Б.Гангаамаа: Дараагийн дайралтаа хийхэд бэлэн. Гэвч...

2016.10.14 Баасан №097 (2128)

Антрактидын ноён оргил Винсон Массиф ууланд авирахаар зэхэж буй гавьяат тамирчин Б.Гангаамаагаас тодруулга авлаа.  
-Та саяхан дэлхийн долоон ноён оргилын зургаад нь гараад ирлээ. Удахгүй сүүлийн оргил руугаа дайралт хийх гэж байна. Энэ хооронд сайн амарч чадсан уу?
-Давгүй ээ. Би хэдэн сарын өмнө дэлхийн долоон ноён оргилын нэг Индонез улсад орших далай төвшнөөс дээш 4884 метр өндөр Карстенз Пирамид ууланд амжилттай авираад ирсэн. Энэ авиралтаас ирэнгүүтээ л нутгийн зүг хөлгийн жолоо залсан. Орхон аймагт хэд хоног сайхан амарсан. Дараагийн дайралтаа хийхэд биеийн хүчний бэлтгэл талаасаа бол бэлэн байна.  
-Тэгвэл бэлэн биш нь юу вэ?
-Антрактид руу явах, ирэх замын зардлыг “Туркиш Эйрлайнс” компани гаргахаар болсон. Гэхдээ тэнд байрлах байр, хоол гээд зардал их гарна. Би хандивын данс аялуулсан бөгөөд одоогоор тав орчим сая төгрөг цугласан. Надад нийт 461 хүн хандив өргөсөн байна лээ. Одоо цаана нь 35 сая төгрөг хэрэгтэй байгаа.  
-Та өндөр уулын бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангасан бэ. Антрактидад хийх аялал тань тун амаргүй гэж дуулсан юм байна?
-Маш эрсдэлтэй авиралт. Нэгэнт дайралт хийнэ гээд олон хүнд хэлчихсэн болохоор зүтгэхээс өөр арга алга. Би энэ онд дэлхийн хоёр том оргилд амжилттай гарсан. Энэ надад бэлтгэл сургуулилт болж байгаад юм. Долоо дахь ноён оргилынхоо бэлтгэл сургуулилтыг Улаанбаатар хотын ойролцоох ууланд хийж байна. Одоо үлдэж буй 35 сая төгрөгийг хандиваар бүрдүүлнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.