Авто ертөнцийн амьд домог Жоржетто Жужаро

2016.10.14 Баасан №097 (2128)

Анхны сэтгэгдэл хамгийн зөв байдаг гэж үг бий. Автомашин үйлдвэрлэгчдэд ч энэ үг онцгой хамаатай. Бид шинэ автомашин харахдаа гоё сайхныг нь гайхдаг мөртлөө загварыг нь хэн зохиосон юм бол гэх мэт мэдээллийг огт сонирхдоггүй гэж хэлэхэд болно. Тэгвэл авто машины загвар гэдэг өөрийн гэсэн онцлог, гол дүрүүдтэй байдаг. Тэдгээрийн нэг бол яах аргагүй Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржетто Жужаро юм. Автомашин, мотоцикль, гэрэл зургийн аппарат, камер, галт зэвсэг гээд өөр хоорондоо эрс ялгаатай салбарт бүтээлч сэтгэлгээгээрээ гайхагдсан энэ хүн “Ламборжини”, “Астон Мартин”, “Бугатти”, “Мазе­рати”, “Феррари”, “Лотус”, “Кадиллак”, БМВ зэрэг авто ертөнцийн акулууд­тай хамтран ажиллаж, супер машин буюу хурд хүч­ний гайхамшиг болсон хөлгүү­дийнх нь загварыг зохиож өгдөг байжээ. Түүнээс гадна Солон­госын “Хьюндай”, “Дэйву”, Японы “Тоёота”, “Сузуки”, “Субару”-тай хамтран ажиллаж өдөр тутмын суудлын тэрэгний дизайныг гаргаж өгдөг байв. Манайд их явдаг “Ланус”, “Матиз”, “Магнус”, “Леганза” загварууд түүний бүтээл юм. Кино сонирхогчдын хамгийн сайн мэддэг “Ирээдүй рүү аялсан нь” киноны цаг хугацаагаар аялагч эрвээхэйн далавч мэт хаалгатай  “DeLorean DMC-12” ч Ж.Жужарогийн бүтээл билээ. Тэрээр зөвхөн авто машинаар ажлынхаа хүрээг хязгаарлалгүй “Никон” фирмтэй хамтран, монголчуудын сайн мэдэх “D800” тэргүүтэй олон камерын дизайныг гаргажээ. Галт зэвсэг үйлдвэрлэгч Baretta фирмийн Storm Beretta CX4 гэх мэт олон алдартай бууг Ж.Жужаро бүтээсэн юм.    
Авто машины дизайнераар мэргэшсэн ч өөр олон салбарт авьяасаа нээн харуулсан энэ эр 1999 онд “Зууны шилдэг авто машины дизайнер”-аар өргөмжлөгдөж, 2002 онд авто ертөнцийн “Алдрын танхим”-д заларсан билээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.