А.Мөнх-Оргил: Түрүүлж үзээгүй тэмцээндээ түрүүлмээр байна

2016.01.04 Даваа №001 /2032/

- Тамирчин хүн ялалтаар “өлсч” байх ёстой -

Д.ЖАВХЛАН

"ДМЮ" клубийн шинэ жилийн цэнгүүн, өсвөрийн багийн 2015 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 2016 оны эхний өдөр "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" ресторанд өргөн дэлгэр боллоо. Хөлбөмбөгийн хорхойтнуудын эчнээ танил болсон Амарсанаагийн Мөнх-Оргил хэмээх 15 настай хүү энэ өдрийн гол баатар байж, "ДМЮ" клубийн тоглогч бүрийн мөрөөдөл болсон оны шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн юм. Тэрээр хөлбөмбөг тоглосон найман жилийн хугацаанд Монголд болдог өсвөрийн бараг бүх тэмцээнд түрүүлж, мэргэн бууч, шилдэг тоглогчийн шагналыг өөрийн болгожээ. Тухайлбал,  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж, Унгар улсад болсон хөлбөмбөгийн зуны сургалтад хамрагдан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Дуулиан-2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч, Монгол Улсад 2011, 2012 онд болсон алдарт “Милан” клубийн шалгаруулалтад  тэнцэж байв. Мөн Монгол Улсын  өсвөрийн шигшээ багийн ахлагчаар сонгогдон Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөж, БНСУ, БНХАУ-д болсон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн билээ. Ингээд “Монголын Месси” хэмээгдэж буй А.Мөнх-Оргилтой ярилцсанаа хүргэе. 

-“ДМЮ” клубын оны 2015 оны шилдэг тоглогчоор тодорсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Манай клубийн нас насны баг өндөр амжилт үзүүлдэг. Гэхдээ манай 15 хүртэлх насны баг илүү өндөр амжилт гаргасан нь энэ шагналыг хүртэхэд гол нөлөө үзүүллээ. Дээд, доод насны багаа амжилтаараа давж чадсандаа, шилдэг тоглогчоор тодорсондоо их баяртай байна. 
-Өнгөрсөн оны амжилтуудаа дурдахгүй юу?
-Амжилт бүтээл дүүрэн, сайхан жил байлаа. 15 хүртэл насны ангилалд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын УАШТ-ээс алтан медаль, шилдэг тоглогчийн шагнал, талбайн УАШТ-ээс алтан медаль, шилдэг довтлогчийн шагнал, "Тэнгис лиг"-ээс алтан медаль, шилдэг довтлогчийн шагнал, Монголын хүүхдийн спортын V их наадмаас мөнгө, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болсон хоёр орны шилдэг багуудын тэмцээнээс алтан медаль хүртэж, Монгол Улсын 15 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж БНХАУ-ын Вейнан хотод болсон “Торгоны зам цом” олон улсын тэмцээнд оролцсон. 
-2015 оны гол зорилго юу байв?
-Би 2014 онд их муу байж, клубийнхээ бэлгэдлийн шигшээ багт ч багтаж чадаагүй. Тиймээс 2015 онд хичээж, футзал, талбайн УАШТ-д түрүүлж, клубийнхээ оны шилдэг тоглогч болох зорилго тавьсан байсан. Энэ бүхэн биелсэнд их баяртай байна. Тэргүүн байр эзэлж, бүхний манлайд бичигдэх шиг сайхан зүйл үгүй. 
-Тэгвэл 2016 оноос юу хүсч байна вэ?
-Тамирчин хүн ялалт, амжил­таар байнга өлсч явах ёстой. Манай багийнхан 2016 онд 17 хүртэлх насны ангилалд нэг ах хүүхдүүдтэй өрсөлдөх ч өнгөрсөн жилийн амжилтаа батат­гамаар байна. Түрүүлж үзээгүй тэм­цээндээ түрүүлж, нэг түрүүлсэн тэмцээндээ хоёр дахиа түрүүлмээр байна. Басхүү насанд хүрэгчдийн ангилалд УАШТ-д сайн тоглож, МХБХ-ны үндэсний нэгдүгээр лигийн эрх авмаар байна.
-Таны хөлбөмбөгийн анхны багш хэн бэ?
-Манайх намайг бага байхад III хороололд байдаг байлаа. Би “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн шороон талбай дээр очиж, хүүхдүүдтэй хамт тоглоход “Хараацай” клубийн Н.Баттулга багш зааж зөвлөдөг байсан. Харин манайх хотын төв рүү нүүж, би 2007 онд 24 дүгээр сургуульд орсон. Сурагч болсноосоо хэдхэн хоногийн дараа байрныхаа гадаа хөлбөмбөг тоглож байгаад Д.Нанжид багштайгаа таарч, “ДМЮ” клуб, 24 дүгээр сургуулийн багт тоглох болсон. Түүнээс хойш багш, багтайгаа хамт явна даа. 
-Анхны бэлтгэлээ сайн санаж байна уу?
-Нэлээд олон жилийн өмнөх явдал болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг хүүхэд надаас хоёр, бусад нь дөрвөөс олон насаар ах байлаа. Би хурдан гүйж чадахгүй, бөмбөгөө ч олигтой тогтоож чаддаггүй байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд ирэхээр яваандаа сурдаг юм билээ. 
-Тэгвэл анхны медалиа хэзээ зүүсэн бэ?
-2007-2008 оны улиралд Ерөнхий­лөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээний 11 хүртэлх насны ангилалд дөрөв ах хүүхдүүдтэй хамт тоглож хүрэл медаль хүртсэн. Гэхдээ тоглолтын ихэнх хэсгийг сэлгээний сандалд өнгөрүүлдэг байсан миний тус нэмэр гэж юу байх вэ. Тэр медалиа зүүгээд гэртээ ирэхэд аав, ээж маань их баярлаж байлаа. 
-Гэрийнхнээ баярлахыг хараад юу бодогдож байв?
-Ах нарын биш өөрийн хүчээр хүртсэн медалиараа аав, ээж, ахыгаа баярлуулахыг хүссэн. 
-Таны хөлбөмбөгийн шугамаар анх очсон улс Итали уу?
-Үгүй ээ. Би 2010 онд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж, Унгар улсад 14 хоног амрах эрхээр шагнуулсан юм. Манай 24 дүгээр сургуулийн баг 2009-2010 оны улиралд “Дуулиан-2020” тэмцээний 11 хүртэлх насны ангилалд түрүүлж, би хоёр ах хүүхдүүдтэй өрсөлдөж шилдэг өсөх ирээдүйтэй тоглогчийн шагнал хүртсэн нь гол нөлөө үзүүлсэн болов уу. Тэр тэмцээн их түүхтэй. Манай баг хамгийн хэцүү буюу Чингэлтэй дүүргийн хэсэгт тоглож, гуравдугаар байрт орсноор хасагдаад байв. 11 хүртэлх насны ангиллын хасагдах шатанд 15 баг үлдсэн болохоор зохион байгуулагчид хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй багийг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид тэмцээндээ эргэн ирж, улмаар түрүүлсэн дээ. Миний мэдэрсэн хамгийн гоё ялалт. 
-Хоёр ах хүүхдүүдтэй өрсөлдөж өсөх ирээдүйтэй тоглогчийн шагнал хүртсэнийг бодоход багтаа их үүрэгтэй байжээ?
-Би сэлгээнээс тоглолтод ороод үүргээ гүйцэтгэдэг байлаа. Манайх шөвгийн наймд 72 дугаар сургуулийн багтай хүнд тоглолт хийж, эхний гоолыг алдсан. Би сэлгээгээр орж ирээд дөрвөн гоол хийж, манайх 4:1-ээр хожсон нь их урам хайрласан. Хагас шигшээ, шигшээ тоглолтод бас сайн тоглож, хэрэгтэй гоолуудыг хийсэн нь Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэхэд нөлөөлсөн болов уу. Намайг Унгар явахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлагч, “Хас”-ын хэмээгддэг Ч.Ганхуяг ах. Унгар улсын өргөмжит консулаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эдийн засаг, хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдсон байсныг сүүлд олж мэдсэн. 
-Ерөнхий сайд С.Батболдоос жаахан хүү шагнал хүртэж байсныг санаж байна. Тэгэхэд Ерөнхий сайд юу гэж байв?
-Би Ерөнхий сайдын өрөөнд бөмбөг авч ороод гарын үсгээ зурж өгөхийг хүссэн. Тэгэхэд “Уг нь чи надаас биш, би чамаас хүсэх байсан юм. Ирээдүйд мундаг тамирчин болсныхоо дараа ахдаа гарын үсгээ дурсгаарай” хэмээгээд гарын үсгээ зурж өгч билээ. 
-Италид очсоноо ярихгүй юу?
-2011, 2012 онд Италийн алдарт “Милан” клубийн дасгалжуулагч нар Монголд ирж, шалгаруулалт зохион байгуулж, дөрвөн хүүхдийг Милан руу авч явсан юм. Би хоёр жил дараалан тэнцсэнээр Европт дахин очсон. Анхны жил өөрийгөө шалгарна гэж огт төсөөлөөгүй байсан. Их гэнэтийн зүйл болсон шүү. 
-Тэгвэл хоёр дахь удаагийн шалгаруулалтад тэнцэнэ гэ­дэгтээ их итгэлтэй байжээ?
-Нэг хүүхдийг хоёр дахиа явуулна гэдэгт эргэлзэж байсан болохоос биш үнэн шударгаар шүүвэл өөрийгөө тэнцэнэ гэдэгт итгэлтэй байсан. 
-Италид юу болов?
-Дэлхийн олон орноос 9-17 насны 200 гаруй хүүхэд ирсэн. Биднийг хувааж, хооронд нь тоглуулсан. Гэхдээ багуудыг жигд биш хуваасан болохоор тийм ч сайн тоглож чадаагүй. Энэ нь надад маш том туршлага болсон. 
-“Милан”-тай холбоотой олон дурсамж байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд “Милан”, “Катанья”-гийн тоглолтыг үзсэнээ мартдаггүй юм. Тоглолтын дараа хувцас солих өрөөний хажуугийн өрөөнд “Милан”-ы тоглогчидтой уулзаж, гар барьснаа сайн санаж байна. Массимо Амброзини, Стефан Эль-Шаарави зэрэг тоглогчийг харсандаа баярласан ч зураг авахуулж чадаагүйдээ харамсдаг. 
-Хөлбөмбөгийн шугамаар гадны хэдэн улсад очиж үзсэн бэ?
-2010, 2011, 2012 онд Европт, 2013 онд Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Хонгконгт болсон 2014 оны 14 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд, 2014 онд клубийнхээ хамтаар БНСУ-ын Хвасон хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд, 2015 онд БНХАУ-д болсон хоёр тэмцээнд оролцсон. Жил бүр гадагшаа явсан юм байна шүү. 
-Шигшээ багийнхаа тө­лөө тоглоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Улсынхаа төлөө өөр улсын багтай тоглож байгаа гэдэг утгаараа хариуцлага нэмэгддэг. Би 2013 онд 13 хүртэлх насны шигшээ багийн ахлагч байсан болохоор үүнийг илүү мэдэрсэн. Шигшээ баг нутагтаа ирсний дараахан нэг арга хэмжээнд оролцсон юм. Тэгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надад баяр хүргэхэд их баярлаж билээ. 
-Хамгийн амттай ялалтаа түрүүн хэлсэн. Тэгвэл хамгийн харамсалтай ялагдал юу байв?
-Манай баг 2013 оны хавар 13 хүртэлх насны ангилалд өндөр амжилт үзүүлэх боломжтой байлаа. Гэсэн ч Хонгконгт болсон Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн Монголд болдог тэмцээнүүдтэй давхацсан юм. Таван тоглогч нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан нь манай клубт хүнд туссан. Биднийг шигшээ багт бэлтгэл хийж байхад манайх “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтод зургадугаар сургуулийн багтай хийж зургаан гоолын зөрүүтэй хожигдсон нь тэмцээнийг орхиход гол нөлөө үзүүлсэн. Шигшээ баг Хонгконгт байхад манай клуб МХБХ-ны футзалын УАШТ-ий шөвгийн наймд үлдсэн ч бид ирээд олигтой тус болж чадаагүй. Талбайн хөлбөмбөг тоглож байгаад шууд футзал руу орох маш хэцүү. Бид Улаанбаатарт буусны маргааш футзалын УАШТ-ий хагас шигшээд Эрдэнэтийн “Хангарьд”-ыг арай л гэж хожсон. 0:2-оор хожигдож яваад тоглолт өндөрлөхөөс минут гаруйн өмнө чөлөөт цохилтоос бэлтгэсэн хоёр хувилбарын ачаар тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор ялсан. Гэхдээ маргааш нь “Дуулиан-2020”-ийн хариу тоглолтоо зургадугаар сургуулийн эсрэг хийсэн ч зургаан гоолын зөрүүтэй хожиж чадаагүй. Байдгаа шавхсан бид маргааш нь УАШТ-ий шигшээ тоглолтод “Хоромхон”-д 4:5-аар дийлдсэн. Футзалын хоёр гол тэмцээнд түрүүлэх боломжоо хоёр өдөр дараалан алдсан нь их хэцүү санагдаж билээ. Гэхдээ тавын тавуулаа шигшээ багт багтсаны хэргээ гаргаж, тэр жилийн талбайн УАШТ-д анх түрүүлээд их баярласан. 
-Том болоод багаа солих уу?
-Өөр клубын өмнөөс тоглох тухай бодож ч байгаагүй. Манай клуб энэ жилээс эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний нэгдүгээр лигт тоглож эхэлсэн. Би ч гэсэн ах нартайгаа хамт насанд хүрэгчдийн ангилалд тоглож байгаа, цаашид ч тоглоно. Хэрвээ гадаадын сайн багт тоглох боломж олдвол л клубээсээ явах байх. 
-“ДМЮ” клубийнхээ тухай ярихгүй юу?
-Манай клуб хүүхдийг сайн тоглогч гэхээсээ сайн хүн болж төлөвшихөд их анхаарал хандуулдаг. Тиймээс өндөр сахилга бат, зохион байгууллалттай. Манайд зан харилцааны асуудалтай, буруу зуршилтай хүүхэд байхгүй. Үүний хажуугаар өндөр амжилт үзүүлдэг. Монголын нэлээд олон клубийн ганц, хоёр насны баг нь сайн, бусад нь сайнгүй байдаг бол манай бүх насны баг тэмцээн уралдаанд өндөр амжилттай оролцдог. “ДМЮ” клубийн тоглолтын хэв маяг, арга барил арай өөр байдгийг хөлбөмбөг үздэг хүмүүс мэднэ. 
-Танай 2000 оны багийн амжилтын гол нууц нь юу юм бэ?
-Бид 2009 онд есөн настай байхдаа л цугларч, ах нартайгаа хамт тэмцээн уралдаанд оролцох болсон. Манай насны тоглогчид өндөр ур чадвартайгаас гадна бие биеэ маш сайн ойлгодог. Нүдээ аниад, тэр тэнд байгаадаа гэж бодоод дамжуулалт өгсөн ч эзнээ олно. Хамтдаа олон удаа бэлтгэл хийж, тэмцээнд оролцож, цугларалтад гарч, гадагшаа явж, баяр ёслолоор хамт байдаг болохоор тэгж сайн мэдэрдэг юм болов уу. 
-“Барселона”-гийн тики-така хувилбар юм биш үү?
-Бараг л ...
-Таныг цөөнгүй хүн “Монголын Месси” гэдэг юм байна.
-Би өөрийгөө тэр мундаг хүнтэй адилтгаж боддоггүй. Тодорхой хэмжээнд амжилт үзүүлдэг болохоор тэгж зүйрлэсэн юм болов уу. 
-Цаашид хөлбөмбөгөө тоглосоор байх уу?
-Аав, ээжийнхээ зөвлөснөөр боловсролдоо анхаарч, гадаадад суралцана. Хөлбөмбөг чухал ч боловсрол илүү хэрэгтэй гэж бодож байна. 
-Одоо аль сургуульд суралцаж байна вэ?
-2013 оноос Улаанбаатар дахь америк сургуульд суралцаж байна. Манай сургуулийн дүрэм журам маш хатуу. Чөлөө өгнө гэсэн зүйл байхгүй. Тухайн сурагч хичээл, шалгалтдаа байхгүй бол шууд 0 оноо тавина. Эргэж нөхөх ямар ч боломжгүй. Хөлбөмбөг, хичээл хоёрыг зохицуулах л миний хамгийн том, өрсөлдөгч багаа хожихоос ч илүү асуудал болчихоод байна. 
-Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.