Эрүүл мэндийн хөгжлийн төв олон шинэлэг ажил санаачилжээ

2016.10.14 Баасан №097 (2128)

Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус төв нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1996 оны аравдугаар сарын 4-ний өдрийн тушаалаар анх байгуулагдаж байжээ. Анх Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв нэртэйгээр үүд хаалгаа нээжээ. Үүнээс хойш бүтэц, зохион байгуулалтын хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байна. 
2012 онд Засгийн газрын 50 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 320 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болсон аж. Тус төв нь одоо захиргаа аж ахуйн, статистик мэдээллийн, тогтолцоо судалгааны, телемедицины, түргэн тусламжийн үйлчилгээний, төгсөл­тийн дараахь сургалтын алба­­тайгаар үйл ажиллагаагаа явуул­даг байна. Мөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төг­сөлтийн дараахь мэргэшүүлэх болон давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох, эрүүл мэндийн тогтолцоо, судал­гааны чиглэл, статистик мэдээ­лэл, телемедициний үндэсний сүлжээ, байгууллага ир­гэдээс баримт би­чиг хүлээн авах, төрийн сангаар сурал­цагчдыг байраар хангах зэрэг ажлуудыг хариуцан хийдэг ажээ. 
Сүүлийн үед хийж буй онцлох ажлынхаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн сард сургалтан дээрээ түлхүү анхаарч ажиллалаа. Эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, төрөлжүүлэн нарийн мэргэжил олгох, түүнийг дээшлүүлэх зэрэг сургалтыг хийдэг. Эмч нар жил бүр зургаан кредитийн сургалтад сууж лицэнзээ сунгадаг тогтолцоотой. Үүний хүрээнд сургалт зохиож, шинэлэг ажлуудыг эхэлсэн. Ахмад туршлагатай эмч нарыг сургалтад хамруулж сургагч багш нарыг бэлдэж байна. Бэлтгэгдэж буй эдгээр сургагч багш нар нь аймаг, дүүрэг, сумдын эмнэлгүүд дээр нэг нэгээрээ очоод тэндэхийн эмч, ажилтнуудад сургалтаас сурсан зүйлээ заах юм. Энэ маягаар 90-ээд хүнийг сургалтад хамруулсан. Энэ сургалт нь олон зүйлд тустай. Хүн гэдэг ер нь амархан, энгийн зүйлсээ мэддэг юм шиг хэрнээ түүн дээрээ их алдаа гаргадаг. Сургагч багш бэлтгэх сургалтаа Японы мэргэжилтнүүдтэй хамтран зохиож байгаа. Уг жишиг нь энэ улсад нэлээд хөгжсөн байдаг. Үүнээс гадна гэмтэгсдийг аврах лавшруулсан, анхан шатны эмнэлгүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах, сэтгэл зүйн эерэг хандлага төлөвшүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг олгох, цахим хурал, зайн сургалтудыг явуулдаг. Мөн өмнө нь II төвшний суралцагчид улсын эмнэлгүүдэд мэр­гэшихээр хуваарилагддаг байсан. Ингэхдээ нэг тасагт 10, 20 төгсөгч очдог. Олуулаа очихоор юм сурах нөхцөл мууддаг. Харин бид үүнийг өөрчлөн хүрээгээ тэлж ажиллахаар шийдсэн. Зөвхөн улсын том том эмнэлгүүдэд биш сум, дүүргийн эмнэлэгт төгсөгчдөө хуваарилдаг жишиг тогтоохоор болсон” гэлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.