Р.Гандийн нэрэмжит сургууль 50 жилийн тайлангаа тавьж байна

2016.10.21 Баасан №099 (2130)

Мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойгоо удахгүй тэмдэглэх гэж байна. Энэхүү ойгоо угтаж тус сургуулийн дүрслэх урлаг, урлал  дизайны гурван үеийн багш нар үзэсгэлэнгээ дэлгэжээ. 
Тус сургуулийн уран сийлбэрийн анхны багшаар Монгол Улсын ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн сийлбэрч Л.Чуваамид, уран баримлын багшаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Д.Дамдимаа, монгол дархны  багшаар уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байв.  1995 оноос Уран зураг, гобелен, арьсан урлал, металл урлал, чимэглэх урлаг, хувцас дизайн, үйлдвэрлэлийн график дизайн, монгол зураг, керамик гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн есөн анги шинээр нээгджээ. Харин одоо тус сургууль дүрслэх урлагийн 11 мэргэжлээр анхан болон дунд шатны сургалт явуулж байна.
Энэ сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчид улс эх орныхоо соёл, урлагт жинтэй хувь нэмэр оруулж явна. Тухайлбал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол Улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний  нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нарын олон төгсөгчийн амжилт бүтээл нь энэ хамт олны бахархал юм. 
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж 1966 онд анх ардын урлал, үндэсний хувцас, оёдол эсгүүр, нягтлан бодох бүртгэл, үндэсний гутал, гөлөмний эсгүүр, дизель ба модны суурь машины засвар,  дизель цахилгаан, уран дархан, монгол дархны ангид 170 сурагчтай үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнгөрсөн хагас зуун жилд 32 мэргэжлээр 44 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэн гаргаад байгаа ажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.