Шинэ оны эхнээс хэрэгжсэн хуулиуд

2016.01.04 Даваа №001 /2032/

Г.БАЛЖИННЯМ

Шинэ он гарч хуанлийн хуудас шинээр эргэж эхлэв. Зэрэгцээд шинэ хуулиуд ч хэрэгжиж эхэллээ. 2016 оны нэгдүгээр сарын 1. Энэ өдрөөс дараахь хуулиуд хэрэгжиж эхэлсэн байна. Хамгийн эхэнд нэрлэх хууль бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль. Цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүйтэй холбогдуулан “төрсөн” энэхүү хууль  хэрэгжиж эхлээд гурав хонож байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан энэ хууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүдэд чиглэсэн бөгөөд Монгол Улсад өмнө нь огт хэрэгжиж байгаагүй шинэ хууль юм. Хуульд зааснаар 18-65 насны иргэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтад хамрагдаж, хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багшийн сертификат авах ёстой юм. Үүний дараа тодорхой шаардлагыг хангасан  хүүхэд харах байр бэлдэх шаардлагатай юм байна. Мөн хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй байх бөгөөд өдрийн цагаар харах ёстой гэж хуульд заажээ. Багшийн цалин зэрэг урсгал зардлын хувьд улсаас дэмжлэг болгон өгөх бөгөөд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тооцож байгаа юм. Нэмж хэлэхэд хууль хэрэгжиж эхэлснээр 60 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой хэмээн тооцжээ. 
Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дараагийн хууль бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан юм. Тэгэхээр иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулахыг зөвлөж байна. Түүнчлэн таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ. Шинэ хуульд тусгагдсан дараагийн нэгэн заалт бол аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын 10 саяын босгыг 50 сая болгон өөрчилсөн явдал юм. 
Ерөнхийлөгчийн өргөн барьж, батлуулсан Нийтийн сонсголын тухай хууль мөн 2016 он гарснаар хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар төрийг удирдах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог тусгах зохицуулалтыг хийж өгсөн бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулах юм. Ийнхүү зохион байгуулахдаа хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр сонсгол хийх ёстой аж. Томилгооны сонсгол л гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан парламентын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээх юм байна. Мөн сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй хэмээн хуульд заажээ. 
Өнгөрөгч оны есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль эхэлсэн. Гэхдээ тус хуулийн зарим заалтыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ хэмээн заагаад байсан юм. Тодруулбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт үйлчилж эхлэх бөгөөд ерөнхий 10 онооноос хасагдах журмаар явах юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах аж. Тухайлбал, зам тээврийн осол гаргасан жолооч тав, жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл нэг оноо хасах гэх мэтчилэн тооцох юм. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ. 
2015 оны хоёрдугаар сарын 2-нд батлагдсан Соёлын тухай хууль мөн хэрэгжиж эхлээд байна. Энэ хуульд Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна хэмээн заасан юм. Мөн кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз (Ай-Пи телевиз)-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар зохицуулжээ. Ингэснээр үндэсний өв соёл, уламжлалыг ирээдүй хойч үед таниулах өндөр ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.