Э.Амарбат: Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, байцааж байгаа

2016.10.26 Лхагва №101 (2132)

Улсын Ерөнхий прокурорын газраас тус байгууллагын энэ оны эхний есөн сарын байдлаар хийсэн ажлын талаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулга авлаа. 

-Сүүлийн үед шуу­гиан тарьж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хол­боотой асуудлыг шал­гуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоо­гоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажил явагдаж байна. 
-Тэгвэл С.Зоригийн хэрэгт эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Түүнчлэн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү? 
-С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж бай­гаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга. Хэргийн мөрдөн бай­цаалтын ажиллагаа дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. 
-Хөгжлийн банкны за­хирал асан Н.Мөнхбатыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэрэгт хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байна вэ? 
-Хөгжлийн банктай хол­боотой хэрэгт 4-5 хүнийг шалгаж байгаа. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон. 
-Монголын төмөр замтай хол­боотой хэрэгт Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тог­тоо­сон гэх мэдээлэл гарсан. Үнэн үү?
-Энэ хэрэг мөн мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбог­дуулан шалгаж байгаа. Мөн БНСУ-ын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.