Дэлхийн шинэ дарга А.Гутерришийн даалгавар юу вэ

2016.10.14 Баасан №097 (2128)

НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох санал хураалт өчигдөр болж, Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерриш сонгогдлоо. Тэрээр уг албан тушаалд өрсөлдсөн ганц нэр дэвшигч байсан юм. Түүнийг “Дэлхийн дарга”-аар сонгогдох нь гарцаагүй болсны дараа ямар үүрэг хүлээж байгаа, биелүүлж чадах эсэхийг нь олон улсын тоймчид дэнслэн бичиж эхэлсэн. Ингээд НҮБ-ын шинэ дарга Антониу Гутерриш гэж хэн болох, түүнийг сонгосноор Бан Ги Муны явуулж байсан бодлого хэрхэн өөрчлөгдөх талаар шинжээчдийн бичсэнээс тоймлон хүргэе. 

Сонгуулийн жил гарав уу үгүй юу Бан Ги Муны залгамжлагч хэн байж болох талаар мэдээлэл олон улсын хэвлэлд гарч эхэлсэн. Тэрхүү мэдээллүүдээс харахад гишүүн орнууд эмэгтэй хүнийг дарга болгохоор санал нэгдсэн гэж харагдаж байсан ч ийм зүйл болсонгүй. Антониу Гутерриш Португалийн Ерөнхий сайдаар ажиллаж, НҮБ-д Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороог толгойлж байсан нэгэн. Дэлхийн улс төрийн байдалд дүрвэгсдийн асуудал чухал болж байгаа нь түүнийг энэ албан тушаалд томилох гол үндэслэл болсон байж ч мэднэ. Тэрээр НҮБ-д 10 гаруй жил ажилласан туршлагатай учир байгууллагын бүтэц, ажлын үйл явц, олон улсын харилцааны талаар арвин туршлагатай. Гэсэн ч түүний өмнө маш амаргүй даалгаврууд хүлээж байгааг ажиглагчид онцолж байна.   
    
Даалгавар 1. НҮБ-ын идэвхгүй байдлыг өөрчлөх
Дэлхий нийт нэгэн үе НҮБ-ыг хамгийн хүчирхэг байгууллага гэж тооцон, ямар ч үл ойлголцол гарсан зохицуулах хүчтэй гэж боддог байлаа. “Гаднын ямар нэг улс халдвал НҮБ болиулна” гэж бат нот итгэдэг байв. Гэвч тийм биш гэдгийг өнгөрсөн таван жилд өрнөсөн үйл явдал харууллаа. 
НҮБ-ын бүтэц өнгөрсөн 70 жилд хэмжээнээсээ хэтэртэл томорчээ. Зургаан үндсэн байгууллагын нэг Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт гэхэд л 5.5 мянган хүн ажиллаж, 2016-2017 оны төсөв нь 5.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ их мөнгийг гишүүн орнуудын татвараар бүрдүүлэх боломжгүй болсныг хэн ч анзаарсангүй. Хэтэрсэн зардлыг санхүүжүүлсэн АНУ эдүгээ шийдвэрт нөлөөлөх хэмжээний эрх мэдлийг төвлөрүүлсэн байна. АНУ-ын эрх ашигт хүссэн ч хүсээгүй ч үйлчилдэг энэ сул талаа НҮБ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте “НҮБ-аас гараад БНХАУ болон бусад улсуудтай нийлж шинэ тогтолцоо бий болгоно” гэж мэдэгдсэн нь үүний тод жишээ. Өөрийнх нь халааг авах болсныг мэдээд Бан Ги Мун А.Гутерришт НҮБ-д итгэх итгэлийг сэргээхийг аминчлан захисан гэх. Энэ нь А.Гутеришийн өмнө тавигдсан хамгийн эхний бөгөөд хүнд даалгавар юм. 

Даалгавар 2. Аюулгүйн зөвлөлийн тодорхойгүй байдлыг өөрчлөх
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнийхээ 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг гэдгийг бүгд мэднэ. Чухам энэ дүрэм НҮБ-ыг үүргээ гүйцэтгэхэд саад болж, улмаар иргэдийн итгэлийг алдахад хүргэсэн. Сирид энхийг сахиулагч оруулах шийдвэрийг ОХУ хоёр жил гаруй хориглож байна. Энэ мэтчилэнгээр дэлхийн аль нэг өнцөг буланд болж буй мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн эрх ашигт нөлөөлвөл НҮБ хөндлөнгөөс харахаас өөр юу ч хийж чадахгүй байдалд хүрч. Энэ байдлыг хэрхэн шийдэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Магадгүй А.Гутерриш ч мэдэхгүй байгаа болов уу. Гэхдээ түүний ямар байр суурь илэрхийлэхийг бүгд хүлээж байгаа нь маргаангүй. Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн санал хураах одоогийн дүрмийг өөрчлөх юм бол ОХУ шийдвэртэй арга хэмжээ авна гэж Гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Үнэхээр ч олонхийн саналаар шийддэг болсон тохиолдолд НҮБ тарж бутрах ч магадлалтай юм. 

Даалгавар 3. Украины асуудал 
Украин улс Аюулгүйн зөвлөлийн гишүүн болоод удаагүй байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд А.Гутеришийг дэмжихээ илэрхийлсэн. Тэгвэл А.Гутерриш тэдний төлөө юу хийж чадах вэ. Украинчууд бол НҮБ-ыг юуны түрүүнд ОХУ-тай үүсгэсэн асуудалд хөндлөнгийн шүүгчийн үүрэг гүйцэтгээсэй гэж хүсч байгаа. Тэдний талд баримт байгаа учраас ялна гэдэгтээ ч эргэлзэхгүй буй. Гэвч НҮБ ОХУ гэсэн том эрх ашгийг сөрөн зогсох чадвартай юу. НҮБ-ын гишүүн орнуудын дунд ОХУ-тай найрсаг харилцаатай, магадгүй эдийн засгийн хувьд хараат улс олон бий. Тэд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гээд асуудал анхаарал татаж байна. 
А.Гутерриш шинэ оны эхний өдрөөс албан ажилдаа орно. Тэр үеэс дээр өгүүлсэн олон асуудалтай нүүр тулна. Тойлгойлж буй байгууллагынх нь чиг үүрэг хандив цуглуулах төдийгөөр хязгаарлагдах болж байгааг зүгээр харж суух гашуун тавилан Бан Ги Мунд ногдсон. Түүний энэ хувь заяаг А.Гутерриш давтах уу, эсвэл шийдвэртэй өөрчлөлт хийх үү гэдгийг тэр үед л харъя даа. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.