Жолооч та дугуйгаа хэр сайн мэдэх вэ

2016.10.14 Баасан №097 (2128)

Авто машины дугуйн дээр үйлдвэрлэгч компанийн нэрнээс гадна маш олон тоо, үсэг тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь бүгд тухайн дугуйны талаар маш чухал мэдээллийг агуулж байдаг. Тэмдэглэгээнүүдийг зөв тайлан уншсанаар жолооч та бүх төрлийн машин, мотоциклийн дугуйны талаар хэрэгцээт мэдээлэлтэй болж, шинэ дугуй худалдан авах, цаг улирлын байдалд тохируулж дугуйгаа солихдоо түүртэхгүй болох юм.

 
1. Дугуйны загвар болон үйлдвэрлэгчийн мэдээлэл
Дугуйн гадна талд том үсгээр бичигдсэн байдаг. “Hankook”, “Michelin”, “Goodyear” зэрэг бичээс нь мэдээж үйлдвэрлэгч компанийн нэр. Харин дугуйны загварыг үгээр илэрхийлэхээс гадна цифр оролцуулан тэмдэглэх нь элбэг. Жишээ нь, Goodyear Eagle F1 GS-D3, Hankook Ventus R-S2 Z212 гэх мэт. 

2. Үйлчилгээний тодорхойлолт
Үүнийг дугуйн дээр тэмдэглэхгүй байх нь элбэг бөгөөд бичвэл үйлдвэр­лэгчийн нэрний баруун талд бичдэг. “P,” “LT,” “ST”, “T” гэх мэт тэмдэглэгээ байна. “P” суудлын автомашин, “LT” – бага оврын ачааны тэрэг, “ST” – чир­гүүл, “T”- түр зуурын (нөөц), “BP” – хоёр­дугаар зэрэглэлийн шинэ дугуй гэсэн утга илэрхийлдэг. 

3. Дугуйн өргөн болон талуудын харьцаа
Энэ нь үйлчилгээний тодор­хойлолтын баруун талд бичигдсэн бүлэг цифр юм. Цифр болон тоог ташуу зураасаар тусгаарласан байна. (www/aaCrr – 195/70/14 иймэрхүү байдалтай харагдана). Гурван цифрийн эхний тэмдэглэгээ нь дугуйны өргөнийг мм-ээр заана. 155-315 хооронд хэлбэлзэж байдаг. Ташуу зураасны арын хоёр цифр бол дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулж процентоор илэрхийлсэн тэмдэглэгээ юм. Жишээ нь, 195/70/14, 185/70/14 гэсэн хоёр дугуй байлаа гэж бодоход сүүлийн дугуйны бөөрний өргөн эхнийхээсээ бага, өөрөөр хэлбэл намхан гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийнх нь обудны хэмжээ. Та 14 инчийн обудтай бол 14 гэсэн бичээстэй дугуй авна гэсэн үг.

4. Даацын индекс
Дугуйн тэсвэрлэж чадах хамгийн дээд хэмжээний ачааллыг заадаг тул энэ цифр маш чухал. 71-90-ийн хооронд байдаг. 71 нь 615 кг, 72 бол 630 гэх мэтээр тоо нэмэгдэх тусам даац нь 20-25 кг-аар сайжирсаар 90 нь 1030 кг даацтай болохыг заана. Цифрийн тоон утга өндөр байх тусам даац сайн гэсэн үг. Даацын индексийн тусгай таблиц байдаг. Дугуйгаа солихдоо даацын индексийг нь багасгаж хэрхэвч болохгүй. 

5. Хурдны индекс
Хурдны индекс гэдэг нь дугуйн хамгийн өндөр хурдыг тэсвэрлэх чадварыг харуулсан тэмдэглэгээ юм. Хамгийн өргөн тааралддаг тэмдэглэгээ нь S, T, U, H, V, Z, W, Y, (Y). “S” тэмдэглэгээтэй  дугуй 180 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартай. Энэ жишгээр T – 190, U – 200, H – 210, V – 240, Z – 250, W – 270, Y – 300, (Y) – 300 км/ цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг илэрхийлдэг.

6. Дулаан тэсвэрлэх чанар 
Өндөр хурдны үед ялгаран гарах дулааныг дугуйн дотоод бүтэц хэрхэн тэсвэрлэх чанарыг A, B, C үсгүүдээр илэрхийлдэг. А дулаан тэсвэрлэх чанар өндөр, В дундаж, С нь хамгийн бага гэсэн утгатай.

7. Тухайн улсын Тээврийн Яамны код 
Энэ код нь DOT тэмдэгтийн араас бичигдсэн байдаг

8. Хийн даралт
Дугуйн дотор талд байх тэмдэглэгээн дээр хийн даралтын дээд хэмжээг заасан байдаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.