Уул уурхайг тогтвортой хөгжлийн үндэс болгоно

2016.10.14 Баасан №097 (2128)

“Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд Монголд” чуул­ган өчигдөр боллоо. Энэхүү чуул­ганыг Австралийн Засгийн газ­рын дэмж­­лэгтэйгээр Хөгж­­лийн төлөөх эрдэс бая­лаг, эрчим хүчний холбоо, Австралид төгсөгчдийн холбоо,  Австралийн Күинсландын их сур­гууль, Баруун Австралийн их сургууль, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэм­лэгийн Эрдэс баялгийн цогц санаачилга төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Чуулганд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биате Тракман, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Ланггри нарын хүндтэй зочдоос гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хууль зүйн хэлтсийн дарга С.Мандахбат, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарцогт, “Тавантолгой” ХК-ийн гүй­цэтгэх захирал Р.Сэддорж н­а­рын албаны хүмүүс оролцсон юм. НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэд­­гээрийг Монгол Улсын тогт­­вортой хөгжилд уул уур­хайн салбарын оруулах хувь нэмэртэй хэрхэн уялдуулах асуудал чуулганы гол сэдэв байлаа. 

Монгол Улсын ДНБ-ий 16.7 хувь, экспортын бүтээг­дэхүүний 87 хувь, аж үйлд­вэрийн бүтээгдэхүүний 55 ху­вийг үйлдвэрлэн гаргадаг уул уурхайн салбарт хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байгаа. Хөрөнгө оруулалтын орчин ч мөн тааламжгүй. Тий­мээс дэлхийн улс орнуудыг хөрөнгө оруулалтын чадавхиар нь жагсаахад манай улс 85 дугаар байрт орсон байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг Уул уурхай, хөнгөн үйлдвэрий яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд онцоллоо. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох үйл  явцыг нээлттэй, хөн­гөн шуурхай болгох юм бай­на. Үүний зэрэгцээ уурхайн хаалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа ажээ.
НҮБ-ын хөгжлийн хөтөл­бөрийн суурин төлөөлөгч хатагтай Биате Тракман НҮБ-аас өнгөрсөн жил баталсан Тогт­вортой хөгжлийн зорил­туудыг танилцуулж, эдгээр 17 зорилтоос уул уурхайтай холбогдох заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой саналууд хэлсэн юм. Монгол Улсын хувьд уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багас­гах, орон нутгийн иргэдийн дэмж­лэгийг авч хамтран ажиллах, усны менежментийг нээлттэй болгох, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль экологит гарч буй өөрчлөлтийг судлах зэрэг тулгамдсан асуудал байгааг ч хатагтай Тракман онцоллоо. Тэрээр тогтвортой хөгжлийн зорил­туудыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын бодлогын уялдаа холбоо, алсын хараа, хувийн хэвшлийнхний оролцоо чухал гэдгийг хэлсэн.   
Мөн энэхүү чуулганы үеэр МУИС-ийн Эдийн зас­гийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжил­гээ­ний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, Күинсландын их сургуулийн судлаач Д.Бямбажав, Олон улсын санхүү­­гийн корпорацийн зөв­лөх Э.Энхбилэг, Германы Олон улсын хамтын ажил­лагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаа­чилга хөтөлбөрийн захирал Штефан Ханселман нар эдийн засгийн өнөөгийн байдал, өсөлт хөгжилт, нийгэм орон нутгийн хөгжил, байгаль орч­ны тогтвортой байдлыг хам­гаалахад хувийн хэвшлийн оролцоо, байгалийн баялгийн засаглал зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.