Морин хуур урлаачийн мод амилуулдаг урлан

2016.10.24 Даваа №100 (2131)

Модны үртэс хаа сайгүй хөлд тээглэнэ. Алх, харуул, сийлбэрийн жижиг, том хутга, багс, бийр, юу гэдгийг нь хараад үл мэдэгдэх савтай шингэн зүйлс энд тэнд хөглөрнө. Цонхны доор ганц ширээ түүний дэргэд бяцхан сандал байх аж. Өрөөнд ормогц л модны үнэр сэнхийж, цонхоор тусах нарны туяанд үртэс бургих нь тод харагдана. Хэмжээгээр хэдий том биш ч эзэндээ гологддоггүй энэ өрөөнд 60 гаруй насны нэгэн буурал бидний бахархал болсон хоёр чавхдаст хөгжмийг урлан суудаг. Энэ эрхэм бол Т.Лхагвасүрэн гуай юм. Өрөөн доторхи бүх зүйл түүний гараар бүтсэн. Бүр сийлбэрийн хутгаа хүртэл өөрөө хийсэн гэнэ. Урлах, сийлэх, бүтээх гээд байнга шахуу бөгтийж суудаг ч түүний нуруу нь эгц, яг л цэрэг шиг.  Нарийн чимхлүүр зүйлсийг нямбайлан зорохыг харвал нүдний хараа нь ч гэсэн насандаа баймгүй сайн аж. Хүд хүд гэсэн бүдүүн дуутай, яс томтой энэ хүн буриад ястан. Ясны мужаан, уран гарт хүн. Тэрээр “Би энэ ажлыг хэнээр ч заалгаагүй. Өөрөө оролдож явсаар нэг л мэдэхэд модтой амьдралаа холбосон. Сийлэх бүтээх нь миний цусанд шингэж, эд эсэнд минь оршсон зүйл” хэмээлээ. Тэрээр морин хуурыг дагнан хийгээд арваад жил болж байгаа аж. Өөрийн гэсэн захиалагчтай, мөн хийц, хэв маягтай болжээ. Сургалтын, бэлэг дурсгалын гэсэн хоёр янзаар хуураа бүтээдэг. Сургалтын зориулалттай хуурыг бодвол дурсгалынх нь арай хямд байдаг байна. Эдгээрийг хэмжээнээс нь шалтгаалаад 25-150 мянган төгрөгийн хооронд борлуулдаг аж.

Ажлын байрнаас нь холгүйхэн байх тэднийхийг зорин алхлаа. Явах зуураа “Би уг нь барилгын чиглэлээр ОХУ-д суралцаад ирсэн. Түүний дараа тээврийн жолооч хийж явсан. Урлах, бүтээх ажил руу нас ахисан хойноо орсон доо. Аав минь нутаг усандаа “Уран” Тавхай хэмээн алдаршсан хөгшин байсан юм. Би аавыгаа амьд сэрүүн байхад үүнийг хийж явсангүй. Бүр сонирхдоггүй ч байж. Хожим цэрэгт очоод л модоор юм хийж эхэлсэн дээ. Одоо бодоход аавыгаа байхад их юм хийж сурах минь яав даа гэж харамсдаг. Намайг юу ч сийлж, урладаггүй байхад аав  мужааныхаа хэрэгслүүдийг надад өвлүүлэн өгсөн. Тэдгээр нь  манайд гурван үе дамжсан эд. Магадгүй аав миний хувь заяаг мэдэж байсан байх гэж боддог. Би морин хуур хийхийнхээ өмнө гэр урладаг байсан. Өөрийн сийлсэн гэртээ бүр амьдарч ч үзсэн. Тэгж байгаад сонирхолдоо хөтлөгдөн морин хуур бүтээх болсон. Анхны морин хуураа долоо хоног ноцолдож байж бэлэн болгосон. Тухайн үедээ хараад их баярлаж байж билээ. Гоё болсон санагдаж байсан. Одоогийнхтой зүйрлэх ч юм биш. Бас залуудаа шатар сийлдэг байсан. Тэгэхдээ морийг нь урлах хамгийн дуртай байлаа. Түүнээс л морин хуур хийх санаа анх төрсөн юм” хэмээн тэрээр хуучлав. Бид ийн ярилцсаар тэдний хашаанд орж ирлээ. Баригдаад бараг дуусч, дотор ажил нь л үлдсэн нэгэн модон байшин харагдана. Уг байшинг Лхагвасүрэн гуай “Миний шинэ оффис” гэж хошигнолоо. 
Бидний анх уулзсан байрыг сарын 100 мянган төгрөгөөр түрээслэдэг байна. Одоо өөрийн гэсэн байртай болохоор зэхэж буй нь энэ юмсанж. Энэ мэт зүйлсийг хүүрнэлдсээр тэдний гэрт ороход мөн л модтой орчин угтлаа. Том жижиг, жаазтай, жаазгүй морин хуур, модон дээр эвтэй дөрвөн амьтан, уулыг сийлсэн жижиг жаазнууд ханаар нь байх ба хусаар сүлжсэн халбага сэрээний сав зэрэг ахуйн хэрэглээний зүйлс хүртэл байлаа. Хананаасаа шууд дэлгэгддэг модон ширээ миний анхаарлыг ихэд татав. Т.Лхагвасүрэн гуайг модонд дуртай хүн гэж тодорхойлмоор са­нагд­лаа. Бүхнийг гайхан, шохоор­хож буй надад хандаж тэрээр “Би Булган аймгийн Тэшиг сумын хүн. Манай нутагт модоор хийгээгүй юм гэж үгүй. Монгол гэрт амьдардаг айл бараг байхгүй. Залуучуудад модоор юм хийх санаа, чадвар, багаас нь суусан байдаг. Модоор ямар нэг юм хийе гэвэл модоо хуваарилаж, ашиглаж сурах хэрэгтэй болдог. Их ухаан шүү дээ. Морин хуур хийх ч мөн адил. Би хуур хийхдээ нэг палкнаас 60 сантиметрийн хэмжээтэй жижиг хуур бараг 10-ыг гаргадаг. Харин тоглолтын бүтэн хээтэй хуур гурав гарна. Хуваарилалт сайн хийсний дүнд энэ. Гэхдээ хуур бүтээхэд мод ч бага, төсөв ч хямд тусдаг. Харин хийх ажиллагаа нь түүнээсээ хэд дахин их. Мөн хуурын хэмжээг маш нарийн хийх хэрэгтэй. Жишээ нь 60 см-тэй хуурын гол нь 30, цар нь 20 см байх ёстой. Бас нэгэн чухал зүйл нь модоо хатаах явдал. Хэт халуун, хүйтэн, мөн нар салхинд гаргах гэх мэт зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хатаахад их ухаан шаарддаг. Хэрэв нойтон модоор хуур хийвэл цуурч, хагарна. Мөн модыг байгалийн жамаар нь хатаахаас өөр аргагүй байдаг. Зарим модыг хатаахад сар болох ч үе бий. Толгойг нь хийгээд, модоо хатаагаад бэлэн болгосон байвал их амархан болно. Өдөрт хэдийг л бол хэдийг хийнэ. Ингэхдээ модоо л цахилгаан хөрөөгөөр зүснэ. Бусад нь тэр чигтээ гар ажиллагаа байдаг” гэлээ. 
Биднийг ийн ярилцах зуур хөгжмийн багш нэгэн эрхэм орж ирэн сургалтын зориулалттай хоёр хуур захиалав. Энэ нь 300 мянган төгрөгийн захиалга орж ирлээ гэсэн үг.  Тэдний яриаг сонсвол өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүс гэдэг нь илт. Захиалагч “Модны үндсэн өнгөөр нь хийлгэе. Дараа долоо хоногийн энэ өдөр өглөөгүүр бэлэн болсон байна биз дээ” гэлээ. Захиалагч хуураа авахдаа мөнгөө өгдөг юм байна. Т.Лхагвасүрэн гуай үргэлжлүүлэн “Надад дурсгалын морин хуурын захиалга, тоглолтын хуураасаасаа их ирдэг. Тоглолтын хуурыг хийхэд царандаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Үүний чавхдасыг сатуркаар хийдэг. Дээр үед морины дэл, сүүл ашигладаг байсан. Морины дэл сүүлээр хийхээр тэр нь цаг агаарын байдлаас болоод агшиж сунадаг учир бэрхшээлтэй байдаг. Тиймээс түүхий эдээ солиод сатурк болгосон хэрэг. Энэ нь хийхэд ч, хэрэглэхэд ч амар байдаг” гэж ярингаа хуурынхаа толгойн бэлдэцийг эргүүлэн ямар нэгэн зүйлийг нухацтай бодсон шинжтэй “Намайг хүүхэд байхад хуур ногоон толгойтой байсан. Сүүлдээ тэр нь үгүй болоод бор шаргал өнгө голлох болж. Анх хуур хийж эхэлж байхдаа жижгийг нь тав, томыг нь 20 мянгаар зардаг байлаа. Зах зээлээ олохын тулд тэр шүү дээ. Гарын дүйтэй сайн залуучууд надад шавь их орж байлаа. Хадаг яндар бариад ирнэ. Одоо бол ганц туслахтай л байна. Түүнийгээ өдөрт нь цалинжуулдаг. Энэ ажлаа жаахан өргөжүүлмээр байна. Урамтай шүү дээ. Захиалга их ирэхэд хүн хүч дутагддаг. Морин хуурын захиалгаас гадна надад гүнгэрваа, шатар, хорол, жааз, аяга, домбо зэргийн захиалга ирдэг. Миний ажил бусдад гэм хоргүй сайхан ажил. Тэгээд ч  модтой ажиллах нь эрүүл мэндэд хоргүй гэж би боддог. Морин хуур бүтээдэгтээ би бахархалтай байдаг. 
Монголын эзэнт гүрний үед Чингис хаан төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан түүх байдаг. Тэгэхээр энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна. Тиймээс яаж бахархахгүй байх билээ. Жил ирэх бүр морин хуур хийх техник өргөжөөд байх шиг. Гэхдээ морин хуурыг монголчуудаас илүү өвөрмонголчууд сонирхож, дээдэлж, үнэ цэнийг нь мэддэг юм шиг санагддаг” хэмээн учирлангуй ярилаа. Ийнхүү бидний энгийн хөөрөлдсөн яриа өндөрлөлөө. Насны намар нь аль хэдийн айлчлан ирээд, тэтгэвэр гэгч шангаа улсаас хүртээд амар сууж болох ч бүтээе, хөдөлмөрлөе гэсэн хүсэл нь бадарч яваа энэ сайхан буурлаас олон залуус үлгэрлээсэй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.