Н.Ургамалсувд: Ирэх онд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай төсвийн бодлогоос шууд хамаарна

2016.10.21 Баасан №099 (2130)

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа. 

-Монголбанк Төрөөс мөн­­гө­ний бодлогын та­лаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.  Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк 2017 онд юуг зорьж байна вэ?  
-Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг аль болох хохирол багатайгаар, богино хугацаанд даван туулахад чиглэгдэхээр байна. Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулахад авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ нь макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, улмаар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, үүнийхээ үндсэн дээр дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг зорих юм. 
Ирэх оны үндсэн чиглэлд авч хэрэгжүүлэх бодлогын зарчим, авах шаардлагатай ажлууд бий. Тухайлбал, нэг­дүгээрт, гадаад эдийн засгийн аливаа болзошгүй огцом өөрчлөлтийн нөлөөллийг төг­рөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханшийн бодлогоор шаардлагатай тохир­гоо, зохицуулалтыг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, төсвийн шинжтэй мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, гуравдугаарт, санхүүгийн системийн тогт­вортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгуул­лагатай хамтран хийж, цаа­шид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэс­ний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг бо­ловс­­ронгуй болгохоор Үндсэн чиг­лэлийн төсөлд тусгаад байна.  
-Инфляцын зорилт энэ онд долоон хувь байгаа. Өнөөдрийн байдлаар харин -0.6 хувьд хүрч, дефляци бий боллоо. Ийм нөхцөлд ирэх онд найман хувь гэж өмнөх зорилтын төвшинг нэмэгдүүлсэн нь ямар шалтгаантай вэ? 
-Инфляцыг ирэх гурван жилийн хугацаанд найман хувиас хэтрүүлэхгүй гэж Үндсэн чиглэлд тусгасан. Өмнөх онд 6-8 хувь буюу дунджаар долоон хувь гэж байсныг найман хувь болгосон. Хэрэв төсвийн бодлого харьцангуй зөв чиглэлд өөрчлөгдөх  буюу чангарах тохиолдолд мөнгө­ний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэх болно. Энэ онд төсвийн бодлого ихээхэн тэлснээс ирэх онд үргэлжлэн тэлэх орон зай маш бага байгаа. Мөн нөгөө талаас төсвийн алдагдлыг өндөр хүүтэй өрөөр санхүүжүүлж байгаа нь төсвийн болон өрийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэл өндөр байна. Тиймээс төсвийн бодлого чангарах шаардлагатай болсон. Иймээс ирэх онд эдийн засгийн  өсөлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх бодлогын орон зайг бий болгохын тулд үндсэн зорилтыг найман хувь болгон нэмэгдүүлсэн. 
-Монголбанк жил бүр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ханшийн уян хатан тогтох зарчмыг баримтална гэдгийг тусгаж өгдөг. Гэсэн хэдий ч Монголбанк ханшид ямар оролцоотой байх вэ гэдэг дээр эдийн засагчид өөр өөр байр суурьтай байдаг. Тэгэхээр ханш яагаад уян хатан тогтох ёстой вэ гэдгийг та тодотгож өгнө үү?  
-Валютын ханшийн тог­­тол­цооны сонголт нь манай эдийн засгийн бүтэц, санхүү­гийн боломжоос хамааран тодор­хой­логддог гэж хэлж болно. Тухайлбал, Монгол Улсын хувьд урсгал данс байнга алдагдалтай байдаг буюу санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр дутмаг, гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаард­лагатай. Тийм учраас бид хөрөнгө, санхүүгийн дансыг хаалттай эсвэл ямар нэг байдлаар хязгаарлалт тавих боломж ихээхэн бага. Тэгэхээр манай улсын хувьд хөрөнгө чөлөөтэй урсах нь эдийн засагт илүү үр өгөөжтэй. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд Монгол Улс ханшийг тогтмол төвшинд барихуйц хэмжээний хангалттай нөөцийг бүрдүүлж байгаагүй. Эндээс хангалттай бус валютын нөөцтэй, хөрөн­гийн чөлөөтэй урсгалыг хүлээн зөвшөөрдөг бусад  орнуудын адилаар манай оронд ханш тогтмол байх боломжгүй юм. 
Нөгөөтэйгүүр, манай орны хувьд хэрэглээний импорт өндөр, үйлдвэрлэлд импортын орц өндөр байдаг. Тэгэхээр экспортын бус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болон хэрэг­лэгчийн хувьд импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа огцом өсөлт хүндхэн тусдаг. Иймээс ханшийн огцом хэлбэлзлийг Монголбанк зөөл­рүүлэх, ялангуяа улирлын шинжтэй, богино хугацааны гадаад валютын нийлүүлэлтийн дутагдлаас үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх шаардлага үүсдэг. Энэ зорил­гоор Монголбанк гадаад валютын захад оролцох бөгөөд бусад тохиолдолд Монголбанк ханшийн уян хатан тогтох зарчмыг баримталдаг.  
-Мөнгөний бодлогын үндсэн зорилт буюу инфляцийг гурван жилээр тодорхойлсон байгаа. Сүү­лийн хоёр жилд инфляцын зорилтыг ингэж урт хуга­цаагаар томъёолдог болсон. Үүний шалтгаан юу вэ? 
-Өнөөдөр гаргасан мөнгө­ний бодлогын шийдвэр эдийн засагт маш олон хүчин зүйлээр дамжиж, тодорхой хугацааны дараагаар эдийн засагт, инф­ляцад нөлөөлдөг. Мөнгөний бодлогын хэрэгслүүд нь зах зээлд суурилсан, хамгийн богино хугацаатай санхүүгийн захын хүүнд эхэлж нөлөөлөхөөр тодорхойлогддог. Төсвийн бод­лого шиг эдийн засагт шууд нөлөөлдөг хэрэгсэл байхгүй.  Хамгийн богино хугацаатай хүүнд эхэлж нөлөөлж улмаар банкуудын хадгаламж, зээ­лийн хүүнд нөлөөлөхийн тулд багагүй хугацаа шаар­дагддаг. Хадгаламжийн хүү өөрч­лөгдсөнөөр хувь хүний хэрэглээ, хадгаламжийн, зээ­лийн хүү өөрчлөгдсөнөөр хө­рөнгө оруулалт, үйлдвэр­лэлийн шийдвэрт тус тус нө­лөөлж, улмаар эдийн засгийн өсөлт, инфляцад нөлөөлөхөд нэг жилээс дээш хугацаа шаард­лагатай болдог. Тийм уч­раас өнгөрсөн жилээс эхлээд Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилтыг дунд хугацаанд буюу гурван жил хүртэлх хугацаагаар тодор­хойлж байгаа. Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө гарч дуусаагүй  байхад бодлогын үндсэн  зорилт өөрч­лөгдөөд байвал мөнгөний бод­логын хэрэгжилт дээр ний­цэхгүй байдал үүсэх эрсдэлтэй. 
-Мөнгөний бодлогод тус­­­гагддаг бас нэг зүйл нь сан­хүүгийн системийн тогт­вор­той байдлыг хангах, дэд бүт­цийг сайжруулах. Ирэх онд санхүүгийн системийн та­лаар Үндсэн чиглэлд тодор­хой ямар зүйл заалт тусгагдсан вэ? 
-Эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил буурахаар зах зээлийн эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн борлуулалт, орлого буурч, зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг. Иймээс  санхүүгийн секторын тогтвортой байд­лын үнэлгээг олон улсын байгуул­лагатай хамтарч хийнэ. Үүнийхээ үндсэн дээр цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгээ тодорхойлох чиглэлтэй байна. Мөн гадаад валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг ил тод, үр ашигтай болгох  чиглэлээр тодорхой ажлуудыг Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагатай хамтарч хийхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд оруулсан. 
-Жилийн жилд төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэх шүүмж­лэл өрнөдөг. Одоо өргөн бариад буй Мөнгөний бодлогын үндсэн чиглэл төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байна вэ?
-Хэрэв төсвийн бодлого тэлж, инфляцыг өсгөх нөлөө үзүүлээд эхэлбэл, мөнгөний бодлого автоматаар хумигдах чиглэл рүү явдаг. Тэгэхээр энэ маань харилцан уялдаатай хэрэгжиж байгаа бодлого гэсэн үг. Ирэх оны тухайд төсвийн бодлогод тэлэх орон зай харагдахгүй байгаагаас харахад мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэх байх гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв хумигдах шаардлага үүсээд байгаа. Хэрэв алдагдлаа өрөөр санхүүжүүлэн нэмэгдүүлбэл төсвийн тогтвор­той байдал, өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх болно. Тиймээс төсөв хэдий хэмжээгээр хумигдана, тэр хэмжээгээр мөнгөний бодлогод тэлэх орон зай үүснэ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.