С.Саруул-Од: Урлагийн салбар их сайхан хэрнээ хатуу

2016.10.14 Баасан №097 (2128)

Улсын филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач, соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Одтой цөөн хором ярилцлаа.

-Улсын филармони 45 дахь жилтэйгээ золгожээ. Үүний хэдэн жилд нь та ажил амьдралаа холбож байна вэ?
-Би саяхнаас филармони хэмээх энэ их айлд гишүүн болон ирсэн. Дөрвөн жил болж байна. Эхлээд цэргийн хөгжимд ажиллаж байсан. Түүнээсээ гараад удаагүй байхад тухайн үед филармонид ажилладаг байсан танил ах нар надад ажиллах санал тавьсан. Тэд “Миний дүү баг бүрдүүлээд “Баянмонгол" жазз найрал хөгжимд ажиллах уу” гэсэн. Тэр үед би цэргийн хөгжмөөсөө өөрийн хүслээр гарсан байсан тул саналыг хүлээж авсан. Ингээд улсын филармонитой миний амьдрал холбогдсон.
-Өмнө нь цэргийн хөгжимд ажилладаг байсан байх нь. Яагаад хөгжимчин болсон юм бэ?
-Тийм ээ. Би цэргийн хөгжимд арав гаруй жил ажилласан. Анх 14 настайдаа цэргийн хөгжмийн сургуульд элсэн орсон. Урлагт хөл тавихад ээж, аавын минь нөлөө их байсан. Тэд л намайг урлагийн амьдралд хөтөлсөн. Өөрсдөө урлагт хайртай, урлагийн хүмүүс болохоор тэр байх.
-Урлагийн хүн тэр тусмаа хөгжимтэй үргэлж харьцдаг байхын давуу тал юу вэ?
-Урлаг гэдэг хүнд төлөвшил хүмүүжил, боловсон зан гээд олон сайхан чанаруудыг суулгадаг. Бас дээрээс нь тайвшрал, амгалан байдлыг хүн хөгжмөөс мэдэрдэг. Мөн хүмүүст уран бүтээлээ хүргэх гэж хөлс, хүч, цаг хугацаагаа нэлээд зориулдаг. Түүний дараа тайзан дээр гараад тоглоход үзэгчид маш тааламжтай хүлээн авч талархан алга ташихад бид сэргэж, урамшдаг. 
Тайзан дээр  тоглосон тэр богинохон хугацааны тоглолтыг үзүүлэх гэж бид олон сараар бэлддэг. Түүнийх нь шагнал алга ташилт байдаг. Урлагийн салбар их сайхан хэрнээ хатуу.
-“Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач хийж байна. Энэ хөгжмийн хөгжил манай улсад аль шатандаа явж байна вэ?
-Энэ хөгжим манай улсын түүхтэй нэлээд эртнээс холбогдсон. Гэвч үндсэн мөн чанараасаа арай өөрөөр хөгжиж ирсэн гэж би боддог. Жаахан эстрад талруугаа ч гэх юмуу. Харин 1990 оноос хойш хөгжлийн хэв маяг нь өөрчлөгдөж, жинхэнэ мөн чанараа олсон байх гэж үздэг. Энэ бол зөвхөн миний бодол. Би л ингэж хардаг. Бусад мэргэжил нэгт нөхөд, ахмадууд, судлаачид юу гэж дүгнэдгийг мэдэхгүй. 
-Улсын филармонийн 45 жилийн нээлтийн дараа танай найрал хөгжмийн хамт олон ямар тоглолт хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бид энэхүү нээлтийн тоглолтоо дуусгаад БНХАУ-ын Хөх хот руу тоглолтоор явах гэж байна. Мөн уламжлал болгон тоглодог “City swing”, “Movie swing” концертоо тавина. 
Жил бүр хийдэг болохоор уг тоглолтыг тэсэн ядан хүлээдэг үзэгчидтэй болсон. Нэг үеэ бодвол жазз хөгжмийг хүмүүс ойлгодог болсон юм шиг санагдлаа. Өмнө нь тоглолт тавигдахад цөөн үзэгч ирдэг байсан бол сүүлийн үед манай үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь их олзуурхууштай хэрэг. 
-Их ажлынхаа хажуугаар уулзаж хөөрөлдсөнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Улсын филармонийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. “Миний бие энэ сайхан байгууллага, хамт олныхоо нэгэн хэсэг болон явдагтаа баяртай байдаг. Бүгдээрээ хамтдаа гайхамшгийг бүтээцгээе”  гэж хэлье. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.