Алдарт “Аида”-тай амралтын өдрүүд айсуй

2016.10.24 Даваа №100 (2131)

Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердигийн “Аида” дуурь Улсын дуурь бүж­гийн эрдмийн театрт энэ сарын 29-нд тоглогдохоор болжээ. Дуурийн удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, найруулагчаар ОХУ-ын найруулагч А.П.Чепурной, хувцас дизайнерээр Г.Оюун нар тус тус ажиллаж байгаа юм байна. Дуурийн зайран, удган, төрийн болон цэргийн ямбатнууд, боол, Этиопын олзны хүмүүс, Египетийн энгийн иргэдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн  эрдмийн чуулгын нэгдсэн найрал дуучид, жүжигчид оролцохоос гадна симфони найрал хөгжим эгшиглэх юм байна. 
Анх Суэцийн сувгийн нээлтэд зориулж Египетийн түүхэн сэдвээр дуурь бичиж өгөхийг суут хөгжмийн зо­хиолч Ж.Вердигээс 1868 онд Египетийн засгийн газар хүс­чээ. Гэвч Ж.Верди бүтэн хоёр жилийн дараа буюу 1870 онд 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам долларын үнээр бичиж өгөхөөр зөвшөөрчээ. Үүний да­раа 1871 онд зул сарын өмнөх өдөр Каирын театрт  тус дуурь тавигдсан байна. Тэр цагаас хойш дэлхий дахины сонгодог дууриар нэрлэгдэн, театр бүрийн урын санд заавал ордог болжээ.  Энэхүү дуурь нь анх 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байсан түүхтэй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.