Н.Баярмаа: Дэлгэцээс тайзан дээр дүр бүтээх нь хэцүү

2016.11.02 Лхагва №103 (2134)

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа. 

-Театр ойдоо зориулж олон ажлуудыг хийж байна. Эдгээрийн нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын бүтээл, их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг юм байна. Үүнд та Нацагдоржийн гэргий Пагмадуламын дүрийг бүтээж байгаа. Энэхүү дүрд хэрхэн сонгогдсон бэ?
-Манай театр Д.Нацагдорж зохиолчоороо овоглодог. Энэ жил түүний мэндэлсний 110, театрын 85 жилийн ой тохиож байна. Тиймээс “Энэ хүний тухай жүжиг хийе. Ямар хүн байсныг үнэнээр нь хүмүүст хүргэе” гэж уран сайхны зөвлөл ярилцаад энэхүү жүжгийг бүтээсэн. Өнгөрсөн хавраас эхэлж жүжгийн талаар хэлэлцсэн. Жүжгийн талаар яригдаад эхэлмэгц Нацагдорж, Пагмадуламд хэн тоглох вэ гэсэн таамаг театр дотор нэлээд явсан. Эдгээр дүрүүд хүмүүст хүлээлттэй байсан. Гэтэл найруулагч энэ тухай ерөөс ам нээгээгүй. Тэгснээ саяхан сургуулилт эхлэхийн өмнө Нацагдорж, Пагмадулам хоёрыг шууд нэрлээд хэлчихсэн. Их удаан бодож явсан юм шиг байна лээ. Миний хувьд дүр зарлахад нэлээд цочирдсон. Бас сандарсан. Гэхдээ найруулагч хэлсэн л бол түүний үг театрт хууль байдаг. Тиймээс тоглохоос өөр аргагүй. Гэхдээ энэ дүрд тоглох болсондоо их баяртай байгаа. Их олон зүйлийг мэдэрсэн. 
-Дүрээ хэр зэрэг судалсан бэ?
-Пагмадулам бол түүхэн бодит хүн. Тиймээс дүрийг дураараа өөрчилж болохгүй. Тэр хүний тухай судалгаа хийж, баримттайгаар дүрийг нь гаргах ёстой болж байгаа юм. Яг Пагмадуламыг дагнан судалдаг ганц, хоёрхон эрдэмтэн байдаг юм билээ. Мөн тэр хүний талаар баримт ч гэсэн ховор. Жүжигчнийхээ талаас гэвэл би Пагмадуламын юуны төлөө тэмцэж, ямар хүсэл зорилготой байсан гэдгийг нь гаргахыг хичээж байгаа. Мөн манай улсын хөгжил цэцэглэлт, ирээдүйн төлөө юу хийсэн хүн юм. Яагаад Д.Нацагдоржийн тухай ярихад Пагмадулам эн тэнцүү яригддаг вэ гэдгийг тодорхойлж, задалж, хүмүүст таниулахыг хичээж ажилласан. Дүрийн хувьд ийм зүйлсийг түлхүү харуулна. Дээр нь мэдээж тэр хүний зан араншин, байр, байдлыг гаргана. Пагмадулам богинохон наслахдаа нэлээд хүнд амьдрал туулсан эмэгтэй. Тиймээс тэр бүхнийг нь бас үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа. Ер нь энэ дүр дээр ажиллахад судалгаа хийх шаардлага маш их гарсан. 
-Таныг хүмүүс Норагийн дүрээр чинь мэддэг. Харин драмын теарт ороод хамгийн анх ямар дүр бүтээж байв?
-Намайг ороод удаагүй байхад Б.Баатар найруулагч Испанийн алдарт зохиолч М.Сервантесын “Дон Кихот” жүжгийг тавихаар болсон. Тэгэхэд цөөхөн эмэгтэй дүрийнх нь нэгийг би авсан. Тэр дүр нь буурчийн газрын эмэгтэй. Их л задгайдуу, аальгүй дүр. Анхны дүр минь надад маш ээлтэй байсан гэж боддог. Үүнд тоглосноор гадуур хүмүүст нэрд гараагүй ч гэсэн театр дотроо танигдаж эхэлсэн. “Аа нэг ийм эмэгтэй ирсэн юм байна” гэж мэдэгдсэн. Энэ бүхний хүчээр Ч.Найдандорж найруулагч надад Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” жүжгийн Норагийн дүрийг өгсөн  байх. Ийм гайхалтай жүжгийн гол дүрийг бүтээснээрээ театрт хүлээн зөвшөөрөгдөж үндсэн жүжигчин болж чадсан. 
-Теарт ороод удаагүй, шинэхэн жүжигчин тийм том дүрд тоглох амаргүй л байсан байх.
-Тийм ээ. Өмнө нь ардын жүжигчин Н.Сувд энэ дүрд тоглоод хүмүүсийн сэтгэлд хоногшсон болохоор түүний төвшинд хүрэхийг хичээж ажилласан. Хүмүүсийн оюун санаанд Норагийн дүрийг хүргэж, өөрөө хоёр дахь Нора гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгэсэн. Тийм ч муу байгаагүй гэж боддог. Жүжгийн тавилт бүр дээрээ дүрээ сайжруулж, алдаагаа засч байсан. Миний хамгийн хайртай дүр гэж хэлж болно. 
-Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээсэн байх аа? 
-Тэгсэн. Тайз, дэлгэцийн дүр бүтээхэд жүжигчний дотоод сэтгэл, мэдрэмж яг л ижил. Харин илэрхийлэл нь өөр өөр. Кинон дээр заавал чанга ярих шаардлагагүй байдаг. Харин тайзан дээр хэчнээн нарийн нандин уянгалаг зүйл тоглож байсан ч заавал тод, чанга ярина. Тайзан дээр шивнэх нь хүртэл хамгийн арын хүмүүст сонсогдохуйц байх ёстой байдаг. Кинонд тоглохоос тайзан дээр дүр бүтээх нь хэцүү санагддаг. Гэхдээ тайзны бүтээл эхнийх дээрээ муу тоглосон бол  дараа дараагийн тоглолт дээрээ түүнийгээ сайжруулаад явах боломжтойгоороо давуу.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.