“Шинэ үе” буюу гурван “Х”-гийн гайхамшиг

2016.10.14 Баасан №097 (2128)

- Эксель жилд нэг сая ширхэг зарагдсан үзүүлэлтээрээ рекорд тогтоож байжээ-

“Хьюндай”-г солонгос хэлнээс орчуулбал “Шинэ үе” гэсэн үг аж. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд цахиур хагалан орж ирээд өдгөө ч байр сууриа хадгалсаар буй энэ компанийн түүхээс автомашин сонирхогчиддоо цухас өгүүлье. 
Канвоноос гаралтай Чон Жу Ён хэмээх техник сэтгэлгээтэй залуу  Хьюндайг анх байгуулсан юм. Анх үүссэн цагаасаа хойш компанийн дотоод амьдрал болон бүтээгдэхүүний чанарт огцом өөрчлөлт гарч байгаагүй ч урт удаан хугацааны турш ажлаа чанаржуулсаар иржээ. Тус компани Дэлхийн II дайны дараа дизель моторыг бензин болгож өөрчлөх бизнес эрхлэх зорилгоор байгуулагдаж байсан түүхтэй. Анхны бизнесээ эхэлснээс хойш багагүй туршлага хуримтлуулсны эцэст 1967 оны есдүгээр сард автомашины үйлдвэрлэл эрхлэхээр Сөүл хотод албан ёсоор албан тасалгаагаа нээжээ. Улмаар 1975 онд Улсан хотод анхныхаа үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна. Компанийн эхний зорилго нь автомашин үйлдвэрлэлийн салбартаа хур туршлагатай хамтрагч олж авах явдал байв. Тэд өөрсөддөө тохирох хамтрагч хайсаар Хөгшин тивийн хамгийн алдартай машин үйлдвэрлэгчдийн нэг “Форд” компанитай тохиролцоонд хүрсэн нь тэдний анхны амжилт байжээ. “Хьюндай” компанийн үйлдвэрлэсэн анхны машин нь “Форд”-той хамтран бүтээсэн “Cortina” хэмээх загвар юм. Энэ загвар нь хагас жилийн дотор 20 мянган ширхэг борлогдсон явдал компанийн удирдлагуудад маш их урам өгчээ. 20 мянга гэдэг бол шинэ гарч байгаа компанийн хувьд маш том амжилт байв. “Форд” “Хьюндай”-гийн хамтын ажиллагаа 80-аад он хүртэл үргэлжилж “Taunus”, “Granada” загварыг худалдаанд гаргасан юм. 

Экселийн эрин буюу үйлдвэрлэлийн алтан үе

Тус  компанийн  анхны  бие  даасан  загвар “Хьюндай Пони” 1974 оны аравдугаар сард Туринд болсон авто үзэсгэлэнд тавигдсан нь олон улсын анхаарлыг татаж БНХАУ импортлох саналаа анхлан тавьж байв. Улмаар шинэ загварыг Эквадор, дараа нь БНХАУ-д экспортлох болжээ. 
Дашрамд дурьдахад, “Пони”, “Эксел”-ийн загвар дээр  салбартаа “Зууны шилдэг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, Италийн алдарт мэргэжилтэн Жоржетто Жужаро ажилласан байдаг. Авто ертөнцийн Жоржио Армани гэж хэлж болох энэ эрхмийг бид жич танилцуулах болно.   
“Пони”-г залган гарч ирсэн “Хьюндай Эксель” буюу Х1 загвар дэлхийн авто­машин үйлдвэрлэлийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй амжилтыг гаргасан юм. Дөрвөн цилиндр бүхий 1500 мотортой тав болон дөрвөн хаалгатай уг загвар анх гарсан 1985 ондоо АНУ, Канад Австрали зэрэг орнуудад 168.882 ширхэг зарагдаж дээд амжилт тогтоосон бол дараа жил нь нэг сая ширхэг зарагдаж хэзээ ч эвдэгдэхээргүй дээд амжилт тогтоосон билээ. Хөнгөн авсаархан, түлш бага зарцуулдаг (100 км-т 8.8 литр), боломжийн хүчтэй (68 морины хүчтэй), хамгийн гол нь хямдхан (4.995 ам.доллар) зэрэг чанар нь АНУ-ын дундаж гэр бүлийн хэрэгцээнд яв цав таарч байжээ. Нүсэр, шатахуун их зарцуулдаг америк машинуудыг дээрх чанараараа бут цохиж, тухайн жилийнхээ “Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээг­дэхүүн”-ээр шалгарч байв. Алс холын Австрали тивд ч амжилт олжээ. Сидней, Мельбурн хотуудад одоо ч гэсэн X1 загварын машинууд явдаг аж. Одоо ма­найд мэр сэр явж байгаа харагддаг X2 нь 1992 оны загвар юм. “Хөнгөн”, “Хүчтэй”, “Хямдхан” буюу “Гурван Х”-гийн зарчим энэ цагаас эхлэн Хьюндай компанийн имижийг илэрхийлсээр өнөөг хүрчээ.    

Алдарт 1.5 хөдөлгүүрийг бүтээлээ

“Соната”-гийн эхний заг­вар 1988 онд худалдаанд гарч, уламжлал ёсоор амжилтыг ар араасаа дагуулав. Гэхдээ энэ бүхэн уг загварын хувьд хангалтгүй байлаа. “Хьюндай” хэдийгээр олон улсын зах зээл дээр их амжилт олсон ч 1989 он хүртэл “Мицубиши” ком­панийн лицезтэй моторыг хэрэг­лэсээр байсан юм. Ком­панийн удирдлага “өртөг” ихтэй энэ нөхөрлөлөө тас­лахыг 1984 оноос хичээж эхэлсэн бөгөөд таван жил гаруй хөдөлмөрлөсний эцэст 1989 онд буюу “Соната”-гийн загвар гарснаас яг жилийн дараа “Альфа” гэж нэрлэсэн алдарт 1.5 хөдөлгүүрээ дэл­хий нийтэд танилцуулжээ. Энэ нь цаашдаа “Бетта”, “Гамма”, “Дельта”… гэх мэ­тээр үргэлжлэн сайжирсан түүхтэй. Гэхдээ Солонгосын анхны жийп “Galloper”-ийг бүтээхэд үлэмж тус хүргэсэн тул “Мицубиши”, “Хьюндай” компанийн харилцаа одоо ч халуун дулаан байдаг. Хьюндай компани “Соната”-г зохион бүтээхэд 30 сая ам.доллар зарцуулсан бол 1.5 хөдөлгүүрт 100 гаруй саяыг “хаясан” гэдэг. Женев, Детройт, Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон авто шоунд Азийн үйлдвэрлэгчид голдуу хямд төсөр, бензин бага зарцуулдаг машинаар өрсөлд­дөг уламжлал чухам энэ үеэс эхэлсэн юм.
“Хьюндай” өнгөрсөн онд Хятад, Энэтхэг дэх борлуу­лалтаа өсгөөд зогсохгүй ОХУ, Турк, Чехийн аль нэгэнд үйлдвэрээ барих зорилт тавин ажиллаж байгаа аж. “Хьюндай” компани одоо ч “Гурван Х”-гийн зарчмаа хэрэгжүүлсээр, дэлхийн топ-100 компанийн жагсаалтад багтсаар явна.  

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.