П.Баярхүү: Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулна

2016.10.14 Баасан №097 (2128)

- Улаанбаатарыг онцгой статустай болгож байж цаашид хөгжинө -

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцлаа.  Түүнийг олон нийт “Мандухай сэцэн хатан” кинонд бүтээсэн Батмөнх даян хааны бага нас, “Уулын Төмөр” киноны Төмөрийн дүрээр нь андахгүй.

ГАДААДАД АМЬДАРЧ БАЙСАН ИРГЭДИЙНХЭЭ ТУРШЛАГА, МЭДЛЭГИЙГ АШИГЛАНА

-НИТХ Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг батал­сан. Ирэх дөрвөн жилд нийслэлд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиг­лэлээр ямар томоохон аж­луудыг  хийх вэ. Мөрийн хөтөл­бөрт туссан гол шинэлэг заалтууд юу байна? 
-Энэ бол бидний хамгийн чухал баримт бичиг. Дөрвөн жилд яг юу хийх вэ, ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгээ батлууллаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэнэ гэж байгаа. Энэ нь миний хариуцсан чиг үүрэгтэй шууд хамааралтай зорилт. Миний хувьд хамгийн их хүсч, мөрөөдөж байгаа зүйл бол жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, үйлдвэрлэл техно­логийн паркуудыг байгуулах, үйлдвэржүүлэлтийг эхлүүлэх явдал. Бодож санаж явсан энэ асуудлаа Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж чадсан. Үүнийг хотын дарга өөрөө ч их  дэмжсэн.
-Аж үйлдвэрийн паркуу­дыг хаана, хаана бай­гуу­лахаар төлөв­лөсөн бэ?
-Нийслэлийн ерөнхий тө­лөвлөгөө­гөөр үйлдвэрлэл, тех­нологийн паркууд байгуулах газрууд нь тодорхой болчихсон юм. Өөрөөр хэлбэл, хуульч­лагдчихсан гэсэн үг. Эмээлтэд арьс, шир, хөнгөн үйлдвэрийн, Налайхад барилгын мате­риалын, Багануурт үйлдвэрлэл, технологийн, Багахангайд хөн­­гөн үйлдвэрийн паркийг бай­гуулна. Паркуудаа ингээд төрөл­­жүүлж бай­гуулна гэж нийс­лэлийн Засаг даргын мө­рийн хөтөлбөрт оруулсан. Ингэхдээ бид гадаадад ажил­лаж, сурч байгаад ирсэн залуу­чуудаа дэмжиж ажиллана.  
-Тэдний мэдлэг, чадварыг ашиглана гэж үү?
-Тийм. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэ­жил эзэмшсэн, тэндэхийн технологийг сурсан за­луусыг дэмжиж ажиллана. Манай залуус үйлдвэр байгуулчихъя гэхээр мөнгө нь хүрдэггүй. Солонгост ажиллаж байсан залуус 50-60, сайндаа 80 мянган ам.доллартай болоод ирлээ гэхэд юуны өмнө байр, машин авна. Өөрсдөө идэж, ууж, өмсч зүүнэ. Мөнгө нь ингээд л дуусдаг. Солонгост хамгийн сайн ажиллаж байгаа хүн жилд 20 мянган ам.доллар хураадаг байсан. Дөрөв, таван жил ажиллаж байж 100-гаад мянган ам.доллартай болоод ирнэ. Монголдоо ирээд үйлдвэр байгуулах гэхээр энэ мөнгө нь хүрдэггүй. Зээл авах гэхээр банкууд барьцаа шаардана. Гэтэл тэр хүнд мөнгөнөөс гадна мэдлэг, дадлага, туршлага байна. Ху­ванцар, төмөрлөгийн үйлдвэр, хог хаягдлын үйлд­вэр эсвэл машины эд анги хийдэг үйлдвэр ч гэдэг юм уу, тө­рөл бүрийн үйлдвэрт монголчууд ажилладаг. Эдгээр үйлдвэрүүдийн та­лаархи мэд­лэг, боловсрол, технологи, ноу хауг нь тэд мэднэ. Тэдэнд гагцхүү юу дутагдаад байна гэхээр хөрөнгө болон барьцаа байхгүй. Тиймээс бид нийс­лэлийн Засаг даргын ивээл дор гадаадад ажиллаж, сурч байгаад ирсэн залуучуудын чуулга уулзалтуудыг дүүрэг тус бүрт хийгээд,  чиглэлээр нь төрөлжүүлье гэж бодож байна. 
-Тухайлбал яаж төрөл­жүүлнэ гэж?
-Гадаадад ажиллаж байсан залуу­сын зарим нь арьс ширний үйлдвэрт ажилласан байна. Зарим нь нэхмэлийн үйлдвэрт, төмрийн үйлдвэр, даавуу, оймс, хуванцарын үйлдвэр гээд олон төрлийн үйлдвэрт ажиллаж байсан залуус бий. Дотооддоо хамгийн сайн борлогдох, цааш­лаад экспортод бүтээг­дэхүүнээ гаргах боломжтой, ийм чиг баримжаатай үйлд­вэрүү­дийн төслийг тэднээр би­чүүлнэ. Ингээд жижиг, дунд үйлдвэрийн парк байгуулаад төрөөс хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэх зорилго тавьж байна. Жишээлбэл, га­­даадад ажиллаж, амь­дарч байсан 100 гаруй хүн ний­лээд компани бай­гуулж үйлд­вэрийнхээ хувьцааг эзэм­ших боломж байна.  Хот төсвийг нь өгч дэмжиж байгаагийн хувьд 20-30 хувийг нь эзэмшээд, үлдсэн 70-80 хувийг нь тухайн үйлдвэрт ажиллах залуус өөрс­дөө эзэм­шинэ. Төр өөрийн зохи­ц­уулалтаар бүтээг­дэхүүн бор­луулах асуудлыг нь Гадаад харилцааны яам, агент­ла­гууд, ах дүүгийн найрсаг харил­­­цаатай хотуудаар дам­жуу­лаад га­дагшаа экспортлох бо­ломж­той бү­тээг­­дэхүүнийг гаргах, дотооддоо бор­луу­лах боломжоор нь хангая гэж бай­­гаа юм. Эдгээр хүмүүс хувь­цаа эзэм­шээд, өөрсдөө тэр ком­па­нийнхаа эзэд нь болно. Хотын хувьд жил жи­лээр анх хөрөнгө оруулсан мөнгө­нөөсөө хасна. Ашгаа 70-30 хувиар ху­ваана. 30 хувь нь бол хотын ашиг гэх­гүйгээр анх хөрөнгө оруулсан мөнгө­нөөс нь л хасаг­даад явна. Тэгж хасагдсан хэмжээгээр хотын эзлэх хувь нь багасч, ажилчдын эзэмших хувь нэмэгдэж явсаар 10-15 жилийн дараа тухайн үйлдвэр 100  хувь иргэдийн өөрсдийнх нь үйлдвэр болох юм. Тэр үед үйлдвэр зах зээлд аль хэдийнэ тогт­чихсон, гадаад, дотоод зах зээлд хөлөө ол­сон томоохон үйлдвэр болчихсон байх юм. Ийм л мөрөөдөл, бодлого, зорилт бий.
-Энэ ажлыг ирэх онд эх­лүүлэх үү. Санхүүжилт нь ирэх жилийн төсөвт тусгагд­сан болов уу? 
-Эмээлтийн хөнгөн үйлд­вэрийн парк, Налайхын барил­гын материалын үйлдвэр­лэлийн парк зэргийг эхний ээлжид төсөвт суулгана. Бид ямар ч байсан ирэх жилийн хотын төсөв дээр тодорхой хэмжээний мөнгө байр­шуулна. Энэ ажлыг эхлүүлнэ. Миний хувьд Сүхбаатар дүүргээс нийс­­­лэлийн ИТХ-д сонгогдсон тө­­лөөлөгч. Тиймээс ямар ч бай­­сан өөрийнхөө тойргийн га­даадад ажиллаж амьдарч бай­гаад ир­сэн залуучуудын чуулга уул­залтыг зохион байгуулж, дээр хэлсэнчлэн төрөл­жүүлж эхэлнэ.

“БОГД ХАН” ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ
-Дэд бүтцийн салбарт ирэх дөр­вөн хэрэгжих томоохон төслүүд, хийх гол ажлууд юу байна вэ?

-Олон уулзварын огтлол бүхий газ­руудад давхар зам тавина. Ийм олон төвшинд огтлолцох уулзварыг Зүүн, Баруун Дөрвөн зам дээр хийнэ. Замын цагдаагийн газрын уулзварт Нарны за­маас урагшаа давсан олон уулзвар огт­лолцол бүхий гүүрэн гарцыг  барьж байгуулна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор гэр хороолол, хулгайн гэж ярьдаг замуудыг албан ёс­ных болгож, орон сууцны хорооллууд дахь нэвтрэх замуудыг сайж­руул­на. Сонгинохайрхан, Баян­зүрх дүүргийн гүү­рүүдийг шинэ­чилнэ. Мөн Улаан­баатар, Налайхын замыг шинэчлэх юм. Хотоос “Найрамдал” зус­лан орох за­мыг шинэчлэхээр төлөвлөсөн. Туул голын дагуу хурдны зам тавина. Ийм то­моохон бүтээн байгуулалтын аж­луу­дыг хийнэ. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатарт нийт 150 км зам шинээр тавина. 
-“Богд хан” төмөр за­мын асууд­лаар та саяхан Европын сэргээн босголт банк­ныхантай уулзсан бай­сан. Ямар шийдэлд хүрэв?
-“Богд хан” төмөр зам бол МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ажил. Энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ. Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сан­гийн яам гээд холбогдох төрийн бай­гуул­лагууд хамтарч байж үүнийг цогцоор нь хий­нэ. Европын сэргээн босголт банк энэ төсөл дээр хамтарч ажиллаж хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэр­хийлээд байгаа. “Богд хан” төмөр зам Багахангайгаас салаад Богд уулын урдуур Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлаар дайраад Эмээлтэд эргэж нийлэх юм. 
-Энэ төмөр зам хэдэн жилийн до­тор баригдаж ашиг­лалтад орох  вэ?
-Ямар ч байсан дөрвөн жилийн дотор барьж ашиг­лалтад оруулна гэж  тооцоолж байгаа. 
-“Богд хан” төмөр зам ашиг­лал­тад орсны дараа хотын доторхи одоо­гийн тө­мөр замын байгуу­ламжийг нийтийн  тээвэрт ашиглах уу?
-Тийм бодол бий. 
-Нийслэлийн Засаг дар­гын мөрийн хөтөлбөрт Улаан­баатар хо­тын дэд бүт­цийг хөгжүүлэх эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг олон улсын жи­шигт нийцүүлэн боловсруулж хэ­рэг­­жүүлнэ гэсэн заалт туссан байна. Хууль эрх зүйн орчны хувьд ямар өөрчлөлт хийх вэ?
-Юуны өмнө Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулъя гэж төлөвлөж байгаа. Монгол Улс гурван сая хүнтэй. Түүний нэг сая 350 мянга нь нийслэлд Улаанбаатарт аж төрж байна. Байнга орж гардаг хүмүүстэйгээ нийлээд нийслэлд 1.5-1.6 сая хүн амьдарч байна. Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэл хот аймагтай адил статустай байгаа. Мөн сум, дүүргийн статус адилхан болчихож бай­гаа юм. Тэгээд баг, хороо хоёр статус адилхан. Гэтэл нэг баг 100 хүн амтай байхад хотын хороо бараг аймгаас олон хүн амтай байгаа. Ийм харьцангуй атлаа статус ижил, төсвийн эрх мэдэл адилхан байх нь шударга биш. Тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа хүн амын тоонд харьцуулан төсөв хуваарилагдах ёстой байтал өнөөдрийн байдлаар Засаг за­хиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуу­лиар тэг­дэггүй. Хэд хэдэн аймгийг ний­лүүлс­ний дайтай хүн амтай дүүрэг байж л байна.  
-Тэгэхээр хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулж энэ статусыг өөрчилнө гэсэн үг үү?
-Тийм. Нийслэлийг онцгой хот бол­гох ёстой. Нийслэлийг эрх зүйн байд­­лын хувьд арай өөр статустай байл­­гахгүй бол яг аймагтай дүйцүүл­чихээр болохгүй байгаа юм. Энэ хуулийн төслийг нийслэлийн Засаг дарга уржигдар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад өргөн барьсан.
-Тэгвэл дэд бүтцийн норм, нормативыг шинэчлэх шаардлага  үнэхээр хэрэгтэй юү? 
-Ийм шаардлага байна. Манайд дэд бүтцийн стан­дартууд хуучирсан. Сая би ажлаа аваад нийслэлийн хө­рөнгө оруулалтаар, мөн концес­соор хийж байгаа ажлуудтай танилцсан юм. Энэ үеэр Баян­зүрх дүүргийн нэг хорооны цэцэрлэг, бага сургуулийн  ажил­тай танилц­лаа. Хөдөөний эмнэлэг шиг санагдсан. Модон хаалга нь цагаан өнгөтэй. Спорт заалаа улбар шар өнгөөр будчихсан. Тэгээд би хүмүүсээс нь асуулаа. Энэ чинь хүүхдийн орчин шүү дээ. Үүнийгээ өөрчилж болохгүй юм уу. Бас энэ хаалгаа шинэчилж болохгүй юу гэхэд, тэд “Стандарт нь л ийм. Бид зургийн дагуу хийсэн. Та нар стандартаа сайж­руу­лаад өг” гэсэн.  Гэтэл яг тэр зу­раг, нормоор нь Чингэл­тэй дүүргийн сургууль  өөр юм хийсэн байгаа юм. Энд нэгдүгээрт, сэтгэл дутаж бай­на. Хоёрдугаарт, стандарт, норм гэдэг үгээр бидний амыг таглаж байна. Тэгэхээр бид барил­­гын норм, дүрэм журам, стандартуудыг шинэчлэх шаард­­­лагатай гэж үзсэн.

ОРЛОГОД НИЙЦСЭН АМИНЫ ОРОН СУУЦЫГ БИЙ БОЛГОНО 
-Гэр  хорооллын дахин тө­лөв­­лөлтийг зогсоолоо гэсэн шүүмж­лэл их байна. Үнэхээр дахин төлөв­лөлтийг зогсоож байгаа юм уу?

-Гэр хорооллын дахин төлөв­­­лөлтийг бид үргэлж­лүүл­нэ. Харин дахин төлөв­лөлтийн бодлого, менеж­мен­тийг бо­ловс­ронгуй бол­гоно. Гэр хо­роол­лын дахин төлөв­лөлтийн аж­лын хэсгийг нийс­лэлийн Засаг даргын захи­рамжаар бай­гуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. 
-Дахин төлөвлөлтийн бод­лого, менежментийн хувьд ямар алдаа байна вэ?
-Гэр хорооллын дахин тө­лөвлөл­тийн хувьд алдаатай зүйл цөөнгүй байна. Тиймээс газраа чөлөөлж өгсөн иргэд хохирч хүнд байдалд орсон тал байна. Эдийн засгийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын боломжийг тооцохгүйгээр их том талбайд том бүтээн бай­­гуу­­­лалтууд хийнэ гэж төсөвлөсөн нь буруу байсан. Гэтэл эдийн засаг хүндэрснээр аж­лууд нь царцсан. Олон айлтай гэрээ байгуулаад газ­рыг нь чөлөөлүүлчихсэн байсан барилгын компаниуд бүтээн байгуулалтын ажлаа эхэлж чадахаа байсан. 20 блок буюу 25-30 байшин барина гэж төлөвлөчихөөд ганц ч бай­шин босгоогүй компани ч байна. Гэтэл иргэд маш өндөр хүлээлттэй байгаа. Энэ хүндрэлийг бид эхлээд шийдье, цэгцэлье гэж байгаа. Цаашдаа үе шаттайгаар дахин төлөвлөлт хийнэ. Бид энэ том бүтээн байгуу­лалтын ажлыг цаашид үргэлжлүүлнэ. Зогсоохгүй. Гэхдээ зөв голдирлоор, хэсэг­чил­сэн байдлаар, бага багаар явуулахгүй бол болохгүй. Ком­паниуд өөрсдийнхөө хэм­жээнд л ажлаа шийдэхгүй бол том хэмжээгээр төлөвлөж, баахан улсыг нүүлгэж суулгачихаад, олон айл өрхийн амьдралаар тоглож болохгүй л дээ. 
-Дахин төлөвлөлтийн  хү­рээнд газраа чөлөөлөөд орон гэргүй болж хохирсон иргэд хэр олон байгаа вэ? 
-366 өрхийн асуудал яриг­даж байна. Тэд бол дахин төлөвлөлтөөс болоод хохир­чихсон. Үүнээс гадна 1777 өрх газраа чөлөөлж өгсөн энд тэндэхийн түрээсийн байранд амьдарч байна. Нэн тул­гамд­сан асуудалтай нь дээр хэлсэн 366 өрх байгаа юм. Бүр том утгаар ярих юм бол нийт 1777 айлтай гэрээ байгуулаад газар чөлөөлөх гурван  талт гэрээгээ хийчихсэн. Эдгээрээс хамгийн асууудалтай нь түрээ­сийн мөнгөө өгөхгүй байгаа, чөлөөлсөн газар дээрээ бай­шингаа барихгүй дөнгөж бай­шингийн суурь тавиад ч юм уу, карказ бариад л хаячихсан гэсэн гомдлыг  366 айл өрхийн иргэд хэлж байна. Бусдыг нь  гэрээ байгуулсан ч нүүлгээгүй юм билээ. 
-Дахин төлөвлөлтийн аж­­лыг гүйцэтгэхээр шал­гарсан компа­ниу­дын ха­риуц­­ла­га­гүй­гээс ийм асуу­дал үүссэн үү. Сонгино­хайрхан дүүрэгт  гэхэд дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэхээр шалгарсан за­рим ком­панийн гэрээг цуц­лах асуудал хүртэл яриг­даж байна?
-Одоогоор цуцалсан зүйл байхгүй. Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг танилцуулсан. Бид “Бодит байдал ийм байна. Цаашдаа ийм  арга хэмжээ авах шаардлагатай байна” гэдэг са­налуудаа боловсруулаад байгаа. 
-Иргэдийн газрыг дахин төлөв­лөх замаар тухайн ха­шаанд нь ор­логод нь тохирсон орон сууц барихыг дэмжих та­лаар та ярьж байсан. Энэ ажил ирэх жилүүдэд хэрэгжих үү?  
-Улаанбаатар хотыг зөвхөн өндөр байшингаар төсөөлөх нь өрөөсгөл. Улаанбаатар хот маань уг нь дэлхийд хаана ч байхгүй, гэр хороололтой өвөр­мөц хот юм. Энэ бол нүү­дэлчин монгол­чуудын өвөрмөц дүр төрх. Тэгвэл бид гэр хорооллыг яаж монгол ахуйтай нийцүүлж хөгжүүлэх вэ. Гэр хороололд яаж дэд бүтэц нь шийдэгдсэн, цэвэр, бохир, дулаан, цахилгааныг нь шийд­сэн тохилог орчин бүрдүүлэх вэ гэдгийг бодолцох  ёстой. Гэр хороол­лын иргэдийн орлогод нийцсэн амины орон сууцнууд барих хэрэгтэй. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх за­маар иргэдийн орлогод нийцсэн амины орон сууц барих хөтөл­бөрийг бид ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж эхэл­нэ. Иргэд ипотекийн зээл аваад ха­шаа­ны газар дээрээ өөрсдөө хүссэн заг­­вараараа хоёр, гурван давхар амины орон сууц барих боломж бүрдүүлнэ. Энэ нь нэг ёсондоо хаус хороолол бий болно гэсэн үг. Одоо дахин төлөвлөлт дээр ямар хүндрэлтэй асуудал гараад байна гэхээр нэг хашаанд гурван айл амьдарч байдаг. Аав, хүү, ах, дүү гэдэг ч юм уу. Эдгээр өрхүүдийн амьдралын гол баталгаа нь газар. Гэтэл тухайн газрыг нь хоёр­хон өрөө байраар солих нөх­цөл үүсээд байгаа. Түүний оронд тухайн айлууд хашааны  газар дээрээ гурван давхар байшин бариад нэг нэг давхарт нь амьдарч болно шүү дээ. Тэр гурван давхар орон сууцных нь зургийг бид баталж өгнө. Ийм өнгө үзэмжтэй, ийм байшин барина гэдгийг баталж өгнө. Хоёр, гурван гудамжаар нь газрыг нь дахин төлөвлөөд тэндээс нь нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэг ба­рих газрын фонд үүсгэнэ. Хот өөрөө газрын сантай бол­но гэж төлөвлөж байгаа. Тэндээсээ газрыг дуудлага худал­даанд оруулдаг, дахин худалд­даг болох юм. Эсвэл тэр газар дээрээ нийтийн эзэмш­лийн цэцэрлэг, сургууль барь­даг байна. Ингэхгүй бол гэр хороолол дунд зам тавья гэ­хээр газар байхгүй. Газрыг нь худал­даж авъя гэхээр бараг сургууль барих хэмжээний мөнгөөр газар чөлөөлөх болдог. Иймэрхүү асууд­лууд байгаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ДЭД БҮТЦЭЭ БАРЬЖ БАЙГУУЛНА
-Нийтийн тээвэр таны эрх­лэх асуудлын хүрээнд багт­­­даг салбар. Өмнөх дөрвөн жилд нийтийн тээвэрт нэлээд шинэчлэл хийсэн. Гэ­тэл МАН эрх барингуутаа авто­бус­нуу­дыг кондуктортой бол­го­лоо гээд байна. Энэ үнэн үү?

-Нийтийн тээвэрт смарт карт­ны тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ нь кондукторгүй болж байгаа мэт боловч тухайн авто­бусанд смарт картаа хянадаг нэг хүн зайлшгүй явдаг юм билээ. Түүнээс бид гарч ирээд л кондуктор явуулдаг бол­сон юм биш. Харин яаж ний­тийн тээврээр иргэдийг зорч­дог болгох вэ гэдэг асар том асуудал. Хүмүүс өнөөдөр ний­тийн тээврээр зорчих ямар ч сонирхолгүй байна. Сургуулийн хүүхдүүд, оюутнууд, хөгшчүүд л авто­бусанд суудаг. Бусад нь ма­шинаар явах сонирхолтой. Түү­нээс болоод нийслэлийн зам авто машины ачааллаа дий­лэхгүй байна. Иргэдтэй ярилц­лага хийгээд, судлаад үзэхээр нэгдүгээрт, нийтийн тээврийн соёл үнэхээр хангалтгүй байгааг хэлж байна. Нийтийн тээвэрт ороод суухаар юуны өмнө цэ­вэр цэмцгэр байж чаддаггүй. Мөн халаасны хулгайн  асуудал бий. Автобуснууд буудал дээрээ зогсдоггүй. Буудал дээр автобус хүлээгээд өвлийн улиралд даарч хөрдөг бэрхшээл байна. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээг аль болох иргэдэд ойртуулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхолтой бол­гохгүй бол зүгээр л иргэдийг нааш цааш зөөдөг автобусны хэмжээнд ойлгож болохгүй.
-Тэгвэл нийтийн тээврийг үйл­чилгээг цаашид улам сайж­­руу­лахын тулд юу хийх ёстой вэ?
-Нийтийн тээврийн үйл­чилгээ эрхэлдэг том оврын авто­бусны холбоо­доос гомдол ирдэг. Смарт карт мөнгө зал­гиад байна гэдэг. Энэ талаар бид аудит оруулж шалгана. Ер нь  бид ухаалаг систем рүү явах ёстой. Дэлхий нийтийн хандлага бэ­лэн мөнгөний хэрэг­лээнээс тат­галзаж картын хэрэглээнд шилжиж байна. Бид энэ чиг хандлагыг дагах хэрэгтэй. Нийтийн  тээв­рийн үйлчилгээ ухаалаг картын хэл­бэрт шилжсэнээр давуу та­лууд их гарч байгаа. Бид бүх талын судалгааг авах бо­ломж­той болж байна. Хэдэн цагт хэчнээн хүн зорчиж байна, хаа­наас хамгийн олон хүн шилжин сууж, дам­жин өнгөрч байна  гэд­гийг, аль шугам алдагдал бага, аль нь илүү ачаалалтай бай­на вэ гэх мэт бүх мэдээллийг авах боломжтой. Дээрээс нь авто­бус цагийн хуваарийн дагуу явж байна уу, үгүй юу гэдэг бүх мэдээлэл смарт картаар дамжин нээлттэй болдог. Үүгээрээ сайн талтай. Мэдээж шинэ зүйл нэвт­рэхэд алдаа дутагдал гарна. Энэ бүхнийг засч сайжруулаад шинэчлэл рүү явах хэрэгтэй. 
-Тусгай замын автобус хэзээнээс явж эхлэх вэ?
-Хотын дарга Азийн  хөгж­лийн банктай яриад энэ ажлыг гацаанаас нь гаргасан. Ирэх хавраас ажил нь эхэлнэ. Тун удахгүй BRT буюу тусгай за­мын автобус дөрөвдүгээр эгнээ­гээр саадгүй, хурдан явдаг бол­но. Бид одоо  авто замын нэг­дүгээр эгнээгээ автобусанд чө­лөөлж өгсөн. Гэтэл нэгдүгээр эг­нээнд такси зогсч болдоггүй, авто машинууд хүн буулгаж суулгаж болохгүй гэх мэтээр нэгдүгээр эгнээнд хийх бүх үйлдлийг үндсэндээ боломжгүй болгоод байгаа. Харин тусгай замын автобус бол авто за­мын голоор явна. Нэг, хоёр, гурав­дугаар эгнээгээр  бусад тээв­рийн хэрэгсэл явна. Замын голд автобусны буудалтай бол­но гэсэн үг. Зорчигчид авто­буснаас буугаад агаарын эсвэл нүхэн гарцаар гараад явчихна. Автобусны зогсоолууд өвлийн улиралд дулаан байх ёстой. Тиймээс битүүлж шилэн бол­гоод дотор нь дулаанаар үлээж байх тийм ая тухтай орчин нөх­цөл бүрдүүлэхээр төсөл боловс­руулж байгаа.
-Хотын ерөнхий төлөв­лөгөөг шинэчлэх үү?
-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө одоо хэрэгжиж бай­гаа. Уг төлөвлөгөөний тодот­гол буюу 2030 он хүртэлх хөгж­лийн чиг хандлагыг УИХ-аас батал­сан. Энэ бол том бодлогын баримт бичиг. Улаанбаатар хо­тын хаана нь юу төлөвлөх юм гээд л. Нийслэлийн ерөн­хий төлөв­лөгөөг 20 жилээр төлөв­лөдөг. Энэ удаагийнх тав дахь удаагийн төлөвлөгөө. 2020 онд энэ ерөнхий төлөвлөгөөний ху­­га­­цаа дуусна. Тиймээс цааш­даа 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловс­руу­­лах шаардлагатай болоод бай­­на. Улаанбаатар хот дахиад 20 жилийн дараа 2036 он гэхэд хүн ам нь хэд болох юм, хаана нь барьж байгуулах юм гэдгийг тодот­­гоод явах зайлшгүй шаард­­­лагатай.
-Нийслэлийн ирэх  жи­лийн төсөв ямар байх бол. Хө­­рөн­гө оруулалт, бүтээн бай­гуу­­­лалтын ажлууд танагдах уу?
-Одоогийн байдлаар нийс­лэлийн төсөв 100 гаруй тэр­бумаар тасарчихсан яваа. Тий­мээс үүнд тодотгол хийнэ. 2016 оны төсвөөсөө 100 гаруй тэр­бумыг хасч тооцно  гэсэн үг.  Энэ жил дахин бүтээн бай­­гуу­лалтын ажил ярих нь хүнд байгаа. Ирэх жил  эдийн засаг сайнгүй байх магад­­лал өндөр. Тодорхой хэм­жээ­ний таналт хийхгүй бол бо­лох­гүй. Гэхдээ бүтээн бай­гуу­­лалтын ажлаа багас­га­сан ч  ирэх дөрвөн жилийн хуга­цаанд аливааг өөдрөгөөр тө­сөөлж харж байна. Дан ганц тө­сөвтөө баригдахгүйгээр га­даадын хандивлагч орнуудын зээл, тусламжаар бүтээн бай­гуу­­лалтын ажлуудыг хийнэ. Мөн хотын эдийн засгийг тэлэх үүд­нээс үйлдвэрүүд бай­гуу­лаад, үүнийгээ дэмжих бод­логоо бариад явбал хотод орж ирэх орлого нэмэгдэнэ. Аль бо­лох бид орлого нэмэх талд дээр анхаарч ажиллана. Татвар нэмэх биш иргэдээ дэмжсэн, тэднийг ажил, орлоготой болгох бодлого барим­тална. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн дэд бүтцүүдээ өөрс­­дөө барьж байгуулъя гэсэн зорилт тавин ажиллаж байна.

УРЛАГИЙН ТАЙЗАА УЛС ТӨРӨӨР СОЛЬСОН ДОО
-Та Засаг даргын ор­логчоор то­ми­логдсоноосоо хойш хэвлэлд анх удаа дэлгэ­рэн­­гүй ярилц­лага өгч байна. Тиймээс Баярхүү гэж хэн бэ гэдгийг уншиг­­чид маань со­нир­хож байгаа байх? 

-Манай аав Завхан аймгийн Баян­хайрхан сум, ээж маань Төв айм­гийн Баянцагаан сумын хүн. Би өөрөө Төв аймагт төрсөн. Бичиг баримт авахдаа Дарханаас авсан юм билээ. Тиймээс Дархан хотод төрсөн гэж явдаг юм. Би нийслэлд ерөнхий боловсролын 20, 51 дүгээр дунд сургуулиудад су­рал­­цаж төгссөн. Дараа нь СУИС-д суралцсан. Сургуулиа төгсөөд Солон­гос улсад су­ралцсан. Монголдоо ирээд Удирд­­лагын академид Биз­не­сийн удирдлагын бакалавраар сурал­­цаж төгссөн. Мөн Англид биз­несийн удирдлагын чиг­лэлээр нэг жил суралцсан. Мэр­гэжил маань биз­несийн удирд­лага. Мөн “Отгонтэнгэр” их сур­­гуульд суралцаж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Товч­хондоо ийм л намтартай хүн.
-Та СУИС-ийн найруу­лагч, жүжигчний ангийг төгс­­сөн гэсэн. Урлагийн сур­гуульд элсэхэд багадаа ки­нонд тоглож байсан тань нө­лөөл­сөн үү? 
-Нөлөөлсөн. Би тавдугаар анги­даа “Мандухай сэцэн ха­тан” кинонд Батмөнх даян хаа­ны бага насны дүрд тог­ло­сон. Дараа нь есдүгээр анги­даа “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамухын дүү Тайчирын дүрд тоглосон. Арав­дугаар анги төгсөхдөө UBS телевизийн Л.Балхжав за­хир­лын анхны уран бүтээл, Монголын хамгийн анхны видео кино болох “Шувууд бу­цах намар” киноны гол дүр Акирад тоглосон. Ингээд СУИС-д шалгалт өгч тэнцсэн хүн. Би хүүхэд байхдаа Мон­голын хүүхдийн ордны драмын дугуйланд тавдугаар ангиасаа эхэлж явсан. 
-“Мандухай сэцэн  хатан” кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?
-Хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байсантай маань холбоотой. Баяжихын Пүрвээ гэж мундаг жүжигчин нэг өдөр Хүүхдийн ордонд ирсэн юм билээ. Тэр хүн “Мандухай сэцэн хатан” кино­ны жүжигчид хариуцсан най­руу­лагчаар ажил­лаж байсан. Б.Пүрвээ гуай Хүүхдийн ордны драмын дугуйланд Ж.Сүххуяг ахын багын зургийг өвөртөлж ирээд багштай уулз­сан гэдэг. Ж.Сүххуяг жүжиг­чин­тэй адил­хан хүүхэд хэрэгтэй байна гэж.  Тэгэхээр нь манай багш нэг хүү бий. Гэхдээ одоо ирээгүй, 14.00 цагт ирнэ гэж л дээ. Тэр өдөр би 12.00 цагт хичээлээ тараад  шууд дугуйлан дээрээ ирсэн байж таарсан юм. Ингэж л би Кино үйлдвэрт очиж  шалгаруулалтад орсон.
-Өөр олон хүүхэд шалга­руу­лалтад орсон уу?
-Арав гаруй хүүхэд л шал­гуулсан гэсэн. Энэ дундаас нь л тэнцсэн. Кинонд тоглох бол­сон тухайгаа аав, ээждээ хэлсэн чинь тэд маань итгэдэггүй, би өөрөө ч итгэдэггүй хөгжилтэй зүйл болсон доо. Ээж, аав хоёр маань цэргийн хүмүүс. Аав маань Монголын хамгийн анх­ны агаарын эсэргүүцэх пуу­жин­гийн инженер хүн байсан. Ээж бас цэргийн хүн. Манай гэр бүлд урлагийн хүн огт байхгүй. Ээжийн талд урлагийн ганц хоёр хүн байдаг.
-Пробонд тэнцээд кино зургандаа хэзээ орсон бэ?
-Зураг авалт миний хувьд бүтэн жил үргэлжилсэн. Тухайн үед нэг ангитай киног хоёр жи­лийн турш хийдэг байв. Эхний нэг жил нь бэлтгэл ажлаа хан­гана. Дараа жил нь монтаж, дуу оруулалт гээд л. Ингээд нэг кино бүтэн хоёр жилийн хуга­­цаанд үйлдвэрлэгдэж байж гардаг, тийм хугацаатай байсан. Миний хувьд өвөл павильонд зураг авахуулсан. Тэр үед өдөр бүр зураг авахгүй. Тавдугаар са­раас аравдугаар сар хүртэл Элсэн тасархай, Хархоринд натурт гарч зуны зургуудаа авч байсан. 
-Дараагийн кинонд тог­лоход бол туршлагатай бол­чихсон байсан уу?
-“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд есдүгээр ангид ордог жилээ тоглосон. Анх уг киноны Чингис хааны бага нас­­ны дүрд тоглуулна гээд л пробонд оруулсан. Тэгснээ тэр нь солигдоод Жамухын бага насны дүрд тоглуулах бол­сон. Гэтэл дахин солигдож Тайчирын дүрд тоглох болсон. Тайчирын дүрд тоглоход нэлээд туршлагатай болчихсон байсан. Эхний кинонд мэдээж ямар ч туршлагагүй. Бас хүүхэд ч байж. Хүнээс ичнэ. Том том алдар­тай жүжигчдээс эмээнэ. Үг хэлэхдээ гацна, ээрнэ. Олон хүн өөдөөс хараад зогсч байхад жүжиг­лэнэ гэдэг хүнд байлаа. Яг камер руу хараад сууж байхад камерын цаана хүн хөдлөхөөр дагаад харчихна. Тэгээд л заг­нуулна. Зогс гээд л. Хүүхэд бай­­сан болохоор киноны олон уран бүтээлчид бүгд надад сайн ханддаг байсан. Надад их тусал­даг байлаа. Миний хүү ингэ тэг гэхээсээ илүү надтай харил­цаж байгаа нь ерөөсөө  том сургууль байсан.
-Та хоёр том түүхэн ки­нонд дүр бүтээсэн уран бү­тээлч хүн. Сүүлд ямар ки­нонд тоглосон бэ?
-Хамгийн сүүлд “Уулын Төмөр”-т тоглосон. “Уулын Төмөр”-ийн дараа BBC-гийн “Жамуха” гэж баримтат уран сайх­ны кинонд тоглосон. Үүний дараа урлагаасаа хөндийрсөн дөө. Улс төрийн ажил цаг наргүй болохоор уран бүтээл хийх зав гаргадаггүй байсан. Тэгээд л урлагийн тайзаа улс төрөөр сольсон доо. 
-Танай СУИС-ийн ангийн­хан олон мундаг жүжигчин, дуучинтай байх аа?
-Тийм. Нэвтрүүлэгч Ч.Ичин­­хорлоо, С.Чимгээ, Драмын театрын анхны Ромео­гийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, Драмын театрын жүжигчин, “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн дэд захирал Б.Отгонбат, жүжигчин Амбий, Бооёо, Л.Эрдэнэ-Очир, дуучин С.Наран нар гээд олон сайхан уран бүтээлчид манай ангиас төрсөн. Мөн 25 дугаар сувгийн най­руулагч Энх­туяа байна. Бид урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Д.Ганхуяг нарын шавь нар. Бид­нийг сургуулиа төгсөхөд най­руулагчийн анги, жү­жигч­ний ангийнхныг бүгдийг нь телевизэд хуваарилсан. Ма­най Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар телевизэд нэвтрүүлэгчээр, би телевизийн мэдээ­ний албанд туслах найруулагчаар ажиллаж байлаа.
-Яагаад Солонгос явах болов?
-Тухайн үед нийгэм солигд­чихсон шилжилтийн хүнд үе байлаа. Би гадаадад сургууль соёлд суръя гэсэн бодолтой байв. Ингээд хажуугаар нь ажил хийгээд төлбөрөө төлчихнө гэж бусдын адил бодож очсон юм. Эхний төлбөрөө аав, ээжээрээ даал­гаад  Солонгос явлаа. Тэнд очтол Солон­госын эдийн засаг хямраад асуудал хүндэрсэн. Тэгж байтал аав минь бурхан болж сургуулийнхаа төлбөрийг ч төлж чадахгүй болчихсон. Ингээд л ажил хийж эхэлсэн дээ. Эдийн засаг нь хямарсан Солонгост ажил олдохгүй. Тий­­мээс тэнд амьдарч бай­гаа гадаадын хүн мөнгө олох хэ­­цүү. Эхний ээлжид тань­даг хү­мүүсээсээ мөнгө зээлнэ. Түү­ний­гээ эргүүлж өгөхөд хэцүү болно. Өдөрт ганц­хан бэ­лэн гоймон идэж сар гаруй амь­дарч үзсэн. Жижиг­хэн өрөөнд арван хэдүүлээ чих­цэл­­дэнэ. Ганц ажилтай байгаа хүнийхээ бай­ранд амьд­раад бай­гаа хэ­рэг. Өглөө зургаан цагт бүгд ажил­даа гарна. Солон­­госууд шө­нө илүү цагаар ажил­ладаг болохоор 12 хүртэл тарахгүй. Тэд­нийг явсных нь  дараа най­зын­хаа байранд очих­гүй бол манай хүнийг гаднын олон хүн авчирлаа гээд ажлаас нь хал­­­чихна шүү дээ.  Тийм үед най­зыгаа бодохгүй бол болох­гүй. Хааяа мэдээж хүн юм чинь сэтгэлээр унана. Гэр орон, эх ор­ноо хамгийн их санадаг бай­лаа. Энэ үедээ эх орон маань хүчир­хэг байсан бол бид юу гэж ингэж явах вэ дээ гэж  бодож байлаа. Солонгосуудтай хааяа ам мурийхаар тэд өөдөөс “Та нар тийм олигтой юм бол, эх орон чинь хүчирхэг байсан бол юу гэж ингэж явж байдаг юм” гэсэн хорон үг чулуудна. Бас “Та нар нэг их агуу түүх яриад л байдаг. Өнөөдөр байгаагаа харах­гүй юу” гэнэ. Тэгэхээр нь омголон зан хөдлөөд явчихна даа. Тэнд байхдаа олон зүйлийн үнэ цэнийг ойлгож ухаарсан. Тиймээс өөрийнхөө мэдсэн, сур­­сан, чадах зүйлээ зориулж эх орондоо бага гэлтгүй хийж бүтээе гэж боддог. Бид юу­гаа­раа ду­тах билээ гэсэн их хүсэл, зорил­го­той явдаг юм. 
-Монголд ирэхэд тань ямар орчин нөхцөл угтсан бэ. Улс төрд орох сонголтоо хэрхэн  хийв?
-Би анх  Солонгос руу явах­даа нэг л их олны танил од гээд өөрийгөө бодчихсон, хамар нь сөхөгдсөн залуу очиж байв. Тэнд намайг хэн ч хүлээж авах­гүй. Хэн ч танихгүй юм чинь. Нө­гөө л ажил хийж байгаа монгол гэж харна. Хар ажилчин гэсэн нүдээр л харна. Ажил хийж байгаа нь үнэн юм чинь. Яг ийм хэмжээнд очсон. Ер нь тэгээд хүний эх оронч сэтгэлгээ, эх оронч үзэл тийм үед сэргэдэг юм билээ. Тэнд байж байгаад Монголд ирсэн чинь нэг тийм назгай. Бөөн танил тал. Танил талгүй бол явахгүй. Дөрөв таван жил гадаадад байж бай­гаад ирэхээр найз нөхөд хаана байгааг мэдэхгүй, холбоо та­сар­чих­сан. Нэг л нэвтрэхэд хэцүү зүйлтэй тулчихсан.  Монголд 2001 онд ирэхдээ улс төрийн байгууллагад ажил­лая гэсэн бодолтой байсан. Ин­­гээд намын дэргэдэх улс тө­рийн байгууллагад ажил­ласан. Түүний дараа Чингэл­тэй дүүргийн МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-ны сал­бараас улс төрийн ажлын га­раа­гаа анх эхэлсэн. Түүнээс хойш улс төрийн ажилтан ямар шат дамж­лагаар ажилладаг үүний дагуу л явж байна.
-Хамгийн сүүлд НАМЗХ-ны удирдлагад ажиллаж бай­сан билүү?
-Сүүлд НАМЗХ-ны дэд ерөнхий­лөгч, Удирдах зөв­лө­лийнх нь гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажил­ласан. Одоо НАМЗХ-ны бод­логын зөв­лөлийн нарийн бичгийн дарга, нийслэлийн НАМЗХ-ны бод­логын зөвлөлийн даргын сонгуульт ажилтай.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.