Ж.Батбаясгалан: Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар судалгаа хийж байна

2016.10.12 Лхагва №096 (2127)

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас агаарын бохирдлын асуудлаар ямар ажил хийх гэж байгааг тодрууллаа. 

-Агаарын бохирдлыг бууруулахад ямар бодлогыг голлон барьж ажиллах вэ?
-Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилд хийх үйл ажиллагааны мөрийн хөтөл­бөрийн гол чиглэл нь ногоон хөгжил, өндөр техно­логийг нэвтрүүлж агаарын бохирдолтой тэмцэх. Энэ хүрээнд УИХ Парисын хэлэл­цээрийг баталлаа. Ин­гэснээр байгальд ээлтэй технологи хэрэглэсэн ажлыг дэмжье гэдэг дээр нэгдэж байгаа юм. Энэ нь агаарын бохирдлоос гадна хөрс, уур амьсгал гээд бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд түлхэц болно. Энэ чиглэл рүү олон орон явж байгаа. Хоёр дахь асуудал нь эрхзүйн орчин. Нийслэлд одоогоор байнгын нэг сая 300 мянган хүн амьдарч байна. Гэтэл хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлийн эрх зүйн статус нь 30-40 мянган хүн амьдардаг аймагтай ижил хэмжээнд байна шүү дээ. Ийм нөхцөлд агаарын бохирдол, хөрсний бохидол гээд бүх үйлчилгээ хүнд хүрч, бүрэн цогцоор хэрэгжиж чадахгүй юм. Тэгэхээр эрх зүйн орчноо шинэчлэх ажил явуулахад ир­гэдэд хүрэх үйлчилгээг ойр­туулахад түлхэц суурь болно гэж харж байна. 
-Эрх зүйн зохицуулалтаас гадна өөр ямар ажил хийх вэ?
-Өмнөх багийн зөв ажлыг үргэлжлүүлнэ. Цаашид ямар ажил, төслийг үргэлжлүүлэх вэ гэдэгт ажлын хэсэг ажиллаж байна. Дэд бүтэц хариуцсан ажлын хэсгийг томилон ажил­лаж байгаа юм. Ямартай ч улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар янз бүрийн зуух авч таарахгүй гэдгийг бат­тай хэлье. Энэ асуудлууд зах зээлийн жамаараа л явна. Сайжруулсан түлшний нөхөн олговорын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хийж байна. Энэ сарын 15 гэхэд энэ жил яг ямар ажлыг хэрхэн хийх талаар нарийвчилсан тө­лөвлөгөө гарна.  
-Төлөвлөгөөнд яг ямар ажил тусгагдсан бэ?
-Бүрэн шаталттай сайж­руулсан түлш, өмнө нь тараасан утаагүй зуух зэрэг ажлыг боломжоороо явуулна. Мөн цахил­гаан эрчим хүчний хэрэг­лээг нэмэгдүүлэхийн тулд шугам сүлжээ, дэд бүтцийг сайж­­­­руулахаар төлөвлөсөн. Сэр­­­гээгдэх эрчим хүчийг хэр­хэн ашиглах талаар олон судалгаа хийж байна. Судалгааг эхний ээлжинд яндан багасгахаас эхэлнэ. Гэр хорооллын айлуу­дын яндан хэрэглээнээс илүү түлш зарцуулж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.