Өндөр дээдсийн илгээмж болсон түүхийн дурсгалаа түйвээж эхэлжээ

2016.10.12 Лхагва №096 (2127)

Мессеж ирэх дохио дуугарав. Аваад үзвэл “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр болгон бэлгэдэж, тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Хавсралтаар бас зураг ирлээ. Нээж харвал нисэж байгаа жигүүртэн шувуу, дөрвөлжин хүрээн доторхи нэг омог отгийн хүмүүс байна. Тийм ээ, энэ бол өнөөгийн бидэнд ирүүлсэн өвөг дээдсийн минь мессеж, илгээмж, уран зургийн галерей билээ. Чухамхүү бид Дарханыхаа нутагт байдаг Хүйтэний голын бичигт хадны тухай ярьж байгаа нь энэ. Энэхүү түүхэн дурсгалт захиа, зургийг гүйцэд тайлан уншихаар хичээн судалж яваа доктор, хатагин Готовын Аким гуайтай хамтран “Art Ger” энтэртаймэнтийнхэн бид аяны жолоо залж зорьсон газартаа ирлээ.  

Бичээс зураг нь голын эхний хойд талд Бичигт хошууны хадан цохионы нөмөрт тэгшхэн толигор чулуун дээр байна. Энэхүү монгол, дөрвөлжин бичиг, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалсан гэж тайлбар толинд тэмдэглэгдсэн нь бий. Тэгэхээр олон жилийн дараа энд ирж байгаа дөрөв дэх жинтэй том судлаач нь Го.Аким доктор боллоо. Бид эрхэм ахыгаа даган хадандаа ёслон хүндэлж, номын адис хүртээд ажилдаа оров. Бичээс зургийг анхааралтай тодруулан үзэцгээв. Хар бэхээр бичигдсэн монгол бичээсийн эхний мөрүүд овоо тод хэрнээ дараагийн үгсийг бүрэн тайлан унших боломжгүй болжээ. Цагийн эрхээр их баларч бүдгэрч. Эртний хүмүүс бичиг зургаа хаданд урлахдаа тун сонин тогтоцтой газрыг шилж сонгож авсан нь илт мэдрэгддэг. Хүйтний голын чулууны бичээсийг л гэхэд салхи, цас, борооноос сайн хамгаалагдан, урагшаа хараад, өөд өөдөөсөө яг тэгш өнцөгт үүсгэсэн тэгш ханан хаданд зурж бичжээ. Зөвхөн урдаасаа л ил харагдана, бусад зүгээс болохоор далд. Монгол бичгээр бичсэн мөрүүдийн хажуу дахь долоон мөр босоо дөрвөлжин бичгийн утгыг тайлахыг Го.Аким ах их хүсч байна. Хэчнээн бүдгэрсэн ч гэсэн газар дээр нь ирж нүдээрээ үзэхэд судлаач хүний жинхэнэ нар гардаг. Ингэж ирээд бичиж буулгаж аванаа нягтлан тодруулж, мэргэжлийн шинжээч судлаач нартай хамтаран юун тухай болохыг нь илрүүлнэ гэхээс Го.Аким ах яарна. Дэргэдэх хананд нь зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор олон бөөрөнхий тэмдэг байна. Гадуур нь хөвөөлөн тэмдэглэсэн хашлаган зураасны дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь л тун сайн шагайхад нүдэнд харагдана. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том солбио чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан зуржээ. Зургийн будаг нэлэнхүйдээ баларчээ. Ийм зургуудыг хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэгвэл дөрвөлжин эсвэл дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторхи олон толбоор овгийн гишүүдийг бэлгэдсэн хүн малын тооллого байж болох магадлалтай гэж Го.Аким ах үзэж байв. Далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй гэлээ. 
Го.Аким ах бичиг, үг, үсэг бүрийг хичээнгүйлэн нягт нямбай бүртгэн тэмдэглэж, зураг дүрсний урт, өргөнийг хэмжиж тод томруун буулгаж авлаа. Судлаач шинжээч хүн гэж ийм л байдаг ажээ. Тэр тусмаа Го.Аким ах одоо ид онгод нь орсон явна. Талын хүн мөртлөө ууланд шунан дурлажээ. Дорнодын талынхаа Хадан хөвийн жижигхэн хавцлын оройд гарсан арван хэдтэй жаал хөвүүн дэлхийн дээвэр Хималайн оргилд гарсан юм шиг баярлан хөөрсөн тэр цагаас уулсад сэтгэл нь татагджээ. Тэрээр уншигч олондоо өргөн барьсан “Туульс хайлдаг уулс” хэмээх номдоо Монголын домогт, тахилгат уулс Бурхан Халдун, Отгонтэнгэр, Ээж хайрхан, Баруун, Зүүн Богд, Гурван Мандал, Алтан Овоо, Шилийн Богд, Матад хан, Зотол хан зэрэг 60 гаруй алдарт хайрхнаар аялсан замын тэмдэглэлээ багтаасан. Ингэхдээ уул болгоны домгийг хүүрнэж, сангийн судрыг нь хамтатгахын зэрэгцээ хад чулуун дээрх бичиг бичээс, зургуудыг нягтлан тайлж, хүн чулуу, буган хөшөөн дурсгалуудыг одоо байгаа байдлаар нь зураглан бичиж, 700 шахам өнгөт зураг оруулсан. Го.Аким ахын олон ажлыг зэрэг амжуулдаг нь үнэнхүү атаархмаар. Сэтгүүлч, зохиолч, дуун хөрвүүлэгч, хэл шинжээч, түүхчийн хувьд бүтээсэн болгон нь хүмүүст үнэлэгджээ. 
Их үдийн нар доошлон хадан цохионы энгэр сүүдэртэх хүртэл бид хүндэт ахдаа хир чадлаараа туслан дэм болцгоов. Цаг ямар хурдан өнгөрснийг хэн нь ч анзаарсангүй. Өглөөнөөс бороо орж бүүдийсэн тэнгэр гэнэтхэн цоорч зөвхөн бичигт хадан дээр л нараа тусгасан нь үнэнхүү бэлгэшээлтэй. Хэн хэзээ бичсэн, яг ямар үйл явдлын гэрч зураг тэмдэглэл болохыг илүү тодруулах зорилготой Го.Аким ахын тайллыг бид удахгүй гарах номоос нь танилцаж сонирхох учраас энэ удаа түрүүлэн илүү үг дуугаралгүй нээлт бүтээл юуг нь тэсэн ядан хүлээе.
Холоос зорьж ирсэн гавьяат ахтайгаа хамт бид ажлаа амжуулсандаа сэтгэл дүүрэн буцахаар боллоо. Гэнэт мессежний дуу дахин гарав. Гэхдээ их чичирхийлсэн доргио мэдрэгдэх нь тэр. Нээгээд хартал аврал эрсэн дохио хангинаж харанга дэлдэх мэт цангинав. Цочиж сандарсандаа лавшруулан үзвэл Бичигт хаданд маань аюул учирчээ. Юу болох нь энэ вэ. Шуналтай хүмүүс голын хөндийг тэр чигт нь ухаад хаячихсан байна. Цэцэг жимс алаглан байсан нуга дэнжийн хөрсийг орвонгоор нь эргүүлж, улаан түйрэн болгожээ. Хамгийн аймшигтай нь судар бичээстэй цавчим хаданд ердөө аравхан алхам ойрхон ирчихсэн байв. “Хэн ингээд сүйтгэчихэв ээ. Яасан дүүрчихсэн толгой вэ“ хэмээн Го.Аким ах харамслаа. Хэлэх үг олдсонгүй. Бид бас л буруутан. Энэ нүглийн өмнө нутгийн хүмүүс бүгд л гэмтэй. Түүх, соёлын ховор дурсгалтай, онгон тансаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хүйтэний голын хөндийг алтны уурхайнхан ухаж төнхөөд эхэллээ гэдгийг олон удаа телевизээр үзүүлэн радиогоор ярьж, сонин хэвлэлд зөндөө гаргасан. Нутгийн байгалиа хамгаалах сэтгэлтэй иргэдийн нөхөрлөлийнхөн чамгүй тэмцсэн. Гэвч нэмэр болсонгүй. Өвөг дээдэс минь хойч үеийнхэндээ үе дамжуулан илгээж үргэлж нандигнан санаж яваарай хэмээсэн эрхэм ариун илгээлтийг хүйтэн санаатнуудаас авран хамгаалж авч үлдэх нь бидний үүрэг.  Одоо алгуурлалгүй шуурхай арга чарга бодъё. Дарханчууд нутаг орныхоо хамгийн үзэсгэлэнтэй ховор газар ус, соёл, түүхийн дурсгалыг өөрсдөө нэрлэн тодруулсан. Тэр долоон гайхамшгийн нэг нь Хүйтэний голын бичигт энэ хад шүү дээ. Хүмүүс ээ, юу хийчих нь энэ вэ. Тэнгэр дээдэс минь, мулгуу биднийгээ өршөө! 
Намрын адаг сарын цагаан бич өдөр. 
Хүйтэний голын Бичигт хошуу.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.