Б.Чойжилсүрэн: Тавантолгойд гадаад, дотоодын хамтарсан консерциум байгуулна

2016.10.12 Лхагва №096 (2127)

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа. 

-Та ОУВС-гийн жилийн уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр тус сантай ямар хэлэлцээ хийв?
-Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээ хийж байгаа. Энэ сарын 20-доор ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк бусад санхүүгийн байгууллагад ажиллаад дүгнэлтээ танил­цуулах байх. Үүний дараа л тодорхой шийдвэр гарна.
-Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар саналаа нэгтгэчихсэн ОУВС-гийн шийдвэрийг хүлээж байгаа гэсэн үг үү?
-Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээ хийж бай­гаа. Техникийн баг ирээд үнэл­гээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж хамрагдах нь тодорхой болно. Одоо  хэлэх эрт байна.
-ОУВС Монголд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэвэл хаанаас хөрөнгө босгох боломжтой вэ?
-Энэ талаар холбогдох санхүү­гийн байгууллагууд, га­даад улс орнуудтай ярилцаж байна. Арилжааны нөхцөлтэй зээлүүд Монгол Улсыг өрийн да­рамтад оруулж байгаа учраас өөр эх үүсвэрээс хөгжлийн зээл хайхаас аргагүй болж байгаа.
-Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах хөтөл­бөрийн боловсруулалт аль шатандаа явж байгаа вэ?
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг Зас­гийн газрын хуралдаанаар эцэс­лэн баталсан. ҮАБЗ-д та­нил­­цуул­чихаад УИХ-д оруул­на.
-Өрийг өрөөр дарахаас өөр ямар ч боломжгүй гэдэг Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа юу?
-Бондын төлбөрт шууд гаргаад өгчих хэмжээний эх үүсвэр байхгүй. Тиймээс дахин бонд гаргаж бондын өрийг төлөхөөс өөр арга алга.
-Засгийн газар ирэх онд том төслүүдээ хөдөлгөхөөр тө­лөвлөж байгаа. Хэзээнээс хөдөл­гөж эхэлнэ гэж тооцсон бэ?
-Том төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй. Тухайлбал, 2017 оны төсвийн төсөлд “Таван­толгой, Гацуурт  төслийг хөдөлгөж, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ” гэж тусгасан.  Манай  орны улирлын онц­логоос шалтгаалж ажил өр­нө­дөг. Өвлийн улиралд бэлтгэл ажил хийгдэнэ. Хавраас ажлаа эхлүүлнэ гэж тооцож байгаа.
-Тавантолгойд БНХАУ хөрөнгө оруулна гэсэн мэ­дээлэл бий. Энэ үнэн үү, эсвэл тендер зарлах уу?
-Дотоод, гадаадын хамтарсан консерциум бай­гуул­на. Гадаад зах зээлд бор­луулах чадвартай, сүлжээтэй хөрөнгө оруулагчийг оруулж ирнэ. Энэ асуудал Төрийн өмчийн хороон дээр яригдана.
-Ерөнхий сайд өнөөдөр Япон улсыг зорино. Энэхүү айлчлалаар тус улсаас зээл авах асуудал яригдах уу?
-Япон улстай олон талын асуудлаар хэлэлцээ хийнэ. Энэ талаар Ерөнхий сайдаас өөрөөс нь асуусан нь дээр байх. Мэдээж хамтарсан төслүүдийг хэрэгжүүлье, санхүүгийн хүнд­­­рэлтэй үед Монгол Улсад хөн­гөлөлттэй зээл олгооч гэдэг асуудал яригдах байх.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.