Сүхбаатар дүүргийнхэн удирдлагуудаа хангалтгүй гэж дүгнэлээ

2016.10.14 Баасан №097 (2128)

"Монголын медиа корпорац"-аас санаачлан хэрэгжүүлж буй "Ардын үг" зөвлөлдөх аян нийслэлд үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт оршин суудаг иргэдийн дунд "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт тус дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 70 гаруй иргэн оролцсон юм. Иргэдийн зөвлөлдөх уулзалт нь мэдээлэлжсэн иргэдийг оролцуулдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийг "Ардын эксперт" хэмээн нэрлэдэг. "Ардын эксперт" болсон хүмүүсийг хэлэлцүүлэг, уулзалтаас өмнө сайн муу, эерэг, сөрөг гээд бүхий л тэнцвэртэй мэдээллээр хангасан байдаг юм. Энэ жишгээр зохион байгуулагчдын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Алтансувд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн юм. 

Ингээд уулзалтын эхэнд тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан иргэдэд мэдээлэл өгч, бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтцийн хөгжил, цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн томоохон ажлуудаа танилцуулсан. Түүний тайлан, илтгэлийг анхааралтай сонссон иргэд өөр өөрсдийн хэмжээнд тодорхой мэдээлэлтэй болсон юм. Харин түүний дараа Засаг даргынхаа илтгэл, үйл ажиллагааны тайланг бодит байдалтай харьцуулан тэнд цугласан иргэд дор дороо үнэлэлт хийж байлаа.
Тэнцвэртэй мэдээлэллээр хангагдахын давуу тал бол энэ. Өөрөөр хэлбэл, мэдээлэлжсэн иргэд асуудлыг өөр өнцгөөс харж, холбогдох албан тушаалтнуудаас асуух асуулт нь ч ул суурьтай болж ирдэг юм. Ингээд зөвлөлдөх хэлэлцүүлэг явагдах дүрэм, стандартын дагуу мэдээлэл сонссон иргэд дүүргийнхээ Засаг дарга болон газар, хэлтсийн дарга нараас асуулт асууж, хариулт авсан. 
Асуулт, хариултын хэсэг тийм ч таатай уур амьсгалд явагдсангүй. Амлалтаа, мөрийн хөтөлбөрөө хангалттай хэмжээнд биелүүлээгүй, хууль бус шийдвэр гаргасан, төсвийн мөнгийн үр ашиггүй зүйлд их хэмжээгээр зарцуулсан гээд олон асуудлыг хэлэлцүүлэгт оролцсон иргэд сөхөж тавьсан юм. Тэдний ийн бухимдсанаас харахад өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн удирдлагууд үүргээ сайн биелүүлсэн үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй мэт. 
Тэгвэл хэлэлцүүлэг уулзалтын үеэр зарим иргэний зүгээс тавьсан асуулт, санал хүсэлт болон түүнд өгсөн холбогдох албан тушаалтны хариултыг онцлон хүргэе.
Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Сувдаа: -Дүүрэг, хорооны удирдлагууд иргэдтэйгээ уулздаггүй. Уулзалт хийлээ гэхэд тайлан л тавьдаг. Харин тэр тайланд нь иргэдийн амьдралд хэрэгтэй нэг ч зүйл байдаггүй юм. Олон нийтэд иргэдэд хүртээлтэй ажил ерөөсөө хийдэггүй. Харин намын харьяаллаар нь ялгаварлан харьцдаг. Ахмадууд амралтанд явъя гэхээр "Та явж яах гээд байгаа юм. Таныг нэг л удаа явуулна шүү" гэж хэлдэг. 2013 онд гуйж байж нэг удаа амралтанд явж байлаа. Энэ мэтчилэнгээр манай хорооны Засаг дарга Батжаргал ахмадуудыг хүртэл ялгаварлан гадуурхдаг. Ялгаварлан гадуурхагддаг учраас ахмадууд хорооны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус явдаг болсон. Хүүхдүүдийг ч мөн ингэж ялгаварладаг. Зургадугаар сарын 1-нд  хүүхдүүдэд бэлэг өглөө гэхэд "Танайх чинь өөр нам биз дээ. Намынхан чинь бэлэг өгөх байлгүй" гэж хэлдэг. Түүнээс гадна 2012 оны сонгуулиас өмнө дүүргийн барилгыг барьж дуусгасан байдаг. Дүүргийн халамж, нийгмийн даатгал гээд бүгдийг нь нэг дор байлгах гэж тэр том барилгыг барьсан баймаар юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Чингэлтэй дүүрэгт байх жишээтэй. Мөн Сүхбаатар дүүргийн өмнө машины зогсоол байх ёстой талбайд барилга барих гээд нүх ухаад, хэдэн ширхэг шон босгочихсон байгаа. Иргэдийн дүүргийн удирдлагуудтай харьцах харьцааг тэгж тасалж болохгүй шүү дээ. 
XI хорооны ахмад настан Одхүү: -Манай гэр хорооныхоо байрнаас 500 метрийн зайд оршдог. Гэтэл ямар ч гэрэлтүүлэг байхгүй байна. Зуны улиралд хөл шигдээд орчихмоор шавхайтай болдог. Олон жил ийм байдалтай байгаа. Иргэдийн зүгээс хайрга, шороо асгаж өгөх саналыг холбогдох байгууллагад удаа дараа тавьсан. Тухайн үедээ саналыг тань хүлээн авлаа гэдэг ч огт хийдэггүй. Зам тавилаа л гэх юм. Хаагуур нь зам тавиад байгаа юм бүү мэд. Харанхуй, дээрээс нь хяналтын камер байдаггүй болохоор гэмт хэрэг гарах, харанхуйд бүдэрч бэртэж гэмтэх, гэр оронд хулгай орохоос өгсүүлээд маш их бэрхшээл тулгардаг. Уг нь гэрэлтэй байсан юм. Гэтэл дулааны шугам татаж байна гээд гэрлийн шонгуудыг нь авчихаад одоог хүртэл буцааж засаагүй. Мөн 2011 онд дэд бүтцийг засч, айлуудыг нүүлгэн шилжүүлж, барилга байгууламж барьж байсан юм. Гэвч засаг солигдоод өмнө нь хийгдэж байсан ажлууд үргэлжлээгүй. Утааны асуудал маш хүнд байна. Олон тэрбум төгрөг утааг бууруулна гэж зарцуулаад л байдаг. Ямар ч өөрчлөлт гардаггүй. Утаа бууруулдаг төслийн зуух өгсөн. Зуух сольсон ч утаа гардгаараа л гарна шүү дээ. Өмнө нь өвөлдөө гурван портер нүүрс түлдэг байсан. Зуух солиод нүүрсний хэрэглээ буураагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд уг нь орсон байгаа. Гэтэл одоо хүртэл ямар ч орон сууц баригдаагүй байна. 
Иргэн Эрдэнэчимэг: -Манай гэр бүл Зүүн Сэлбийн нэгдүгээр гудамжны нэг тоотод амьдардаг. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Зүүн Сэлбийн дөрөвдүгээр гудамжинд аж төрдөг зурвас айл дахин төлөвлөлтөд хамрагдаагүй үлдсэн. Тухайн газар гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууц барих тендерт "Заг" хэмээх компани ялсан байдаг юм. Гэтэл тус компани хаалгаа бариад аль ч үгүй хоцорсон. Тэгэхээр тэдгээр үлдсэн айлуудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулж өгөх хэрэгтэй байна. Манайх дахин төлөвлөлтөд ороогүй. Харин дахин төлөвлөлтөд ороод газраа зарчихъя гээд холбогдох байгууллагатай уулзаад үзэхэд нүүрний эгнээний ганцхан айлыг үлдээгээд бусдыг нь оруулчихсан байсан. Бид ч гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулаад, газраа хувийн компанид зарчихмаар байна.  
IX хорооны иргэн Гриш: -Манай хорооны даргыг Цэцэгээ гэдэг. Энэ дарга үргэлж намын хязгаартай харьцдаг. Энэ хүнийг та мэдэх үү, судалж үзсэн үү?
Д.Бадарсан: -Дүүрэг, хорооны зүгээс намаар ялгах, ялгаварлах ямар ч асуудал гаргадаггүй. Нэг жишээ хэлье. 2013 оны сар шинээр 11 мянга 432 ахмад байсан. Бид бүх ахмадыг урьж хүндэтгэл үзүүлж, хийсэн болон хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг. Манай хорооны дарга намчирхсан байдлаар асуудалд хандаж, үйл ажиллагаа явуулдаг гэдэгт итгэхгүй байна. Цэцэгээ дарга бол өөрөө IX хорооны хүн. Намчирхаад яваад байх хүн биш гэдгийг хэлмээр байна. 
Ахмад настан Дамдинсүрэн: -Би IV хорооны 21 дүгээр байранд амьдардаг. Манай байрны дээврээс үргэлж ус гоожоод байх юм. Холбогдох шат шатны байгууллагад хандаж санал, хүсэлт тавьдаг. Гэтэл манайхныг тоож ирдэг хүн гэж алга. Түүнээс гадна "Цэрэндоржийн гудамж"-нд байгаа усан оргилуурын дэргэд том том асар шиг зүйлүүд бариад хаячих юм. Тэнд чинь иргэд амарч, зугаалдаг юм шүү дээ. Одоо харж суух юмгүй болсон. Үүнийг шийдэж өгөхгүй юү. Мөн 49 дүгээр байрны дэргэд авто машины үнэлгээний газар байгуулсан. Хүн явахын аргагүй олон машин цугладаг. Орон сууцны дэргэд ийм зүйл байж болдог юм уу. Мөн Шарга морьтод "Найман шарга" гэдэг амралтын газар бий. Манай хорооны ахмадууд бүгд тэнд очиж амардаг байсан. Одоо тэр газар байдаг юм уу, үгүй юм уу. Тантай би уулзах гэж хоёр ч удаа очлоо. Туслах, нарийн бичиг нь завгүй л гэх юм. Ард түмэн чинь тантай уулзаж, санал хэлж, ажил төрөл ярих асуудал байдаг юм шүү дээ. 
Д.Бадарсан: -Манай дүүргийн орон сууцны ихэнх нь баригдаад олон жил болж байгаа. Хамгийн шинэ нь 11-р хорооллын байрууд байна. Манай дүүрэгт 200 гаруй орон сууц байдаг. Тэдгээрийн тал нь дээврийн асуудалтай. Түүнээс 70 орчим барилгын дээврийг засч янзалсан байгаа. Одоо 10 гаруй байрны дээврийг засах дутуу байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш дээврийн засварын ажил хийгдээгүй байгаа. Хэлэлцүүлэгт дэд бүтэц хариуцсан албаны хүн ирээгүй байна. "Цэрэндоржийн гудамж"-ны хувьд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бичиг хэрэг, дүрэмт хувцасны худалдаа зохион байгуулах саналыг аж ахуйн нэгжүүд гаргадаг. Түүнээс биш үргэлж худалдаа хийгээд байна гэсэн үг биш. Дүүргийн ахмадын амралт гэж бий. 2012 он хүртэл тус амралтын газрыг хувь хүнд түрээслүүлчихсэн байсан. Үүнийг манай дүүргийн нэгэн ахмад санал гаргаад дүүрэг ахмадын газраа өөр дээрээ авъя гэсэн санал гаргасан юм. Түүний дагуу дүүргийн ИТХ-д хандаж, хариуцсан хүнд нь үүрэг өгөөд хагас сарын хугацаанд судалгаа хийлгэсэн. Ингээд төсөвт мөнгө суулгаад "Найман шарга" амралтын газраа засварласан. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа. 
III хорооны иргэн Уранбилэг: -160 дугаар цэцэрлэгийн ойр орчимд хууль бусаар газар зарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Хоёрдугаарт, 54 дүгээр цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөөч. Мөн Хандгайтын ахмадын амралт юу болсон бэ. Ахмадуудаа хүлээж авах болоогүй юм уу.
Д.Бадарсан: -160 дугаар цэцэрлэгийн газрын урд талбайг 2008 онд олгосон байсан. Энэ асуудлаар хорооны дарга, цэцэрлэгийн эрхлэгч болон миний бие ярилцаад нийслэлийн Засаг даргад албан бичиг илгээсэн. Түүний дагуу энэ газрыг хүчингүй болгосон. 54 дүгээр цэцэрлэгийн хувьд энэ жил буулгаж барихаар концессд оруулсан. Харамсалтай нь концессын ажил зогсчихсон байгаа. Хандгайтын амралтын газар ажиллаж байгаа.     
Энэ мэтчилэн хэлэлцүүлэгт оролцсон иргэд асуулт асууж байх үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нэгэн санал гаргасан юм. Тэрээр "Бид ажлаа долоо хоногийн өмнө төлөвлөдөг. Ирэх долоо хоногт "Ардын үг" зөвлөлдөх аяныг дахин зохион байгуулъя. Тэр үед хорооны засаг дарга, хэлтсийн дарга нарыг хамт байлгая. Түүний дараа асуудлаа яривал үр дүнтэй юм биш үү" хэмээсэн юм. "Ардын үг" зөвлөлдөх аяныг зохион байгуулагчдын зүгээс ч түүний саналыг хүлээн авсан. 
Асуулт, хариулт явагдсаны дараа зөвлөлдөх аяны журмын дагуу иргэд жижиг бүлэгт хуваагдан, хороо, дүүрэгтээ тулгамдсан асуудлууд, дүүргийн удирдлагуудын хийсэн ажлыг тус бүрт нь хэлэлцсэн юм. Ийн хэлэлцсэний дараа дүүргийнхээ удирдлагууд, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудад нь үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ үйл ажиллагааг хараат бус "МЕК" байгууллага зохион байгуулж, иргэдийн дүнг нэгтгэн гаргасан юм. 
Иргэд тодорхой асуудал болгонд 1-5 хүртэлх үнэлгээ өгсөн юм. Үнэлгээний дүнгээс харахад Сүхбаатар дүүрэгт хамгийн тулгамдсан зүйл нь ажлын байрны асуудал. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд ажлын байр хамгийн муу буюу таваас ердөө 1.8 гэсэн үнэлгээг өгсөн байна. Тэгвэл хамгийн өндөр үнэлгээ өгсөн зүйл нь гэрэлтүүлэг бөгөөд гурав гэсэн үнэлгээ өгчээ. Харин хогны асуудал, ногоон байгууламж, дэд бүтэц зэрэг салбарт дунджаар 2.5 гэсэн үнэлгээг өгсөн байна. Тэгвэл цэцэрлэгийн хүртээмжид 2.1, эмнэлгийн хүртээмжид 2.2, бага, дунд сургуулийн хүртээмжид 2.4 гэсэн үнэлгээ өгөв. Мөн хорооллын тохижилтод 2.6, хүүхдийн тоглоомын талбайн хүрэлцээнд 2.4 гэсэн үнэлгээ өгсөн бол хорооллын доторх зам барих, засах ажилд ердөө 2.1 гэсэн маш муу үнэлгээ өгчээ. Товчхондоо, Сүхбаатар дүүргийн удирдлагууд өнгөрсөн жилүүдэд хангалтгүй ажилласан гэж иргэд нь дүгнэж байна.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.