А.Цэгмид: Уран бүтээлч хүн ямар ч дүрийг голох эрхгүй

2016.10.26 Лхагва №101 (2132)

Киноны “гоёлын шигтгээ”-г урлагч

Төрийн шагналт Ч.Ойдовын зо­хиол “Далан худалч” жүж­гийн ядуу хүү, төрийн шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэр түүний тайзнаа бүтээсэн анхны дүрүүд нь. Мэргэжлийн сур­гууль төгсөөгүй арван найман настай залуу бүсгүй театрын тайзнаа дөнгөж хөл тавимагцаа эрэгтэй хүүхдийн дүр бүтээнэ гэдэг тийм ч амар хэрэг биш. Харин Цэгмидийн хувьд нэг их түүртсэнгүй. Ийнхүү Завхан нутгийн эгэл жирийн малчны охин Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас жүжиг­чин болох гараагаа ам­жилттай эхэлжээ. Тэрээр “Хулчаахай”, “Улаан бүч”, “Кибаль­чиш хүү”, “Баавгай дуу­­лах уу”, “Хайр”, “Болд хэр­хэн ха­таагд­сан нь”, “Хайрыг хайрла”, “Тэмдэгтэй хүн”, “Шинэ байшинд”, “Эзэд” зэрэг драмын олон жүжгийн гол ба туслах  дүрийг бүтээсэн юм. Дөнгөж жүжигчин бо­лоод байхад нь найруулагч нар түүнд эрэгтэй хүүх­дийн дүр голдуу өгдөг байж. Цэгмид гуайг анх жүжигчин болоход нь алган дээрээ тосч авсан  хүмүүс бол ардын жүжигчин Э.Оюун, кино үйлдвэрийн жүжигчин эмэгтэй Довчин нар. Тэд түүнд эрэгтэй хүүхэд болох гэж хичээх хэрэггүй.  Байгаагаараа л бай. Эмэгтэй хүнд эрэгтэйлэг ча­нар, ха­рин эсрэгээрээ эрэгтэй хүнд эмэг­тэйлэг чанар зонхилсон байдаг хэмээн сургадаг байжээ. Түүнийг анх кино урлагт хөл тавиулсан “Өндөр ээж” киноны найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай ч гэсэн “Чи үнэнээсээ амьдар, үнэн сэтгэ, бай­гаагаараа бай. Илүү дутуу юм хэрэг байхгүй” хэмээн хэлдэг байсан ажээ. Багш нарынх нь энэ үг Цэгмид гуайн уран бүтээлийн чиг шугам болж өгчээ. 
Тэрээр тайзнаа үндэсний болон дэлхийн сонгодог жүж­­гүүдэд дүр бү­тээснээс гадна “Өндөр ээж”, “Их за­мын тоос”, “Мар­тагд­сан дууль” зэрэг олон арван мон­гол кинонд дү­рээ мөнхөлсөн юм. Сонирхолтой нь тэрээр дандаа туслах дүрд тоглодог. Тэгэхдээ гол дүрээс дутахгүй туслах дүрийг бүтээд­гээрээ онцлог. Аливаа кинонд маш сайн тус­лах дүрүүд байж л гол дүр нь то­дорч гарч ирдэг. Энэ хариуцлагатай үүргийг Цэгмид жүжигчин нэр төр­тэй биелүүлж иржээ. Нэг үгээр хэлбэл тэрээр тус­лах дүрийн мастер. Кинонд зур­вас­хан га­раад өнгөрөх төдий дүр ч байлаа гэсэн цаа­наа үлдэцтэй, үг хэ­лээр төдийгүй үйлдлээрээ асар ихийг өгүүлдэг. Огт үг хэлдэггүй, олны хэсэгт гардаг дүр байтлаа сэтгэлд тод үлддэг тохиолдол хүртэл бий дээ. Кино­ны тийм нарийн нандин, гоёмсог шигтгээг урлагчдын нэг бол Монгол Улсын соёлын тэргүү­ний ажилтан Аюурзанын Цэгмид.
Хүүхэд, залуучуудын театр нь зах зээлийн эхний он жилүүдэд татан буугдаж, “Монгол кино” үйлдвэр ч мөн л нийгмийн шилжилтэд хөлөө олж чадахгүй байсан үед тэрээр хи­лийн чанадад цөөнгүй жил ажиллаж амьдарсан байна. Харин сүүлийн үед уран бүтээлийн олз омог тун арвин байгаа ажээ. “Анхны яргуй”, “Нэр төр”, “Гал хам”, “Ану хатан”, “Огцом эргэлт”, “Тайга”, “Хүдэн”, “Нар­ны хэнгэрэг”, “Оюутны нууц амраг”, “Муу нүүрт”, “Улаан пальто”, “Ларьдма”, “Улаан дөрвөл­жин”, “Дур­лалын сум”, “Би ээж болмоор байна”, “Ухаарал” зэрэг бүрэн хэм­жээ­­ний уран сайхны кинонууд болон “Гэрлэн дохио”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Нар гарна аа, аз жар­гал минь” телевизийн олон ангит ки­­нонд тогложээ. Тэрээр “Academy awards 2015”-аас “Хүдэн” киногоороо шил­дэг туслах дүрийн шагнал хүртэж тус­лах дүрийн мастер гэдгээ баталсан юм. Түүнчлэн А.Цэгмид гуай АНУ-ын “Netflix” кино ком­панийн бүтээл “Марко  Поло”-д хэд хэдэн дүр зэрэг бүтээжээ.  

“Марко Поло”-д гурван дүр бүтээсэн нь

-Та “Марко Поло” кинонд дүр бүтээсэн. Таны тоглосон ангиуд нь саяхан олонд хүрч эхэллээ?  
-Тэглээ. Интернэтээр гар­чихлаа. “Марко Поло”-гийн эх­ний арван ан­гийг их сүр дуу­лиан­тайгаар улаан хивсний ёслол хийж нээсэн. Хоёр дахь арван ангиа тэгэж нээх байх гэсэн тэг­сэнгүй. Уг нь энэ удаа уг кинонд Монголоос 40-өөд хүн байсан. Моринд гарамгай арваад залуу, хөдөөний малчин хүн, уртын дуучин, хоёр бөх гээд л. Мөн Германд байдаг манай язгуур урлагийн хамтлагийнхан хүртэл “Марко Поло”-гийн шинэ ангиудад орол­цон тоглосон. Тиймээс бид­нийг киноныхоо нээлтэд урих юм болов уу гэж бодсон чинь шууд интер­нэтэд та­виад олны хүртээл болгоод эхэл­чих­лээ. Энэ киноны гурав дахь арван анги нь мөдхөн  хийг­дэнэ. Дараа нь дөрөв дэх арван анги нь хийг­дэнэ. Ингээд 40 ангитай кино болох юм билээ. 
-Дэлхийн миссийн тэм­цээнд орол­­цохоор шалгарсан мисс А.Баярцэцэг тантай хамт “Марко Поло”-д тог­лосон байх аа?
-Бид “Марко Поло”-д нэг баг болж ажилласан. Ма­най А.Баярцэцэг АНУ, Испанид ажиллаж, амьдрахдаа жү­жигч­ний мэргэжлийг бие дааж өөрөө сурсан. Өнгөр­сөн баасан гаригт А.Баярцэцэг маань дэлхийн мисст Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болж титмээ гардан авлаа. Би тэр ёслолд “Марко Поло” кино­ныхноо төлөөлж Хубилай хааны бага насны дүрд тоглосон Эрхэмбаяртайгаа хамт очиж баяр  хүргэж үг хэлсэн. Сэтгэл үнэхээр огшлоо. А.Баярцэцэг бол олон үзүүлэлтээр төгс, өөрийгөө өв тэгш бэлтгэж, боловс­руулж чадсан, авьяаслаг, ухаалаг, чадвартай монгол бүсгүй. Ийм л сайхан залуусын дунд би байсан юм байна, одоо ч байгаа юм байна, хойшид байх юм байна гэж бодоход сайхан байна. Баярцэцэг “Марко Поло” кинонд өөрөө дүр бү­тээ­гээд л, хажуугаар нь орчуулагч хийгээд, үүний зэрэгцээ кинонд оролц­сон бүх монголчуудынхаа тухай ном бү­тээсэн. Ийм хөдөлмөрч бүсгүй. А.Баярцэцэгийн бүтээсэн дүр нь ч маш гоё. Дайнд амь үрэгд­сэн цэргийн ар гэрийн дүр. 
-Таны бүтээсэн монгол эхийн дүр ямар онцлогтой вэ?
-Миний дүр нэг ч үг хэлдэггүй. Тийм л нэг жирийн ээжийн дүр бүтээ­сэн. Мөн хоёр ч хатны  дүр бүтээсэн шүү дээ. Монголоос ганц ахмад хүн ирсэн юм байна, ашиглаад авъя гэж бодсон юм байлгүй, хувцас солиод, нүүр, будаг өөрчлөөд л тоглуулаад байсан. Зохиолд бол тэр овогтой тэр гэсэн дүр зоогдоогүй.  Ингээд л  би  гэдэг хүн нэг монгол эмгэн болж гараад л, нэг ха­рахад олны  хэсэгт монгол хатан болж гараад байгаа. Гэхдээ энэ дүрүүд бол зүгээр л олны хэсэгт цухалзаад өнгөр­­­дөг дүр биш. Ямар ч байсан би америкууд кино яаж хийдгийг алаг нүдээрээ харж, арван хуруугаараа барьж, амталж үзээд ирсэн. Тэр сайхан хангам­­жид, зураг авалтын талбай дээр нь гарч мэдрээд, уран бүтээлчийн хувьд тэднийг ойл­гоод ирсэнд гол учир нь байгаа юм.
-Киноны урилга их ирж байна уу?
-Зүгээр суухгүй л байна. Кино­ны­хон маань хандаж л байна. Хүмүүс намайг ханш унагалаа, үнэгүй тог­лолоо гэдэг юм. Би өгснийг нь аваад л тог­лодог. Өндөр үнэ хэлээд л, өөрийн үнэ цэнийг дээшлүүлэх ёстой юм байх. Жишээ нь “Би чинь “Марко Поло”-д тоглосон хүн” гэдэг ч юм уу. Гэтэл надад тийм зан байхгүй ээ. Яалт ч үгүй тэр жижиг дүрээс татгалзъя гэж бодсон ч кино хийж бай­гаа залуу уран бүтээлчдийг харахаар татгалзах арга байдаг­гүй. Ер нь уран бүтээлч мөн л юм бол киноны саналаас татгалзах аргагүй. Ямар ч дү­рийг голох эрхгүй. Яагаад гэвэл тэр жижиг дүрээрээ ч гэ­сэн, бүр үг огт хэлдэггүй олон түмний хэ­­сэгт орсноороо ч гэсэн кинонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “Марко Поло”-д би үг хэлдэггүй олон түмний хэ­сэгт орсноороо тэр кинонд тусалж л бай­на шүү дээ. Кинонд хэрэггүй де­тал гэж огт үгүй. Уран бүтээлч хүнд уран бүтээлийн баг хүсэлт тавьсан бол хү­лээж авах хэрэгтэй гэсэн бодолтой байдаг. 
-Туслах дүрд тоглох нь гол дү­рийн жүжигчнээс ачаалал арай бага байдаг болов уу гэж боддог юм. Үүнтэй санал нийлэх үү? 
-Туслах дүрд тоглож байгаа уран бү­­­тээлч зохиолоо заавал бүтнээр нь уншиж байж зураг авалтад орох хэрэг­­тэй. Би ямар үүрэгтэй юм гэдгээ мэдэж байж орохгүй бол “За зүгээр туслах дүр юм даа” гээд харанхуй орж ерөөсөө болохгүй. Туслах дүрийн үнэ цэнийг унагаж ерөөсөө болохгүй гэсэн байр суурьтай байдаг хүн. 
-Сүүлийн үед ямар ямар кинонд тоглов?
-“Марко Поло”-гоос хойш “Муу нүүрт”, “Би ээж болмоор байна” гээд нэ­лээд хэдэн кинонд  тоглосон. “Улаан дөрвөлжин” кинонд намайг урьж тоглуулсан найруулагч Д.Ганболд саяхан бас нэг кинонд урилаа. Ганц удаа­гийн сценад тоглуулсан. Нэг өд­рийн зурганд орсон гэсэн үг л дээ. “Сэхэл” гэдэг киноны зураг авалт ид явагдаж байгаа. Тэр кинон дээр эмнэл­гийн тогоочийн дүр бүтээлээ. Гол дүрд нь С.Болд-Эрдэнэ гэж мундаг жүжи­г­чин тоглож байгаа. С.Болд-Эрдэнэтэй хамт тоглох завшаан олд­сонд их бэлэгшээсэн. “Зохиомж” дээд сургуулийн захирал Цогтбаяр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Харанхуй хад” гэж кино хийж байгаа. Тэр ки­нонд жүжигчин Цэрэнболд бид хоёр ээж, хүү болж тоглосон. Одоо ирэх арваннэгдүгээр сард нэг шинэ кино эхлэх гэж байна. Тэр кинонд би гол дүр бүтээнэ. Маш олон жилийн дараа би анх удаа гол дүр бүтээх гэж байна. 
-Кинонд гол дүр бүтээ­гээгүй тийм удсан хэрэг үү?
-Монгол телевизийн анхны 16 мм-ийн кинонд би гол дүр бүтээж байсан. Тэр үед ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Т.Латиф, Гомбожав гээд мундаг жүжигчид ид байлаа. Би 23-тай л байсан. Уг кино төрийн шагналт зо­хиолч Д.Гармаа гуайн зохиол. Д.Гармаа гуай  намайг киноныхоо гол дүрд тоглуулсан. Түүнээс хойш 44 жилийн дараа гол дүрд тоглох гэж бай­на. Амардөлгөөн гэж найруулагч хүү­гийн хийж байгаа кино. Тэр кинонд би эхнээс нь дуустал гарах гол дүрийг бүтээнэ. Зохиолоо уншаад уйлсан шүү. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан кино болох байх аа. Өвлийн зургуудтай учир ирэх сараас зураг авалтаа эхэлнэ. 

Дагалдан жүжигчин, шигшээгийн тамирчин

-Таныг Завхан аймгийн хүн гэдгийг мэднэ. Хотод анх орж ирсэн үе, аав, ээжийнхээ тухай дурсвал сонирхолтой байх болов уу?
-Би Завхан аймгийн Завхан­мандал суманд төрсөн. 12 нас хүртлээ хурга ишиг ха­риулж өссөн. 1955 онд Завхан аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэм­жит арван жилийн дунд сур­гуулийн нэгдүгээр ангид ороод гуравдугаар ангидаа буюу 1958 онд аав, ээжтэйгээ Улаанбаатарт шилжиж ирсэн. Ээж минь сүүлд арьс, шир, оёдлын үйлд­вэрийн нэгдэлд ажилчин болсон. Аав минь Аюурзана гэж хүн байлаа. Завхан аймгийн мал эмнэлэгт нягтлан бодогч хийж байсан. Аав маань яруу найрагч Явуухулан гуайтай үеэл ах дүүс.
-1958 онд хотод орж ирсэн гэхээр Явуухулан гуайн аав Бэгз гуайн­хантай бараг зэрэг шахуу л Улаан­баатарын айл болж байжээ дээ?
-Тийм байх. Явуухулан ахын аав Бэгз гуайг бол би харж байгаагүй учир сайн мэдэхгүй. Харин Явуу ахыг сайн мэднэ. Бид Явуу ахыг Яваа ах гэдэг байсан. Яваа ахыг олон удаа харсан, бүр зэрэгцээд сууж байсан, ярьж хөөрч ч байсан. Тэгэхэд би дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхэд. Манайх Улаан­баатарт шилжиж ирээд Усны гудамжинд буучихсан байсан үе. Явуухулан ахыг аавтай маань нийлж архи уудаг  л гэж ойлгодог байлаа. Одоо яах гэж тэр агуу хүнийг архи уух болохоороо л манайд ирэх юм гэж боддог байв гэж харамсдаг. Үеэл ах дүү нар юм чинь аав, Яваа ах хоёрт ярих юм их л байдаг байсан биз. Номоо хүртэл гарын үсэг зураад өгснийг нь харчихаад “Би хаа­на төрөө вэ” гэнэ үү, төрсөн газраа мэдэхгүй асууж байдаг, сонин юм даа гэж бодох жишээтэй. Бага байсан тул Яваа ахыгаа тийм агуу дорнын их яруу найрагч гэж мэдээгүй. Сүүлд Яваа ахынх их дэлгүүрийн урд 40 мянгатад шинэ байр аваад, Адъяа эгч биднийг урьсан юм. Тэгэхэд тэднийд очоод бүх номоо томоос жижгийг нь хүртэл, бүр бяцхан тэмдэглэлийн дэвтрийг хүртэл шалан дээрээ өрчихсөн байхыг хараад “Яагаад шалан дээрээ өрсөн юм бол. Шүүгээ аваад хийх юм байх даа. Ийм олон ном уншдаг юм байх даа” гэж хүүхдийн сэтгэхүйгээр бодож байсан. Яваа ах тийм агуу байсны учир тэгж их ном уншдаг байж. Ээж маань Явуухулан ахын гэргий Адъяа эгчтэй байнга уулздаг байсан. На­майг долдугаар ангид байхад Яваа ах манайхаар орж гардаг хэвээрээ. Манайх нүүгээд Талх, чихэр, боовны үйлд­вэрийн урдхан талд Дөчин мянга­тад ойрхон буучихсан байсан үе. Яваа ах нэг удаа манайд ирээд. Тэгсэн аав надад “Миний хүү долдугаар анги гэдэг чинь мэргэжлээ сонгох үе болж. Ямар мэргэжилтэй болох вэ. Аав нь Яваа ахад нь хэлж өгөөд зохиолч болох уу” гэж асууж байсан юм. Сүүлд нь би тэр үед тэгье гэдэг байж гэж боддог л байлаа. 
-Тухайн үед мэргэжлээ хэрхэн сонгох  талаар төсөө­лөлгүй л явж дээ. Ингэхэд жүжигчний мэргэжлийг хэр­хэн сонгосон юм бэ?
-Уран бүтээлийн гараа гэвэл нийс­лэлийн арван жилийн 14 дүгээр сургуулийн аравдугаар ангийг 1965 онд төгсөөд одоогийн ардын жүжигчин Г.Мягмарнаран, Г.Доржсамбуу бид театрт дагалдан жүжигч­нээр орж бай­лаа. Тэндээ гурван жил ажилласан. Тэр хуга­­­цаандаа бас Спортын төв ордонд спортын гимнастикийн улсын шигшээ багт тамирчнаар давхар ажил­ласан. Шигшээ багийн тамирчны ца­лин, дагал­­дан жүжигчний цалин авдаг лут амьтан байлаа. Тэгж байгаад хүүх­дүү­дийнхээ аавтай танилцаад спорт, урлаг аль алиныг нь нэг  хэсэг орхиод Москвад таван жил амьдарсан.
-Таны хань бол Монгол Улсын соёлын гавьяат зүт­­гэлтэн, нэвт­рүү­лэгч Г.Чулуун­бат. Дуу хоолой­гоор нь ард түмэн сайн мэднэ дээ. Монголын радио гэхээр л Г.Чулуун­бат гуайн хүнгэнэсэн хоолой санагддаг?
-Ёстой л домог болсон гайхалтай хоолой шүү дээ. Чулуунбат Төмөр замын тех­никум төгссөн хүн шүү дээ. Техникумд байхад нь Кино үйлдвэр дуудаад, тэр оюутныг аваад ир гээд л авчирч баримтат киноны тайлбар уншуулдаг байсан гэдэг. Ингээд л оюутан байхаас Кино үйлдвэрийн данс­ны хүн болсон. Тэгээд удалгүй Монгол телевиз, Монголын радиогийн мэдлийн хүн болсон. Үнэхээр гайхал­тай хоолойтой хүн шүү.  
-Танай хүү мөн аав шигээ нэвт­рүүлэгч болсон билүү?
-Том  хүү Идэрчулуун маань аавын­хаа хоолойг өвлөсөн. Аавтайгаа хамт олон киноны тайлбар уншсан даа. Саяхан хэлмэгдэгсдийн тухай баримтат киноны тайлбарыг аав, хүү хоёр нийлж уншсан байна лээ. Идэрээгийн маань хүү энэ жил СУИС-ийн жүжигчний ангид орсон. Бас л аав, өвөө хоёр шигээ басс баритон хоолойтой. Орчин үеийн бүжиг бүжиглээд явдаг хүүхэд гэнэт л жүжигчин болно гээд зүтгэчихсэн. Ээж нь хориглоод дийлээгүй. 
-Та дагалдан жүжигчнээр ажил­лаж байхдаа спортын гим­настикаар давхар хи­чээл­лэж байсан гэлээ. Бүр олим­под оролцохоор бэлтгэж байсан юм биш үү?
-1968 оны Мексикийн Мехикогийн олимпод бэлтгэж байсан. Тэгээд хүүх­дүү­дийнхээ аавтай танилцаж, ээж бо­лоод явж чадаагүй. Анх бид спор­тын гимнастикаар долуулаа бэлт­гэж эхэлсэн юм. Манай багаас гурав­хан хүн л олимпод орох тавилан­тай байсан юм шиг байгаа юм. Нэг та­мир­­чин шөрмөсөө таслаад эм­нэ­­лэгт хэвтээд, нэгийнх нь зүрх нь өвдөөд бас шалтгаантай болсон. Нэг тамирчин Москвад оюутан болсон. Би айлын гэргий болсон. Ингээд тэр олим­­под гуравхан хүн явж байсан юм. Гэхдээ би спортын мастерын болз­лыг 29 настайдаа хамгаалсан. Мек­сикийн олим­под бэлдэхийн өмнө бид Монголынхоо спортын мас­терын болз­лыг хангасан. Спортын мастерын болзлыг хоёр хангахад цолыг нь өгдөг­гүй гурав дахь удаа хангахад нь өгдөг байсан үе. Олимпод орол­цохоор бэлтгэнэ гэдэг олон улсын програмаар хи­чээллэнэ гэсэн үг. Монголынхоос илүү хүндрээд явчихдаг. Миний хам­гийн их баяртай мөч, хамгийн өндөр гавьяа шагнал гэвэл 29 насандаа, хоёр хүүхдийн ээж болчихоод спор­тын мастер болсон явдал. Миний гим­нас­тикийн багш Норов гэж мундаг хүн байлаа. Багш маань 22 мастер тө­рүүлсэн ч өөрөө гавьяат ч үгүй явсаар бурхан болсон. Тэр  хүн надад спортын мастер цол өгөх гэж үнэхээр зүтгэсэн. Өмнө нь хоёр удаа болзлыг нь бие­лүүлсэн, олимпод бэлтгэж байсан хүн гэж хэлж байж энэ цолыг өгүүлсэн. Тиймээс надад их үнэ цэнэтэй.  
-Гимнастикаар хичээллэж, улсын шигшээ багт багтана гэхээр танд хөдөлгөөний эвсэл, авьяас бас байж дээ?
-Гимнастикаар тавдугаар ангиасаа буюу 14-тэйгөөсөө 29 нас хүртлээ хи­чээллэсэн. Гэхдээ бүр таван нас­тай­гаа­­саа би өөрөө өөртөө энэ спортын суурийг нь тавьчихсан юм билээ л дээ. Хурга, ишиг хариулж байхдаа зүл­гэн дээр нугараад л. Эмээ маань муу ёрын юм гээд л загнана. Тэгэхээр нь гэрийн ард гарч байгаад нугарна. Хөдөө хааяа нэг цирк очиход ха­раад  тэднийг дууриадаг ийм хүүхэд байсан. Тэгэхээр  хожим 14 настайдаа спортын гим­настикаар хичээллэхэд суурь бай­сан хэрэг. Тиймээс Норов багш маань ардын хувьс­галын 40 жилийн ойн нийтийн гимнастик стадионд бо­лоход намайг анзаарч  хараад “Тэр эрээн шарваартай нөхөр арай л өөр байна” гээд дуудаж авч­раад ингэ, тэг гэн­гүүт хэлсэн бүхнийг нь хийсэн. Тэг­сэн чамайг хоёрдугаар шигшээд авлаа гээд л, ингээд сурагч мөрт­лөө шигшээгийн тамирчин болж цалин авдаг болсон.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.