Б.Чойжилсүрэн: Татварын хөнгөлөлтийг есөн салбарт үзүүлэхээр болгосон

2016.11.02 Лхагва №103 (2134)

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэхдээ нэг хувийн татварт тодорхой дөрвөн салбарыг сонгон хамруулах асуудал нэлээд маргаан дагуулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай үед УИХ-ын гишүүн бүр өөр өөрийн бизнес эрхэлдэг салбараа татварын хөнгөлөлтөд хамруулахаар зүтгүүлж, бизнесээ хамгаалж байна гэж харах хүн цөөнгүй байна. Ямар үндэслэлээр тухайн дөрвөн салбарыг сонгосон юм бэ?
-Эхний ээлжинд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийн чиглэлтэй тодорхой салбарууд дээр аж ахуйн нэгжийн албан татварыг 90 хувь хөнгөлөх буюу одоо байгаа 10 хувийг нэг болгоё гэж суусан юм. Гэхдээ энгийн ярианы хэллэгээр 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай гэж ярьж байгаа аж ахуйн нэгжүүд хамрагдах учиртай. Дөрвөн салбарыг сонгож авсан нь нэгдүгээрт, үйлдвэрлэлийн салбар байх ёстой. Хоёрдугаарт, ажлын байрыг олноор бий болгодог салбаруудыг хамруулъя гэж Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдийн саналаар 5-6 салбар нэмэгдэж, дэмжигдсэн байгаа. Эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хийх байх. 
-5-6 салбар нэмэгдсэн гэхээр 10 орчим салбар болсон гэсэн үг үү. Орлого тал дээр ямар өөрчлөлт гарах бол?
-Бидний анх өргөн барьснаар бол тухайн дөрвөн салбарт нэг хувийн татварын асуудлыг хэрэгжүүлснээр жилд 1.3 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр байсан. Төсвийн орлого тэр хэмжээгээр буурна гэсэн үг шүү дээ. Таван салбар нэмэгдээд есөн салбар болчих юм бол нийтдээ гурван тэрбум гараад явчих юм байна лээ. Гэхдээ тус салбаруудыг шалгуургүйгээр явуулчихаар үлдсэн салбарууд нь маргаан гаргах магадлал өндөр байгаа юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлье гэж байгаа. Тухайн нөхцөл байдал хүнд байгаа салбарт ажлын байрыг хадгалж үлдэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт шүү дээ.   
-Энэ асуудлыг эргүүлэн татах асуудал мөн яригдсан гэсэн. Засгийн газрын хуралдаанаар орох уу?
-Маргааш /өнөөдөр/ болох Засгийн газрын хуралдаанаар татах уу, эс татах уу гэдгийг шийднэ. 
-Хэрвээ батлагдвал хэзээнээс хэрэгжих вэ?
-УИХ-аар батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх үзэл баримтлалтай байгаа. 
-ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа. Уулзалт ямар төвшинд байгаа вэ. 2017 оноос өмнө мөнгө орж ирэх үү?
-Эцэслэсэн шийдвэр гараагүй байгаа. 2016 онд багтаад хоёр тал тохиролцож чадвал ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж асуудлыг шийдвэрлэх учиртай. 2016 онд багтах магадлал тун бага байна. Тэгэхээр 2017 оны нэгдүгээр сард тохирох болов уу гэсэн таамаг байна.
-Хятад улсаас зээл авах асуудал ямар төвшинд яригдаж байгаа вэ?
-Урд хөршид тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээч, манай улсын зарласан том төслүүдэд танай улсын компани оролцооч гэсэн хүсэлтийг тавихаас аргагүй байдалд орсон. Зөвхөн урд хөршид бус ОХУ, Япон, Солонгос зэрэг улсуудад хүсэлт тавихаас аргагүй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.