Н.Бум-Эрдэнэ: Би 200 удаа цусаа өгч 600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн

2016.10.14 Баасан №097 (2128)

Манай улсад одоогийн байдлаар ганц байдаг алтан донор Н.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.

-Анх хэзээ, ямар учраас цусаа өгч байв?
-Хамгийн анх 2001 онд миний ихэр охид төрөхдөө эмнэлгийн алдаанаас болж халдвар авсан байсан. Тэгэхэд эмч намайг “Цусаа шинжлүүлээд ир. Охидод чинь цус хэрэгтэй байна” гэсэн. Тэгж цусаа өгч эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй арваад жил цусаа өгч байна.
-Энэ хугацаанд хэчнээн литр цус өгсөн. Та түүнийгээ мэдэх үү?
-Түүнийг яг нарийн тооцож үзэж байгаагүй. Нарийн тооцъё гэж ч боддоггүй. Гэхдээ 200 орчим удаа цусаа өгсөн. Нэг удаагийн цус өгөлтөөр гурван хүний амь авардаг гэж ярьдаг. Тэгэхээр өөрийгөө буянтай сайхан үйл хийж байна гэж боддог. 
-Мэдээж энэ их сайхан хэрэг. Цусаа өгч амь насыг нь аварсан хүнээ харж байсан уу?
-Бидний цус хэнд ч очиж болно. Түү­нийг мэдэх боломжгүй. Цусаа өгөхийн хамгийн сайхан нь тэвдэж сандар­сан, айсан, яарсан зовсон хү­мүүст туслах. Нэг ёсондоо хүнд амьдрал бэлэглэж байгаа хэрэг шүү дээ. 
-Ямар давтамжтай өгдөг вэ?
-Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа өгөх ёстой байдаг. Цус авах хэм­жээ нь хүмүүсээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. 
-Цус багадалттай холбоотой шинж тэмдэг таны биед илэрдэг үү?
-Үгүй ээ. Харин ч өгөхгүй удахаар нозоороод, толгой өвддөг. Цу­саа өгчихөөд гараад ирэхээр бие хөнгө­рөөд сайхан болдог. Ингэхээр бүр дадал суусан байдаг байх гэж боддог. 
-Байнгын цус өгч байгаа юм чинь төлжүүлэх тал дээрээ их анхаардаг уу.
-Хүмүүс энэ асуултыг надаас байнга асуудаг. Сонирхолтой санагддаг байх. Гэхдээ би цусаа төлжүүлье гэж витамин, бэлдмэл, уураг, эм тариа гэх мэт янз бүрийн зүйл хэрэглэдэггүй. Сайхан хоол идэхэд л болоод явчихдаг. 
-Хүмүүс цусаа өгөхдөө их л дурамжхан байдаг. Танд тэгж санагддаг уу?
-Тийм ээ. Хүмүүс цус өгөх юм бол бараг унана гэсэн ойлголттой байдаг. Намайг “Яах гэж цусаа өгдөг юм. Хайран цус” гэж зэмлэдэг хүмүүс ч бий. Гэхдээ энэ нь хүмүүсийн ойлгоод байгаа шиг зүйл биш. Би найз нөхдөө ятгаад дагуулж очиж цус өгч байсан тохиолдол зөндөө байдаг. 
-Доноруудыг сайн дурынхан байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ ямар нэгэн урамшуулал, гарын бэлэг авдаггүй юм уу?
-Анхнаасаа л Ерөнхийлөгч “Ав­лага­гүйгээр цусаа бэлэглэе” гэдэг уриалга гаргасан болохоор эмч эмнэл­гийн мэргэжилтнүүд бэлэг, урам­шуулал өгдөггүй. Донорууд ч авъя гэж боддоггүй. Гэхдээ цусаа өгч буй хүмүүст гарын бэлэг, мөнгөн урамшуулал өгвөл донорын тоо нэмэгдэх байх. Энэ нь миний л бодол л доо. Мөн цусаа өгснөөр цус багадаж, унадаг юм биш. Харин ч цусны эргэлт сайжирч, бие хөнгөрдөг. Тиймээс цааргалахгүй цусаа өгч бие биедээ амьдрал бэлэглэцгээе. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.