Г.Дашдорж: Халаасандаа хоёр төгрөгтэй Улаанбаатар хотод анх хөл тавьж байлаа

2016.10.24 Даваа №100 (2131)

“Улаанбаатар” зүтгүүрийн депогийн засварчин, хөдөлмөрийн баатар Г.Дашдоржтой хийсэн ярилцлагаа уншигчдадаа толилуулж байна. Тэрээр нийслэл хотод анх хөл тавьснаас хойш 60 гаруй жил болжээ. Г.Дашдорж гуай өдгөө эхнэр, зургаан хүүхэд, 12 ач, зээгийн хамт өнөр өтгөн амьдарч байна. Түүнтэй нийслэл хотод бүтэн жарныг элээсэн түүхийнх нь зах зухаас хөөрөлдсөн юм.

-Улаанбаатар хотод анх ирж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1953 онд 18 настай байхдаа Улаанбаатарт ирсэн. Тэр үед автобус унаа ч гэж байгаагүй, замын унаанд суугаад л ирж байлаа. Тэгээд таних хамаатан садан ганц ч байхгүй болохоор нарийн төмөр замд нэг айлд буусан юм. Дээрээс нь бичиг баримт ч байгаагүй гээд бод доо. Одоо бодоход цэргийн үүрэгтний үнэмлэх, жолооны үнэмлэх, дээр нь халаасандаа хоёр төгрөгтэй хотод хөл тавьж байлаа. Намайг үүрээр Яармагийн Айдасын даваагаар даван хотод орж ирэхэд Улаанбаатар нэг л их гэрэл болсон, том газар шиг санагдаж билээ. Одоотой харьцуулбал гэрэлтүүлэг бага байсан ч тухайн үедээ хөдөөг бодвол гэрэлтэй газар байсан. Хотод орж ирээд “За энэ их зах хязгааргүй хот газар яаж амьдарна даа” гэж өөрийн эрхгүй бодсон. Ер нь ах маань намайг хот руу явуулах тун дургүй байсан ч би өөрөө зөрүүдлээд ирсэн юм.

-50 жилийн өмнө нийслэл хот маань ямар дүр төрхтэй байсан бэ?
-Намайг анх ирэхэд Засгийн газрын ордон, Дуурийн театр, өнөөгийн Хөрөнгийн биржийн байранд “Элдэв очир” гээд кино театр цаана нь “Ленин” клуб гэж оросуудын очиж кино үздэг газар  байлаа. Зүүн талд Американ дэнж гээд хэдэн цагаан байшин, дээр үеийн дурсгалтай байшингууд, цаахна талд Офицеруудын ордон, Улаанхуарангийн цэргийн анги гэсэн тоотой хэдэн газар л байв. Хан-Уул дүүрэгт байдаг аж үйлдвэрийн комбинатад манай хотын бүх үйлдвэр байрладаг. Тэгээд л Маршалын гүүр, Их тэнгэрийн ам, Хөдөө аж ахуйн дээд сургууль, урагшаа харахаар Зайсан толгой жижигхэн хөшөөтэй, ямар ч барилгагүй газар байдаг байсан. Үлдсэн хэсэгт нь битүү эсгий гэрүүд байсан. Тиймдээ ч эсгий хот гэж нэрлэгдэж байлаа. Туул голоор хүмүүс модон салтай орж ирдэг, тийм их устай байсан гэхээр одоогийн залуучууд төсөөлөхөд бэрх дээ.

-Та хотынхоо аль хэсэгт  илүү дуртай байсан бэ?
-III, IV хороолол, Сансар хавийн орчимд алхаад явахад сайхан байдаг­сан. Тэд нар чинь цөм Зөвлөлт холбоот улсаас монголчуудад бэлэг­лэсэн бэлгийн байрууд шүү дээ.

-Тэр үеийн хотын залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэхийн тулд хаашаа их очдог байв?
-Театрт жүжиг их үздэг. “Элдэв очир” кино театрт очиж орос, монгол кинонууд үзнэ. Дээр нь бүжиг их болно оо. Би ажил гээд тэр бүр бүжгэнд явдаггүй байсан л даа. Харин одоо ахмадынхаа хорооны бүжгэнд их явж байгаа шүү. (инээв)

-Та Дундговь аймгаас Анагаахын техникумд хуваарилагдаад хотод ирсэн гэсэн. Тэгээд анагаахаараа сурсан уу?
-Хотод ирээд миний анагаахаар сурах гэсэн хүсэл минь өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би багаасаа л техникт сонирхолтой байсан. Дээр үед авто шуудангийн машин дээр давхиж очоод янданг нь үнэрлээд суучихдаг хүүхэд байсан юм. Утааны үнэр их л сайхан санагддаг байлаа. Багадаа өнчин хүүхэд байсан болохоор хүмүүсийн ачааг ачиж өгөөд хөлсөнд нь хонь, ямаа авчихна. Магадгүй хожим тэр бүхэн маань төмөр замын засварчин болоход нөлөөлсөн байх.

-Хот газар таних хүнгүй, бичиг баримтгүй хүн яаж яваад төмөр замд орсон юм бэ?
-Анх хотод дөнгөж ирээд айлд ороод цайгаа уух гээд сууж байтал нэг юм түчигнээд явчихав аа. Би цайгаа тавьчихаад гараад хартал их утаа болсон машин зогсож байсан. Гүйгээд очсон чинь утаа булаад л, хойшоо бай гэж нэг ах намайг хөөсөн. Дараа нь би тэнд ажилд орох гэж явсаар зөрлөгийн манаачийн ажилд томилогдсон. Ажилд ороход надад тусалсан хүн бий. Нарийн төмөр баазад ажилладаг нэг өвгөн байсан юм. Тэр хүн намайг боловсон хүчинтэйгээ анх уулзуулсан. Ажилд ороход миний бичиг үсэг их нэмэр болсон гэж би боддог. Тэр үед долдугаар анги төгссөн хүн их л өндөр боловсролтойд тооцогддог байлаа шүү дээ. Ерөөсөө Ленинградын   их сургууль руу долдугаар анги төгссөн хүүхдүүд л явдаг байлаа. Сүүлдээ өнөөх боловсон хүчинтэйгээ ярьсаар байгаад хамаатан болж таарсан шүү бүр. (инээв)  Хожим нь 1956 онд өргөн төмөр замын зургаан сарын курс төгсөөд Улаанбаатар  хотын зүтгүүрийн депо буюу “Улаанбаатар” төмөр замд засварчнаар орж ажилласан. Миний үед бас ч гэж зургаан сарын курс төгсөөд ажилтай болдог байжээ. Харин өнөөдөр их сургууль төгсөөд ч ажил олдохгүй байна.

-Социализмын  үед  нийслэл хотод маань бүтээн байгуулалт өрнөж өнөөгийн Улаанбаатар хот өнгө төрхөө олсон. Таны хувьд бүтээн бай­гуулалтад гар бие оролцож явжээ.
-Тэгэлгүй яахав. Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар олон орон сууц, томоохон үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам бий болсон юм. Богд уулын архан талд нарийн төмөр зам, баруун талд нэгдүгээр цахилгаан станц байдаг. Төмөр замчид хотоос 45 километр зайтай Налайх руу явж 1000 тонн нүүрс ачиж ирдэг. Нэгэн цагт түүгээр л нийслэл хотыг илч дулаанаар хангаж, гэрэлтүүлдэг байсан. Тийм болохоор төмөр замчны ажил үнэ цэнэтэй юм.

-Дараа нь та 1988 онд хөдөл­мө­рийн баатар болсон юм билээ Тө­мөр замын жолоочид гавьяа шаг­нал их авдаг ч засварчдын дундаас хөдөл­мөрийн баатар төрөөгүй байх аа?
-Сүүлийн хоёр зууны  түүхэнд төмөр замын засварчин хүн хөдөл­мөрийн баатар болсон тохиолдол Монголд байтугай дэлхийд ч байхгүй. Ерөөсөө  төмөр  замаас  15 хөдөлмөрийн баатар төрсний ганц засварчин нь бий. Харин хүмүүс засварчин хүний хөдөлмөрийг үнэлдэггүй. Үнэндээ засварчин хүн байхгүй бол тэр вагон явахгүй шүү дээ. Нэг илчит тэргэнд 12 мотор байдаг юм. Тухайн үед төмөр замаас ирсэн бүх ачааг миний зассан хэдэн мотор л чирч ирсэн. Машинаар бол арааг нь сольдогтой л адилхан зүйл. Үүгээрээ би их бахархаж явдаг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр шимд байраар шагнуулж Офицеруудын ордны тэнд анхныхаа нэг өрөө байранд орж байлаа.

-Өнөөдөр нэг талаас нь харвал хот маань өөрчлөгдөж, хөгжиж байна. Харин та энэ өөрчлөлтийг юу гэж боддог вэ?
-Юм үргэлж л өөрчлөгдөж байдаг. Өөрчлөгдөлгүй ч яахав. Гэхдээ намайг Орос руу явж байхад Улаан-Үүд хот хуучин ямар байсан яг тиймээрээ л угтаж авч байсан. Эртний түүхэн дурсгалт барилгууд, хөшөө, талбайгаа өнөөг хүртэл унаган төрхөөр нь хадгална гэдэг зөв хэрэг. Тэндхийн хүмүүс юмаа засаж сайжруулна гэхээс устгана, нураана, өөрчилнө гэдэггүй. Хэдийгээр өнөөдөр хот маань өөрчлөгдөж байгаа ч өөрчилж болдоггүй юм гэж бас бий. Ардчилал гарахаас өмнө байсан сайхан үйлдвэрүүд өнөөдөр байхгүй болжээ. Олон жилийн  өмнө авто замын үйлдвэр ороход барилга нь балгас болчихсон хэдэн хар хэрээнүүд үүрлэчихсэн байсныг санаж байна. Тэр сайхан үйлдвэрийг нурааж байхаар сэргээх хэрэгтэй байж дээ гэж би боддог юм.

-Сүүлийн 15 жил хотод маань олон зүйл өөрчдлөгдсөн гэж ярилаа. Одоо хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Ингэж хэт төвлөрөх зөв үү?
-Ардчилсан нийгэм гарч Монгол Улсын иргэн хүн улсынхаа хаана ч амьдрах эрхтэй талаар Үндсэн хуульдаа заагаад өгсөн. Нэгэнт хуульдаа эрхийг нь тусгаад өгчихсөн, дээрээс нь хөдөө байсан үйлдвэрүүд хаагдсан учраас залуучууд ажилгүй хоцорсон юм. Тэгээд өнөөх ажилгүй хүмүүс чинь хотод ирж архи дарс ууж, түүнээс нь болоод олон гэр бүлүүд салсан. Ийм л хор уршигтай юм болсон юм даа. Бид чинь өнөөдөр хотдоо багтахаа болиод байна шүү дээ. Одоо дагуул хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй. 

-Та цаашид Улаанбаатар хотыг ямар байгаасай гэж хүсэж байна?
-Энэ олон барилгуудыг шаваарал­дуулах хэрэггүй л баймаар. Хэрвээ нэг газар хөдлөлт болбол нэг нэгнээ дараад унахаар л харагдах юм. Тэглээ гээд ямар хотоо устгалтай нь биш. Дээр нь нэмж барилга барихаар дахин төлөвлөлтийг сайн хийх нь зөв болов уу. Ер нь тэгээд байшин барилгаас илүү иргэдийн ухамсар өөрчлөгдөөсэй гэж хүсдэг дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.