Д.Дуламсүрэн: Гаалийн байгууллага дахь авлигын эрсдэлийг тодорхойлохоор ажиллаж байна

2016.10.26 Лхагва №101 (2132)

Авлигатай тэмцэх газраас гаалийн салбарт ээлжит хяналт шалгалтыг оруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарав. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй дараахь асуудлаар тодруулж ярилцав. 

-Яагаад гаалийг сонгож авсан юм бэ. Иргэдийн гом­дол, мэдээллийн мөрөөр үү? Эсвэл АТГ-ын төлөвлөгөөт ажил юм уу? 
-АТГ-аас хийгддэг “Тө­рийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажилла­гааны 2015 оны үнэлгээ”, Азийн сан­гийн санхүүжилтээр хийгдсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөх­цөлийн судалгаа”-ны дүн­тэй холбоотойгоор АТГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөв­­лөгөөнд төрийн зарим байгууллагад ажиллаж, ав­лигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь гаалийн байгууллага болно. Он гарснаас хойш бид Дорнод, Сэлэнгэ аймаг болон Зам-Үүд дэх гаалийн газруудад ажилласан. Энэ удаад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж байна.
-АТГ гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрс­дэлийг тодор­хойлох юм байна. Гааль өөрөө ав­лигын ихээхэн эрсдэлтэй салбар. Энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? 
-АТГ-аас 2015 онд зохион байгуулсан Шударга байдлын судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 36.8 хувь нь гаалийн байгууллагад авлига тархсан гэж үзсэн байдаг. Судалгааны дүнд үндэс­лэн гаалийн байгууллага дахь авлигын эрсдэлийг тодор­­­хойлох, эдгээр эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох шаардлагатай. Энэ дагуу гаалийн байгууллагатай хамтран дээрх судалгааг зохион байгуулан ажиллаж байна. 
Судалгааны хүрээнд гаа­лийн байгууллагад ажил­лаж байгаа албан хаагчид, мөн түүнчлэн гаалийн бай­гуул­лагаас үйлчилгээ авч буй иргэд, аж ахуйн нэгж, байгуул­лагын төлөөллийг асуулгын судалгаанд хамруулж байна.
-Гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулах нөх­цөл байдлыг судалж үзэх юм байна. Сэлгэн ажиллуу­лахтай холбоотой гомдол, санал нэлээд гардаг болол­той. Тухайлбал, Замын-Үүдийн гааль руу гаалийн байцаагчдыг шагналын жур­маар  томилдог гэсэн яриа хүртэл бий. Энэ тал дээр АТГ ямар ажил зохион байгуулах вэ. Хэрвээ ийм үзэгдэл байгаа бол үүнийг яаж таслан зогсоох боломжтой вэ?
-Гаалийн байцаагчийг то­милох, сэлгэн ажиллуулахтай холбоотой тушаал, шийдвэр олон гарсан. Үүнтэй хол­боотой гомдол, санал ч багагүй байдаг бололтой. Гаалийн бай­гууллагаас гар­гаж өгсөн судал­гаагаар давхардсан тоогоор 2015 онд 482, 2016 онд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулжээ. Боловсон хүч­нийг сонгон шалгаруулах, сэлгэн ажиллуулахад барим­талдаг шалгуур үзүүлэлт юу байна, энэ нь өөрөө гаалийн байцаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болж чаддаг эсэх, эсвэл хэн нэг албан ту­шаалтны хувийн үзэмжээр шийдэгдэж байна уу гэдгийг тусгайлсан судалгааны үндсэн дээр илрүүлэн тогтоож зохих арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх асуудлаар Зөвлөмж хүргүүлнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.