С.Энхбат: Дараа жил заавал түрүүлнэ

2016.10.12 Лхагва №096 (2127)

Эстонийн Таллин хотод пауэрлифтингийн ахмадын ДАШТ энэ сарын 3-8-нд болж, манай улсаас нийт гурван тамирчин өрсөлдсөнөөс таталтын 74 кг-ын жинд С.Энхбат мөнгөн медаль хүртсэн билээ. Тэмцээнд оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд мөнгөн медаль хүртсэн С.Энхбатаас тодруулга авлаа. 

-Таныг дэлхийн аварга болох боломжоо алдлаа гээд холбооныхон тань нэлээд зэмлэнгүй угтлаа. Түрүүлэх боломжоо хэрхэн алдсан бэ?
-Би энэ удаагийн ДАШТ-д хоёр төрөл (таталт, шахалт)-өөр өрсөлдсөн. Уг нь таталтын төрөлд алтан медаль хүртэхээр байсан ч захиалга дээрээ тооцоо алдчихсан юм. Мөн бие халаалт хийхдээ хүчний хуваарилалтаа буруу төлөвлөсөн нь нөлөөлсөн. Гэхдээ яах вэ, тэмцээн үүгээр дуусах биш. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байгаад дараа жил заавал түрүүлнэ ээ, амалчихъя. 
-Та бэлтгэл дээр арай илүү жинг өргөж байсан байх аа?
-Тийм ээ. Бэлтгэл дээр 700 гаруй кг-ыг өргөж байсан бол тэмцээнд ердөө 620-иос хэтрээгүй. Өнгөрсөн зургадугаар сарын 6-нд АНУ-ын Техас мужид болсон пауэрлифтингийн классик төрлийн ДАШТ-д суултын төрөлд хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд өргөсөн жингээ сая тэмцээнд үзүүлж чадсан бол алтан медаль хүртэхээр байлаа.  
-Саяхан Риогийн паралимпийн наадамд танай холбооны тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн. Энэ амжилт Монголын пауэрлифтингийнхний урам зоргийг нэлээд өргөсөн байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай холбооныхон анхны паралимпийн медальтан төрлөө гээд хөл нь газар хүрэхгүй баярлана лээ. Пауэрлифтингийн спорт дөрвөн жилийн дараа японд болох Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт орох магадлал өндөр байгаа. Одоогоор олимпод үзүүлэх тоглолтоор орчихсон. Манай холбоо олимп угтаж тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байгаа. Үр дүн нь эхнээсээ гарч л байна.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.