Нүүрсний хаанчлал үргэлжилнэ

2016.10.28 Баасан №102 (2133)

- Коксжих нүүрс 245, эрчим хүчнийх 97.55 долларт хүрлээ - 

Эрчим хүчний дэлхийн зах зээ­лийн үнэ өгссөөр өнгөрсөн даваа гаригт 97.55 ам.доллар болжээ. Зөвхөн энэ сар гарсаар 27 хувиар өссөн байна. 2011 онд 140 ам.доллар хүрч байснаас хойш эрчим хүчний нүүрсний үнэ ингэж “галзуурсан” түүх үгүй юм. Энэ төрлийн нүүрс хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард гурван оронтой тоонд буюу 100 ам.долларын ханштай байсан бөгөөд дээрх түүхээ давтахад маш ойрхон иржээ.     

Харин коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 245.5 ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг жилийн дотор гурав дахин өсчээ. Шинжээчид эрчим хүчний нүүрсний үнийн өсөлтийг дэлхийн хойд хагаст байрладаг орнуудад хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа бол коксжих нүүрсний үнэд гангийн үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна. 

Нүүрсний компаниуд сэргэж эхэлжээ
Нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүү­гийн байдал сайжирч эхэлжээ. Энэ салбарынхан гурван жил үргэл­жилсэн унтаа байдлаасаа сэрж, энд тэнд хаагаад мартчихсан байсан уурхай, ашигт малтмалын тусгай зөв­шөөр­лүүдээ чулуу болгохоор хөл хөөрцөг болж байна. Нүүрс олборлолт, худалдаагаар дэлхийд томд тооцогдох “Гленкор” Австралийн Квинслендэд байдаг “Коллинзвилл” уурхайгаа нээсэн байна. Ингэснээр орон нутагт 200 ажлын байрыг шинээр бий болгожээ. Австралид яг энэ жишгээр энэ сард долоон ч уурхай шинээр нээгдсэн байна. Тэдний дийлэнх нь Квинсленд, Шинэ өмнөд Уэльс мужид байгаа юм. 
“Гленкор” ийнхүү ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилж эхэлсэн бол “Peabody Energy”, “Anglo American”, “Rio Tinto” зэрэг аваргууд үнэ өссөнийг далимдуулаад уурхайнуудаа боломжийн үнээр арилжихыг илүүд үзэж байна. “BHP” жишээ нь, коксжих нүүрсний олборлолт ойрын хэдэн жилийн дотор эрэлтээсээ илүү өснө гэсэн таамаг хийжээ.     
Нүүрсний олборлолт 2014 онд хамгийн дээд үзүүлэлтдээ хүрээд түүнээс хойш тогтмол уруудаж байсан билээ. 

Нүүрсний хэрэглээ цаашид тогтмол өснө
Энэ салбарынхны анхаарлыг хам­гийн ихээр татаж байгаа асуудал бол үнэ хэдий хугацаанд тогтвортой байх вэ гэдэг асуудал. Тэгвэл Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний хэрэглээ ойрын арван жилдээ буу­рахгүй гэсэн мэдэгдэл хийжээ. Үнийн хувьд одоо байгаагаасаа буурах нь тодорхой ч 50-60 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж үзсэн байна.
Хүлэмжийн хийтэй дэлхий ний­тээрээ тэмцэж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд бүгд анхаарал хандуулаад байхад яагаад нүүрсний хэрэглээ тогтмол өсөлттэй гарав гэдэг асуултад шинжээчид дараах байдлаар хариулж байна. 
Хүн төрөлхтөн эрчим хүч гаргаж авах аргыг олсон ч хадгалах аргыг нээж чадаагүй байгаа нь эрэлтийг тогтмол байлгах хамгийн гол хүчин зүйл юм. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын шатаасан нүүрс шөнө, эрэлт буурсан үед ч эрчим хүч үйлдвэрлэсээр байдаг. Гэвч энэ их цахилгааныг хий дэмий алддаг байна. Хэрэглээг тогтмол байлгах төдийгүй өсгөх нэг хүчин зүйл байгаа нь дэлхий дээр 1.2 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой амьдарч байгаа явдал. Тэдний ихэнх нь Энэтхэгт бай­на. Нүүрсний хэрэгцээнд итгэх хам­гийн гол хүчин зүйл бол эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр юм. Хүлэмжийн хийн талаар хамгийн их анхаарал хандуулдаг АНУ гэхэд дэлхийн нийт хэрэглээний 12 хувийг дангаараа хааж буй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нүүрс хэзээд эрчим хүчний зах зээлд хаанчилна, харин сэргээгдэх эрчим хүчний тухай яриа бол өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй ор­нуудын эдийн засгийн өсөлтийн хурдацыг сааруулахын тулд зохиосон арга гэдгийг харуулж байгаа юм. Үүнд итгэхэд хэцүү ч ийм үзэл бодолтой эрдэмтэд маш олон байдгийг хэлэх хэрэгтэй юм. 
БНХАУ 30 жилийн дотор 600 сая иргэнээ ядуурлаас гаргасан. Тэгвэл энэ үзүүлэлтэд хүрэхэд нүүрс голлон нөлөөлсөн гэдэгтэй олон эрдэмтэн санал нийлдэг. Тус улс 1981-1983 оны хооронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг олноор нь барьж байгуулсан бөгөөд хямд өртгөөр үйлдвэрлэсэн нүүрс эргээд эдийн засагт нь эергээр нөлөөлжээ.      
Нүүрсний импортоор дэлхийд тэр­гүүлэгч, цахилгаан станцуудынх нь 70 хувь нь нүүрсээр ажилладаг БНХАУ ирэх 2025 он гэхэд нийтдээ 600 гигаваттын хүчин чадалтай цахилгаан станцуудыг нэмж барихаар төлөвлөжээ. Тэдний нүүрсний хэрэг­лээ шинээр барих цахилгаан станцуу­дыг тооцохгүйгээр жилдээ 5-7 хувиар нэмэгдэж байгаа юм. Нүүрсний нөө­цөөр дэлхийд гуравдугаарт ордог ч хэрэглээний өсөлтийн хурдацыг нь гүйцэхгүй байгаа учир тус улс хуу­чир­сан, өртөг өндөртэй олборлолт хийдэг 600 уурхайгаа хаах шийдвэр гаргаж байсан. Хэдий 600 уурхай хаагдсан ч оронд нь төдий тооны уурхай ашиг­лалтад орсон юм.  

Дэлхийн улсууд ямар үнээр зарж байна вэ
Нүүрсний экспортоор дэлхийд Австрали, Индонези улс тэргүүлдэг. Эдгээр улс жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүү­лэлтээр тасархай тэргүүлж, ОХУ, АНУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айл­сахаар зэхэж байна. Эдгээр ор­нууд газар нутгийн байрлалаасаа болоод хоорондоо ялгаатай үнээр экспор­толдог. Хамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали аж. Индонези Австралиас олон тонныг экспортлосон мөртлөө олсон мөнгө нь бага байх жишээтэй. Иймэрхүү парадокст хамгийн ихээр өртөж байгаа улс нь маргаангүй манайх. Биднээс бараг гурав дахин бага нүүрс олборлосон Голланд биднээс зургаа дахин их ашиг олсон байх жишээтэй. 
Монголын хил дээр коксжих нүүрсний импортын дундаж ханш 34 ам.доллар байгаа нь он гарсаар бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна. Статистик мэдээллийг харвал оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс нийт 509.7 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Энэ нь үнийн дүнгээр жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ биет хэмжээ нь 16.2 сая тонн болж, 55 орчим хувиар нэмэгдсэнтэй харьцуулбал хангалтгүй дүн ажээ.

2015 онд хамгийн их орлого олсон улсууд 

1.Австрали: US$28.4 тэрбум (Дэлхийн орлогын 36%) 
2. Индонези: $16.4 тэрбум (20.8%)
3. ОХУ: $9.3 тэрбум (11.7%)
4. АНУ: $5.7 тэрбум (7.2%)
5. ӨАБНУ: $4.3 тэрбум (5.4%)
6. Колумби: $4.3 тэрбум (5.4%)
7. Голланд: $3 тэрбум (3.8%)
8. Канад: $2.7 тэрбум (3.4%)
9. БНАСАУ: $1.1 тэрбум (1.4%)
10. Польш: $737.2 сая (0.9%)
11. Монгол: $542.6 сая (0.7%)
12. БНХАУ: $498.2 сая (0.6%)
13. Чех: $327.9 сая  (0.4%)
14. Вьетнам: $265.1 сая (0.3%)
15. Belgium: $232.9 сая (0.3%)


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.