Зөрчил гаргасан жолоочийг торгохоос гадна оноог нь хасна

2016.01.04 Даваа №001 /2032/

М.Алтанцэцэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд жолоочийн зөрчлийн онооны тухай заалтыг шинээр тусгасан бөгөөд энэхүү заалт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч бүр 10 оноотой болсон гэсэн үг. Харин эрхээ хасуулсан байгаа бол сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд уг оноог олгоно. 

Зөрчлийн 10 оноог ингэж хасна 
Замын хөдөлгөөний аюул­гүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан 1-5 оноо хасна. Үүнээс гадна дараахь тохиолдлуудад 1-3 оноо хасах юм.

Нэг оноо 
-Тээврийн хэрэгсэл жо­лоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн 
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ча­дахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн 
-Замын хөдөлгөөнд орол­цохдоо хамгаалах бүс, мал­гай хэрэглээгүй, хамт яваа зорчигчдоо хамгаалах бүс, малгай хэрэглүүлээгүй 
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн тохиолдолд 
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн
-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцвол нэг оноо.

Хоёр оноо
-Тухайн тээврийн хэрэгс­лийн ангилалд тохирох үнэм­лэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн  
-Улсын бүртгэлийн ду­гааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 
-Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлтэй үед чиргүүлийн холбоос нь эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 
-Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй
-Хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийвэл 
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй 
-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хоёр оноо.

Гурван оноо
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн  
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол гурван оноо хасах юм байна. 
 
Харин зам тээврийн осол гаргасан тохиолдолд таван оноо шууд хасах бөгөөд оноо дууссан тохиолдолд жолооны эрхийг хасах юм. Зөрчил гаргах бүрт жолоочийн зөрчлийн оноогоо тогтоосон журмын дагуу хасуулахаас гадна дээр нь нэмж хуульд заасан хэмжээгээр торгууль төлнө. Тухайлбал, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт буюу хурд хэтрүүлэх зөрчил гаргасан бол 10 онооноос хоёр нь автоматаар хасагдаж, дээр нь 48 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг.  

Оноогоо хасуулаагүй жолоочийг урамшуулна
Зөрчлийн оноогоо ха­суулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин Замын хөдөл­гөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хассан оноог сэргээж өгнө. Харин зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог бүхэлд нь сэргээж урамшуулна.
Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрхээ хасуулсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заасан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй юм байна. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан, Захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ. 

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.