанд бүтээлээ ирүү­лэх санаа хэрхэн төрөв?
-Манай зургийн багш надад “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” зургийн уралдаан зарлагдсан байна гэж хэлсэн. Тэр өдөр бү­тээл хурааж аваад дуусах өдөр нь байсан. Тэгээд хугацаа бага үлдсэнийг мэдээд шууд гэртээ хариад зургаа зурж эхэлсэн. Ганцхан өдрийн дотор л зурсан. 
-Чиний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар ямар вэ?
-Би бусдаас арай өөрөөр сэтгэе гэж бодсон. Харь гаригийн маягаар зурсан. Нэг пуужин зураад түүндээ гэр байрлуулсан. Нэг үгээр хэлбэл глактик дээр оршдог Улаанбаатар хотыг мөрөө­дөж зурсан. Дэлхийн төвшинд танигдсан тийм үндэстэн болохыг зөгнөсөн. Яг тухайн үедээ толгойд орж ирсэн зүйлээ л зурсан. Одоо ингээд тайлбарлах гэхээр сонин юм. Миний дотоод илэрхийлэл тийм л байсан. Түүнийг гаргаж хэлэх нь зохиосгүй. Хүмүүс өөрийнхөөрөө ойлговол дээр байх.
-Чиний бодлоор аз жаргал гэж юу вэ?
-Хүний өөрийн сэтгэлийн амар амгалан, бас сэтгэл ханамжтай байдал байх.
-Өмнө нь зургийн уралдаанд хэр их оролцож байв?
-Орж байгаагүй ээ. Уг нь бүр багаасаа зурж эхэлсэн. Бас их дуртай. Гэрийнхээ ханан дээр зураг зурж эхэлсэн байх даа. Гэхдээ тэмцээнд орж чаддаггүй байсан. Үүнээс хойш олон уралдаанд орж байя гэж бодож байна. 
-Зураг зурахын хамгийн сайхан нь юу вэ?
-Өөрийн оюун санаан дахь зүйлсийг үгээр биш зургаар илэр­хийлэх нь илүү амар санагддаг. Бас амгалан байдлыг мэдэрдэг. Уурлаж бухимдсан үедээ ихэвчлэн зураг зурж тайвширдаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.