Үгээр наадах буюу “36 сар”, “36 хүртэлх сар” хоёрын ялгаа

2016.10.14 Баасан №097 (2128)

Хуульд “Тэгж болно, ингэж болно” гэсэн үг, өгүүлбэр оруу­лаад баталчихаар тухайн заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, “Тэгж ч болно, тэгэхгүй ч байсан болно”, “Ингэж ч болно, ин­гэхгүй ч байсан болно” гэсэн салаа утга үүсгэж маргаан дэгдээдэг талтай. Засгийн газар агуулгын хувьд яг үүнтэй адилхан маргаан дагуулах өөрч­­лөлтийг Төрийн албаны ту­хай хуульд оруулахаар 2017 оны төсвийн төсөлтэй хамт өргөн барьжээ. Тодруулбал “Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн дээд хэмжээ 36 хүртэлх сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн заалт боловсруулсан байна. Энэ бол тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж шууд олгоно гэсэн үг биш. Харин ч бүр 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх гэж найруулсан учраас ердөө нэгхэн сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж ч олгож болно гэсэн үг. Эрх баригчид ийнхүү үгээр наадаж олон нийтийг төөрөгдүүлнэ гэж санасан бололтой. Өмнө нь шууд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог байсан хуулийн зохи­цуулалт яагаад ингэж өөрч­лөгдөх болсныг эргэн саная.

Төсөв, санхүүгийн хүнд­рэлтэй холбоотойгоор Засгийн газар энэ оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг 1-12 цалинтай нь дүйцүүлэх санал оруулсан юм. Уг са­налыг нь парламент төсвийн тодотголтой хамт батлахын даваан дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрийн албан хаагчдын 36 сарын тэт­гэмжийг ингэж бууруулж болохгүй гэж гишүүдэд анхаа­руулсан. Тухайн үед эмч, багш нар үүнийг эсэргүүцэн ажил хаях, жагсаал цуглаан зохион байгуулах дээрээ тулаад байв. Д.Лүндээжанцан гишүүний анхааруулгын дагуу УИХ Төс­­вийн тодотголтой хамт УИХ-ын 2016 оны 47 дугаар тог­­тоолыг баталж 2017 оны төс­вийн төсөлтэй хамт Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн тө­сөл боловс­руу­лан оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм. Үүнээс үүдэн “Ерөн­хий сайд ахмадуудыг он гартал тэтгэ­вэр­тээ гаралгүй тэвчээрэй гэлээ” гэх шүүмжлэл гарсан. Өөрөөр хэлбэл, ирэх оноос 36 сарын тэтгэмжийг өмнөх хэвээр нь олгож эхэлнэ гэсэн ойлголт олон нийтэд бий болоод байв. 
Гэвч Засгийн газар 36 сар бус 36 хүртэлх сарын тэтгэмж болгоно гэж шийдсэн байна. Мөн үүнээс гадна зөвхөн үндсэн цалингаас нь тооцож ол­гохоор төсөлдөө тусгасан байгаа юм. Ингэснээр он гартал ажиллаад тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байсан хүмүүсийн хүлээлт, найдлага талаар болох нь ээ. Арга ч үгүй юм. Тэтгэвэрт гарсныхаа дараа 36 сарын тэтгэмжээ юунд зарцуулахаар төлөвлөчихсөн байсан хүмүүс шүү дээ. Тийм ч учраас Засгийн газрын энэ санал УИХ-аар эцэслэгдэн батлагдаагүй ч олон нийтийн дургүйцлийг хүр­гээд эхлэв. 
Ялангуяа тэт­гэ­вэрт гарах гэж байгаа хү­мүүс бухим­далтай байгаа болол­той. Бүр Ерөнхийлөгчид хүр­тэл хандаж “алтан хошуу” хүр­гээд эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэт­гүүл­чидтэй уулзахдаа энэ та­лаар “Над руу цэрэг, цагдаа­гийнхан “36 сарын тэтгэмжийг нь өгөхдөө үндсэн цалингаас тооцож өгөхөөр төсөвт тусгасан байна. Уг нь бид цолны, хээрийн нэмэгдлээ оруулаад тооцуулдаг байсан юм. Одоо Засгийн газ­рын тооцож байгаагаар бол бидний авах мөнгө 40-60 хувиар буурч байна” гээд ярьж байна” гэсэн юм. 65 коноптой эрх баригчид илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг Ерөнхийлөгчийн үгийг сонсох нь юу л бол. Гэхдээ тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгаа хүмүүсийн эцсийн найдлага УИХ-д л байна. УИХ 2017 оны төсвийн төслийг батлахдаа Засгийн газрын дээрх саналыг хэвээр нь батлах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.