Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал

2016.10.14 Баасан №097 (2128)

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр өчигдөр буюу хоёр дахь өдрөө Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв.  Мөн “Манай хоёр улс  ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр төвшинд байгаагийн илэрхийлэл” гэж тодотголоо. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажил­лагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал, тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг Т.Оошима онцолов. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харил­цан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим бөгөөд ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсон гэж тэрээр хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сүүлийн жилүүдэд Монгол, Японы өндөр, дээд төвшний харилцан айлчлалын давтамж ойртож, энэ хэрээр харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун бай­гаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн зас­гийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр төвшинд хүргэх нь Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд хэллээ. Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэл­цээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбог­долтой. Энэ хэлэлцээрийг ам­жилт­тай хэрэгжүүлж, худал­дааны эргэлтийн хэмжээг дорви­той нэмэгдүүлэх шаард­лага байгааг Ерөнхий сайд онцлоод юуны өмнө Давхар тат­варын хэлэлцээрийг байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэх эрмэлзлээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү уулзалтынхаа дараа тус улсын парламентын Зөв­лөхүүдийн танхимын дарга Ч.Датэд бараалхлаа. Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэг­жиж эхэлснээс хойш хийж буй анхны айлчлал гэдгээрээ Ерөнхий сайдын айлчлал онцлог гэдгийг Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ тэмдэглэлээ. Мөн улс төрийн тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг Монголд бий болгож, улмаар хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гар­гахад ихээхэн дэмжлэг болохыг онцлов. Манай хоёр орны стратегийн түншлэлийг өргө­жүүлэхэд бизнесийн харилцаа, ард иргэдийн хоорондын нөхөр­лөл маш чухал тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Ерөнхий сайд мөн өдөр Японы Либерал ардчилсан на­мын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын эдийн засгийн хорооны  удирд­лага, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага /ЖЕТРО/-ын Х.Ишигэ нартай  уулзаж Монгол, Японы худалдаа, хө­рөнгө оруулалтын форумд оролцож үг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.