“МАН амлалтаасаа ухарлаа” гэдэг нь үнэнд нийцэхгүй гэв

2016.10.14 Баасан №097 (2128)

МАН-ын ерөнхий нарийн бич­гийн даргын үүргийг түр орлон гүй­цэтгэгч Д.Амарбаясгалан тэргүүтэй хү­мүүс хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Д.Амарбаясгалан хэлэхдээ,  “Орон нутгийн сонгууль болж байгаа­тай холбогдуулан АН-аас МАН-ыг “Ам­лалтаасаа буцаж, мөрийн хөтөл­бөрөөсөө ухарлаа” гэсэн мэдээлэл тарааж байна. МАН-ын зүгээс сон­гуулийн мөрийн хөтөлбөрөө 100 хувь Зас­гийн газрын мөрийн хөтөлбөр бол­гон ажиллаж байгаа. Төсвийн тодот­голын үеэр орлого бүрдүүлэхийн тулд, аж ахуйн нэгжийн татвар нэмэх зэрэг асуудал оруулсныг МАН хойш ухарлаа хэмээн ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй. Манай намын мөрийн хөтөлбөр бол 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд бид дөрвөн жилийн дараа хэрэгжилтийг танилцуулна. 
Засгийн газрын дансыг аваад нээж үзэхэд орлого бүрдэх найдваргүй, хасах заасан байсан. Төсвийн хөрөнгийг ямар ч эмх замбараагүй, үрэн таран хийснийг засахаар ажиллаж байгаа. Жишээлбэл, Чингис бондын хөрөнгийг гэхэд Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа, хариуцсан албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж 1.3 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг шалгалтаар тог­тоосон. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа” гэв. 
Мөн “Цалин тэтгэвэр нэмэх нь бит­гий хэл хасах хэмжээний байдал бий болсон. Гэтэл МАН иргэдийн цалинг хасах байдлаар асуудлыг шийдэх нь буруу, харин цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэх шаардлагатай юм гэж үзэж байгаа. Ингэхийн тулд эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч байна. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гурван арга зам төлөвлөн ажиллаж байна. Нэгдүгээрт, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, хоёрдугаарт бага хүүтэй урт хугацааны зээл авах, гуравдугаарт, бондын хугацааг сунгах  зэргийн аль нэгийг сонгон хэрэгжүүлнэ. 
Тиймээс Ерөнхий сайд Япон улсыг зорьсноос гадна Гадаад хэргийн сайд Япон, БНСУ-д ажиллаад ирсэн. Мөн Сангийн сайд ОУВС-гийнхантай уул­залт хийгээд ирсэн” гэлээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.