"Цэвэр агаар" санг дахин байгуулснаар агаарын бохирдол буурах уу

2016.11.02 Лхагва №103 (2134)

Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Бид энэ эрхээ хөсөрдүүлэн амьдарч байна. Хэрвээ жирэмсэн эхчүүд хүүхдийн урагт агаарын бохирдол нөлөөлж байгаа хэмээн шүүхэд хандвал заргаа авахаар байна. 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, МУИС, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лoc Анжелесын судлаачдын баг хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр дундаа эх хүүхдэд хэрхэн нөлөөлөх дунд хугацааны судалгаа хийж байгаа бөгөөд төрөлхийн гаж төрөлтүүд, хүн амын дундахь амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгааг агаарын бохирдолтой холбоотой гэж судлаачид ярьж байна. 
 Судалгаанд оролцсон АШУҮИС-ийн Эм зүй, био анагаахын сургуулийн профессор Г.Отгон “Улаанбаатарын агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Энэхүү судалгаагаар нийслэлийн хүүхдүүдийн бие бялдар орон нутгийн хүүхдүүдээс муу гарсан. Мөн хүний цусанд судалгаа хийхэд агаарын бохирдол цусан дахь улаан эсийн тоог цөөрүүлэх эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед цус багадалттай хүүхэд  төрөх болсон нь агаарын бохирдолтой холбоотой байна гэсэн бол Лос Анжелесын хүүхдийн эмнэлгийн профессор David War-burton хэлэхдээ, Бид АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс таван жилийн хугацаатай төсөл хүлээж авсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол нь ураг, жирэмсэн эх, хүүхэд, насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Судалгааны эхний дүнгээр Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эх тэр дундаа агаарын бохирдол ихтэй хэсэгт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн зулбах эрсдэл дөрөв дахин их байна гэдгийг тогтоосон. Харин насанд хүрсэн хүмүүс зүрхний шигдээст өртөх эрсдэл өндөр байна” гэсэн байна. Судалгааны дүн хараахан гараагүй байгаа ч энэхүү аюулын талаар УИХ-ын дарга асан З.Энхболд хүлээн зөвшөөрсөн байгаа юм.  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө" олон улсын зөвлөгөөнд тухайн үеийн спикер мэндчилгээ илгээхдээ, "Агаарын бохирдлыг бууруулах олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч төдийлөн буурахгүй байна. Монгол Улс агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд, ялангуяа эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлэн, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтдийн хийсэн судалгааны дүн харуулж байна” гэжээ.
Ийнхүү аюулын харанга дэлдчихээд байгаа агаарын бохирдлоо бууруулахаар Үндэсний хороог байгуулснаас хойш 2014 оны байдлаар даруй 250 тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч ахиц харагдахгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайланг харвал, сайжруулсан зуух 168118 ширхэг тараасан,  бүрэн шаталтат шахмал түлшний үйлдвэр барихад 17 тэрбум төгрөг зарцуулсан, ухаалаг хяналтын системтэй болсон зэрэг ажлууд байна. Гэвч Ерөнхий сайдын 2014 оны 151 дүгээр захирамжаар уг хороог татан буулгаж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны чиг үүрэгт шилжүүлсэн байдаг. Агаарын бохирдол гэж хэн хүнгүй ярьдаг хэрнээ татан буулгачихсан нь өнөөх "Цэвэр агаар" сангийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан үйлдэл, ТЭЦ 2 цахилгаан станцыг түшиглэн барьсан шахмал түлшний үйлдвэрийн асуудлыг хариуцаж байсан хүмүүсийг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээллүүдээс үүдэлтэй. Үндэсний хороог 2015 онд тухайн үеийн Ерөнхий сайд татан буулгасан бол Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүтэцдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэмээн ногоон хөгжлийн асуудлыг нь “гээж” орхисон. Ийнхүү Үндэсний хороо нь дагавар хүүхэд шиг л статустай болчихсоныг 100 хоногоо угтсан Ерөнхий сайд анзаарсан гэж найдья. Учир нь тэрээр, Агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол утааг бууруулахын тулд оновчтой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй юм. Хамгийн оновчтой арга нь орон сууцжуулах. Зуух, түлшийг сайжруулсан ч утаа гарч л байдаг хэмээн сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн.  

Ерөнхийлөгч дэргэдээ авсан ч Агаарын чанар сайжирсан уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын агаарын бохирдолтой биечлэн танилцаад  Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн зарлаж 2012 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дэргэдээ авч байжээ. Дэргэдээ гэдэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд гэсэн үг л дээ. Ерөнхийлөгч  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл санаачлан 2011 оны хоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулж хуультай болгосон байна. Гэвч хууль батлуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулан ажиллаж Засгийн газрын нээлттэй хуралдаанд оролцож агаарын бохирдлын талаар үүрэг чиглэл өгч байсан тэр үеийнхээс агаарын бохирдол багассан үзүүлэлт харагдахгүй байна. Угтаа энэ асуудалд шийдэл гаргахаар барьж авсан Ерөнхийлөгч Засгийн газрын нээлттэй хуралдаанд чиглэл өгч, УИХ дахь намын бүлгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагуудтай зөвлөлдөж тодорхой саналуудыг ч гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй бололтой. “Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна. Олон жил энэ асуудлыг ярьж байгаа ч утааг багасгах талаар нийтэд мэдрэгдсэн үр дүн гарахгүй байна. Гамшгийн үед ярилцаж, төлөвлөж цаг алддаггүй харин авах арга хэмжээгээ шууд тодорхойлж үйл ажиллагаандаа ордог. Тийм учраас Их хурал, Засгийн газар, яам агентлагууд, иргэд бүх нийтээрээ анхааран оролцож шийдэл гаргая” гэж санаачилга ч өрнүүлж байж. Гэтэл энэ бүхэн үр дүнд хүрсэнгүй юу, юутай ч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Харин уг асуудлыг хариуцсан Үндэсний хороог Засгийн газарт шилжүүлснийхээ дараа ч санаа тавьсаар ирснийг түүний жиргээ гэрчилнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр твиттэрт жиргэхдээ, “Хариуцсан хүн бүрээс нь ахиц, үр дүн нэхэх гурван тулгамдсан асуудал байна. Үүний нэгдүгээрт Утаа байгаа тул хамтдаа шаардая” гэж бичиж байжээ. Ерөнхийлөгчийг энэхүү жиргээгээ давтаж хариуцсан хүн бүрээс нь  үр дүн нэхэхийг хамтдаа бас шаардаж болох юм. 

“Утааны чанар сайжирсан”
Агаарын бохирдол буураагүй ч утааны чанар сайжирсан гэж хэлээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүмжлэлд өртөж байв. Утааны чанар сайжирсан гэдгийг Н.Алтанхуяг хэлэхдээ, утаан дахь хорт бодисууд багассан гэсэн утгаар өгүүлсэн байх. 
Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2013 оны арванхоёрдугаар сарын 12-ноос хойш Засгийн газар хариуцаж ажиллахаар болсон. Засгийн газрын тухайн үеийн тэргүүн Н.Алтанхуяг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтай танилцаад "муу" гэж дүгнэжээ. Тодруулбал, "Хийхээр зорьж буй ажлууд нь маш түүхий байна. Юу хийхээ мэдэхгүй, хэнтэй яаж ажиллахаа ч мэдэхгүй байна. Агаарын бохирдол буурсангүй. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ирэх онд 20 гаруй тэрбум төгрөг л төсөвлөсөн байх жишээтэй" хэмээн шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл тэрээр Ерөнхийлөгчийн хариуцан ажиллаж байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилд сул дүн тавьж байв. Ингэж дүн тавьсныхаа дараа "Ирэх гурван жилд агаарын бохирдол буурахгүй бол надтай ярь" гэж ам алдсан Ерөнхий сайдыг хэрхэн ажилласан талаар асуухад ийнхүү Агаарын чанар сайжирсан гэсэн үзүүлэлт гаргаж ирсэн билээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед гэр хорооллын иргэдэд нүүрсийг хямдралтай үнээр борлуулж байсан нь гишүүдийн шүүмжлэлтэй тулгарч байв. Тухайлбал, “Багануурын уурхайн нүүрсийг иргэдэд борлуулж байгаа нь нэг гараараа агаарын бохирдол бууруулах гэж оролдоод нөгөө гараараа нүүрс тараагаад байна” хэмээн Я.Содбаатар гишүүн шүүмжилж байлаа. 

Утаа Улаанбаатарын асуудал биш болсон
Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал биш болоод удаж байна. Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймагт холбогдох стандартаас давсан утаатай болсон нь судалгаагаар гарчээ. Улаанбаатарынхаа утааг шийдэж чадаагүй байгаа тул аймгууддаа одоогоор хөрөнгө зарцуулж ажил хийж амжаагүй байгаа гэнэ. Аймгийн төвүүд гэлтгүй Налайх, Багануур, Багахангайд ч ийм асуудал үүсэж, тэндхийн иргэд “Бид сайжруулсан зуух авъя” гэсэн хүсэлтээ гаргаад байгаа аж. Аймгуудад ийм асуудал үүснэ гэдэг чинь тэнд амьдрах иргэдийн төвлөрөл нэмэгдсэнийг илтгэж байгаа. Тиймээс аймгуудад таарсан бодлогыг цаашид хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Бага дээр нь арга хэмжээ авахгүй бол нийслэл хот шигээ агаарын бохирдлоор дэлхийд нэгдүгээрт Чингис хот жагсахад хүрэхэд ойрхон байна. УИХ-аас 2012 онд “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг шинэчлэн батласнаар хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Энэ харилцаанд хамгийн их хамрагдаж төлбөр төлдөг нь автомашин. 
Автомашинаас гарч буй утаа дэлхий дахины асуудал болчихоод байна. Манайх шиг нүүрс түлдэггүй ч автомашины утаа агаарыг нь бохирдуулдаг улс, хот олон. Агаарын бохирдлын хэмжээгээр Улаанбаатарын өмнө гишгэж байсан хот бол Бээжин. Тус хотын утааны 70 орчим хувь нь машинаас ялгардаг. Автомашинаас гарч буй утааг багасгах асуудал шатахуунтай л холбогддог. Гэтэл манайхны хэрэглэж заншсан А-76, А-80 бензинээс ялгарч буй утаа дэндүү хортой. Ийм түлш хэрэглээд байвал утаа байсаар л байна гэсэн үг. Автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэж буй өнөө үед сайн, чанартай шатахуун хэрэглэх шаардлагатай ч иргэдийн халаастай холбоотой учраас чадахгүй байна. 
Автомашины тоо сүүлийн зургаан жилд тав дахин нэмэгдсэн. Монгол Улсад өдгөө 800.000 машин бүртгэлтэй буюу 1000 хүнд 200 орчим машин ногддог. Дэлхийн жишгээр бол энэ нь өндөр үзүүлэлт биш болохоор ирэх жилүүдэд машины тоо улам өсч манай улс хоёр сая орчим машинтай болно. Тиймээс хуучин машинуудад өөр бодлого барихгүй бол бусдын унахаа байсан машиныг импортлон ашигласаар байх юм бол байдал улам дордох нь.

Амь амиа бодоорой
Агаарын чанарын албанаас Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийн талаар веб сайтаар мэдээлэл өгдөг болсон явдал. Үүнийг холбогдох байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайландаа оруулдаг юм билээ. Гэтэл бид уг үзүүлэлтийг хараад санаа зовнихоос илүү зүйл хийж чаддаггүй. Ухаалаг хяналтын системийн үр дүн юу вэ гэсэн асуултад хариуцсан мэргэжилтэн нь “Ядаж л мэдээлэл авна. Утаа хортой. Маск зүү гэсэн үг” хэмээн хариулж байсан аж. Тэгэхээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлсэн энэ ухаалаг ажлыг бид “Амь амиа бодоорой” гэж ойлгох нь зүйтэй бололтой.  Үүнээс илүүг хийж чадахгүй нь ээ. Агаарт байгаа хүхэр, азотын ислэгийн хэмжээгээ хараад амны хаалт зүүх эсэхээ шийдээрэй гэсэн мэдээлэл өгч буй болж таарлаа. Миний цагдаа намайг хамгаална гэдэг шиг миний төр засаг намайг утаанаас хамгаалах ёстой гээд үүрэг хариуцлага нэхээд байвал өөрсдөө л өвчний үүр болж дуусах нь. 

Одоо яах вэ?
Ирэх онд агаарын бохирдол буурах эсэх нь улам л эргэлзээтэй болж байна. Эдийн засаг хямарч, төсөв санхүү хүнд байгаа гэдгээр ирэх оны төсөвт ердөө 5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад зориулж суулгажээ. Өмнө нь жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулж байсантай нь харьцуулбал энэ бол бага мөнгө. Гэхдээ БОАЖ-ын сайдын зорилтод туссанаар бол агаарын бохирдол 2017 онд 10 хувь буурах ёстой аж. Гэхдээ энэ бол бүр тавьдаг мөрөөдлийн тоо л болох биз. Учир нь улс төрчид агаарын бохирдлыг бууруулах гэхээс илүүтэй энэ чиглэлд зарцуулж буй мөнгөний хувиарлалтад оролцох сонирхол ихтэй байдаг. Ингэж хардах бодитой үндэслэл нь агаарын бохирдлыг багасгахад зарцуулах ёстой мөнгийг завших газар болгож байсан "Цэвэр агаар" санг дахин байгуулах санал УИХ-ын төвшинд гарч Байгаль орчны байнгын хороогоор дэмжигдээд байгаа аж. Үнэхээр л шинэ бүтэц байгуулаад  агаар цэвэршчихдэг бол цэвэршихээр хугацаа өнгөрч, мөнгө ч үрэгджээ. Харамсалтай нь үр дүн л алга. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: 
-Хариуцсан хүн бүрээс нь бодит шийдэл, ахиц, үр дүн нэхэх гурван тулгамдсан асуудал байна. 
1. Утаа 
1. Хүүхдийн эмнэлэг 
1.Замын осол. Хамтдаа шаардая. 
2014.12.04

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Агаарын  бохирдол  хамгийн  тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол утааг бууруулахын тулд оновчтой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй юм. Хамгийн оновчтой арга нь орон сууцжуулах. Зуух, түлшийг сайжруулсан ч утаа гарч л байдаг.
2016.10.27

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:
-Багануурын нүүрснээс өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно.. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. 
-Фэйсбүүктээ өчигдөр “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдлаа” гэсэн чинь жиргээчид “Юун хожуу сэрдэг нөхөр вэ.  Юугаа хийж байсан юм бэ” гэж байна лээ.  Ерөнхий сайдын хувьд гурван жилийн дараа утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна. 
2014.09.16

Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга асан Л.Эрдэнэчимэг: 
-Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо сайн ажилласан. Жилд 30 тэрбум төгрөг зарцуулсан. 
2016.04.07

УИХ-ын гишүүн асан Су.Батболд: 
-Хэзээ утаагүй болж Агаарын бохирд­лыг бууруулах үндэсний хороо татан бууг­дах юм. 16 яам ажиллаж байхад энэ хороо байх шаардлага байна уу. Төрийн албан хаагчийн шал­галт өгөөгүй, татаасаар орсон хийх ажил­гүй залуучууд яамдаар дүүрэн байгаа шүү дээ.
2013.11.28

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:
-Утаа сүүлийн хоёр жил гарчихсан юм биш. Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрх барих үед ч байсан.
2013.11

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 
-Багануурын нүүрс ураны хольцтой, үнс ихтэй, хорт бодис хамгийн их ялгаруулдаг. Мөн чанартаа нэг гараараа мөнгө өгөөд, нөгөө гараараа утаагаа нэмэгдүүлээд байх юм.
2013.11.28

УИХ-ын дарга асан З.Энхболд: 
-Олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч агаарын бохирдол төдийлөн буурахгүй, Монгол Улс агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.
2016.01.25


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.