Хүйтэний голд хүйтэн сэтгэлтэн халдав уу

2016.10.12 Лхагва №096 (2127)

Уул уурхайн хайгуулын үйл ажиллагаанаас болж байгаль экологийн тэнцвэр алдагдаж, гол, мөрөн, горхи булаг ширгэж байгаа жишээ олон бий. Түүнчлэн уул уурхайн лицензтэй талбайд түүхийн дурсгалт газрууд багтсанаас болж багагүй асуудал үүсдэг. Үүний тод  жишээ нь Ноён уулын хүннүгийн булшнууд юм. Ноён уулын орчимд алтны уурхай олборлолт хийж эхэлбэл түүх, археологийн нэн ховор дурсгалууд болох хүннүгийн булшнуудад сөрөг нөлөөлөл үүсэх үү гэдэг дээр уул уурхайн компани болон орон нутгийн итгэд, төрийн бус байгууллагуудын дунд маргаан өрнөсөөр байгаа.

Тэгвэл Дархан-Уул аймагт мөн ийм байдал үүсч мэдэхээр байна. Тодруулбал тус аймгийн нутаг Хүйтэний голын Бичигт хадны ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа явуулж, хөрс хуулж эхэлсэн байна. Гэтэл энэхүү Хүйтэний голын Бичигт хад бол аймгийн тусгай хамгаалалтад байдаг газар. Дархан-Уул аймгийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдэн хол ойрын жуулчид, аялагчдын анхаарал сонирхлыг татдаг энэ газарт хаанахын ямар компани уул уурхайн үйл ажиллагаа эхлээд байгааг бид албаны эх сурвалжаас тодрууллаа. 
Дархан-Уул аймгийн Байгаль орчны газраас өгсөн мэдээллээр Хүйтэний голд уул уурхайн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа тухай асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан гэнэ. Бичигт хад зэрэг түүхийн дурсгалыг хадгалсан, байгалийн үзэсгэлэнт энэ газарт хөрс хуулалт хийж эхэлсэн тухай мэдээллийн мөрөөр холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Орон нутгийн тусгай  хамгаалалтад байдаг уг газарт уул уурхайн үйл ажиллаагаа явуулах албан ёсны зөвшөөрлийг ямар ч компанид одоогоор албан ёсоор өгөөгүй байна. Хяналт, шалгалтын ажил дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. 
Юутай ч бид Дархан-Уул аймгаас Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн ирүүлсэн тэмдэглэл, гэрэл зургуудыг хүргэж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.