Эчнээ дайны аюул

2016.10.12 Лхагва №096 (2127)

-АНУ-ын эсрэг Иран, Пакистан, БНХАУ-ын эсрэг Тайвань, Япон-

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр аль намын хэн гэгч эрхэм сонгогдохоос шалтгаалж, дэлхийн улс төрийн өрнөл тодорхойлогддог билээ. Сонгууль дөхөж, нэр дэвшигчдийн тэмцэл ширүүсэх тусам олон улсын зүгээс ч тодорхой хариу үйлдэл үзүүлж эхэлсэн байна. Нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээн дээр БНН-аас нэр дэвшигч Д.Трамп Ирантай цөмийн хэлэлцээр хийснийг эрс шүүмжилсэн нь хэдэн жилийн өмнө бодитойгоор яригдаж байсан АНУ-Ираны зэвсэгт мөргөөлдөөний сэдвийг дахин сэдрэхэд хүргэжээ. Д.Трамп ялсан тохиолдолд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээр, ойлголцол цагаасаа өмнө цуцлагдах нөхцөл байдал үүсч болзошгүй. Энэ тохиолдолд зэвсэгт мөргөлдөөн зайлшгүй болно гэж шинжээчид онцолж байна. Сүүлийн үед итгэлцлийн буюу эчнээ дайны талаар геополитикчид олонтаа ярих болсон. Өөрөөр хэлбэл, АНУ Вьетнам, Япон зэрэг улсуудыг БНХАУ-ын эсрэг турхирснаар энэ дайн дэгдэнэ гэж буй. Тайванийн Ерөнхийлөгч өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Хятад улс Тайванийн Засгийн газар, арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй”, “Бээжингийн дарамт шахалтад толгой гудайхгүй” гэх зэргээр хурц мэдэгдэл хийсэн нь Вашингтоны “шидсэн чулуу” байхыг ч үгүйсгэх аргагүй юм. АНУ өмнө нь Бээжингийн анхааруулгыг үл хэрэгсэн Тайваньд зэвсэг нийлүүлж байсан юм. Тодруулбал, эчнээ дайны нэг оролцогч нь Тайвань ч байж болохыг өчигдрийн мэдэгдэл харуулсан. Тэгвэл ажиглагчдын хэлж байгаагаар, ОХУ, БНХАУ-д ч бас АНУ-ын өөдөөс тавих “уяаны ноход“ байгаа бөгөөд тэд нь Иран, Пакистан, БНАСАУ аж. Үүнээс хамгийн ойр нь АНУ, Ираны дайн ажээ.        

АНУ-ын бодлого тодорхойлолцдог гол хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер хэдхэн хоногийн өмнө Москва хотноо айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Вьетнамын дайныг зогсоох Парисын хэлэлцээрийг баталж явсан энэ хүн Збигнев Бзежинскийн хамтаар Вашингтоны ЗХУ, БНХАУ-тай хэрхэн харилцах стратегийг тодорхойлж явсан нэгэн юм. 
Тэрээр Ирантай хийх болзошгүй дайныг цаад утгаараа “ОХУ, БНХАУ-тай хийх дайн” гэж тодотгож байна. Түүнийхээр бол айсуй дайн олон газрыг балгас болгох ч эцэст нь АНУ ялагч болж үлдэх аж. “Бид БНХАУ-д цэргийн хүчээ өсгөх боломж өгсөн. ОХУ-д ЗХУ-ын задралын дараа бие даах цаг өгсөн. Эцэст нь энэ байдал нь тэдний булшны нүхийг ухлаа” гэж тэрбээр хэлсэн байна. Түүнийхээр бол АНУ Ойрхи Дорнодын долоон улсын байгалийн баялгийг ашиглахаар нөлөөгөө тогтоогоод байсан бөгөөд одоо энэ ажиллагаа бараг дууссан тул өөрийн “галзуу нохой” Израилийг гинжнээс нь суллан тавих гэнэ. Удахгүй Израиль улс аль болох олон арабыг тэнгэрт илгээх гэсэн ганцхан зорилготойгоор дайн өдөөх аж. Байдал ингэж өрнөсний дараа Ойрхи Дорнодын газар нутгийн тал нь Израилийн мэдэлд очих ажээ. Харин дараа нь ОХУ, БНХАУ дээр төвлөрч ажиллах гэнэ. 
“Бидэнд дэлхийн аль ч улсад байхгүй өндөр технологийн зэвсэглэл бий. Бид тэр зэвсгээ хэрэгтэй цагт нь гаргаж ирэх болно”гэж Төрийн нарийн бичгийн дарга асан өгүүлсэн байна.
Ираны байлдах чадвар ямар байгааг шинжээчид мөн дэнслээд эхэлсэн. Тэдэнд 1500 километрийн тусгалтай Шихаб-3 хэмээх пуужин бий. Өөрөөр хэлбэл, тэд АНУ-ын цэргийн бааз байрладаг Израиль, Турк зэрэг улсуудад цохилт өгөх боломжтой. Эргийн хамгаалалтын хувьд харин хэцүүхэн байж магадгүй аж. Ираны Тэнгисийн цэргийн хүч АНУ-ын хаана ч хүрэхгүй. Сөргөлдөгч талуудын хооронд байлдааны ажиллагаа Иракийн нутагт эхлэж болохыг тэд мөн үгүйсгэхгүй байна. Д.Трамп гарч ирж хэлэлцээрийг цуцлаагүй байсан ч заасан хугацаа дуусмагц л Иран дахин цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт Вашингтон итгэлтэй байгаа талаар өмнө нь Цагаан ордны нэг бус эх сурвалж өгүүлж байв.

 Ираны армийн одоогийн бие бүрэлдэхүүн, зэвсэглэл

-Хугацаат цэргийн албан хаагчид буюу байнгын арми нь 
350 мянган цэрэг офицер
-Лалын хувьсгалт армийн 125 мянган цэрэг офицер
-“Басидж” цэрэгжүүлсэн байгууллагын гишүүн 11  сая хүн
-2500 танк. Эдгээрийн ихэнх нь Т-72, Т-55
-Онгоц-МИГ-29 сөнөөгч 40 ш, СУ-24, J-7 сөнөөгч тус бүр 30 ш, 
F-4, F-5 и F-14 сөнөөгч 20 ш. Нисдэг тэрэг 200 ш. 

Пуужин
-Хамгийн орчин үеийн суурин болон зөөгч пуужингийн систем 
С-300 гурван ш, С-200 10 ш, ЗРК Тор-М1 29 ш.
-Цаг хугацааны хувьд харьцангуй хуучныхад тооцогдох пуужингийн 
суурин болон зөөгч систем HQ-2J 45 ш,Improved Hawk 150 ш, FM-8050 ш.
Тэнгисийн цэргийн хүч 
* Бөмбөг зөөгч байлдааны хөлөг онгоц  - 5,
* Байлдааны онгоц - 3,
* Завь - 2,
* Пуужин зөөгч - 10,
* Десантын онгоц - 10,
* Эргүүлийн онгоц - 50,
* Шумбагч онгоц «Палтус» - 3.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.