Дорнын их найрагчийн “Өндөр дээдэс, өнөр удам”-ын судар

2016.10.24 Даваа №100 (2131)

Эдүгээгээс 150 гаруй жилийн тэртээ Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуур орчим буюу тухайн үеийн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуунаас анчин, малчин эр Б.Санжийнхан нүүдэл хийн Сайн ноён хан аймгийн Хошууч баатар бэйлийн хошууны нутаг Отгонтэнгэр уулаас эх аван  урсдаг Их, Бага Богдын голд очиж нутагшжээ. Энэ нь малын бэлчээр ус, ан авын элбэгийг харан Хангайн нурууны баруун талаас зүүн талд нь очиж нутагласан хэрэг байв. Нутаг усныхандаа баян гүзээ Б.Санж хэмээн нэрлэгдсэн энэ хүмүүн дөрвөн охин, дөрвөн хүүтэй өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн байжээ. Энэ хүн бол Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн өвөг эцэг нь юм. Их найрагчийн эцэг анчин Бэгз гуай дээр өгүүлсэн Б.Санжийн найман хүүхдийн хоёр дахь бөгөөд хөвгүүдийнх нь ахмад нь ажээ. 

Хүмүүний ураг удам гэдэг салаа мөчир нь дэлгэрч, үндэс нь батжин цэцэглэдэг мод шиг билээ. Эдүгээ Б.Санжийн найман хүүхдүүд, тэдний үр, ач, гуч, гучинцар, зээ, зээнцэрүүд өсч өнөржин хэдэн зуугаар тоологдох болжээ. Б.Санж гуайн найман хүүхдийн тав дахь охин нь болох С.Самдан нь нутгийн малчин эр Аюурзана буюу Занатай ханилан сууж Жамъян хэмээх ганц хүү төрүүлжээ. Голомт залгах хүүдээ хань болгон төрсөн дүү Дарьхүүгийн охин Х.Гэсэржавыг үрчилж авч өсгөжээ. Занын Жамъян анчин өвөг эцгээ дууриан хангайн хишиг хүртэж амьжиргаандаа нэмэрлэчихдэг, ялан­гуяа чонын үргээлгэнд гарамгай хүн байсан гэнэ. Тиймээс нутаг усныхан хийгээд ураг удмынхан нь түүнийг Чонон Жамъян гэдэг байжээ. Тэрээр бага залуудаа Яруугийн хүрээнд Ялгуулсан гэгээнд шавилан сууж домын хоёр дамжаа дүүргэсэн бурхны номд хоосонгүй нэгэн байжээ. Ахан дүүс нь Лам ах гэж авгайлдаг нь ийм учиртай аж. Тухайлбал дорнын их яруу найрагч Б.Явуухулан 1970-аад оны үед үеэл ах Жамъянгийн хүү Балжиннямыг Улаанбаатарт цэргийн алба хааж, улмаар офицер болоход нь их л баярлан “Манайхан дундаас Лам ахын маань хүү цэргийн хүн боллоо” гэж олзуурхаж байсан гэдэг. Нэр алдар нь ойр хол олон улсад түгсэн нэрт найрагч авгаасаа магтаал урмын үг сонсч явсан залуухан офицер Жамъянгийн Балжинням цэргийн албанд 15 жил зүтгэж, мөн төрийн албанд үргэлжлүүлэн ажилласаар эдүгээ өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Тэрээр яруу найрагчийн удмынхнаас төрсөн яруу найрагч юм. Тиймээс уг удмынхаа үүх түүхийг өгүүлсэн “Өндөр дээдэс, өнөр удам минь” хэмээх номыг бичиж олны хүртээл болгоод байна. Энэхүү номд Явуу найрагчийн үеэл ах Жамъянгийн үр хүүхэд, ач, зээ, гуч, зээнцэр 200 гаруй хүнийг багтаан, үүх түүхээ товчоолон бичжээ. 

Энэхүү номын ганзаганд уях үгэндээ төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж “Ном бүтээх бүтээхдээ ураг удмаа судалж, амьдралын утга учрыг тодотгосон ийм нандин ном бүтээж буй нь сайхан санагдаж байна. Энэ ном бол нэгэн үеийнхний бус есөн үеийнхний сударчлан дээдэлж, уншиж судлах, адис авах ном болсонд номын шим оршсоныг өргөмжилмүү” хэмээжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.