Эцсийн үгээ хэлж амжаагүй ч “Алдрын танхим”-д мөнхөрсөн Кудухов

2016.10.12 Лхагва №096 (2127)

Чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдгүүдийн нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга Бесик Кудухов одоогоос гурван жилийн өмнө автомашины ослоор өөд болсон билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатартай нэгэн үед өрсөлдөж явсан, монголчуудын сайн танил түүнийг эргэн дурсъя. 
Осети бол Дагестаны нэгэн адилаар үеийн үед Оросын бөхийн зонхилох төвийн нэг байсаар ирсэн билээ. Кавказын хоёр бүгд найрамдах улсын бөхчүүдийн тэмцэл 1990-ээд оны дунд үед оргилдоо хүрсэн ч 2000 оноос хойш Дагестаны талд илүү жин дарах болсон юм. Энэ эгзэгтэй үед Сослан Андиев, Арсен Фазаев, Махарбек Хадарцев, Хасан Бороев нарыг залгамжлах баатар төрөн гарах нь Осетид ус, агаар мэт хэрэгтэй байлаа. Харин 2007 онд Бесик Кудухов гэж намхавтар залуу гайхалтай барилдсаар Европ, дэлхийн аварга болох нь тэр. 
Мэргэжилтнүүд осети залуугийн өвөрмөц мэх, хурдтай барилдаан, авьяас чадварыг биширч, “Аль жинд барилдахаас үл шалтгаалан Бээжингийн олимпод гарцаагүй аваргална” гэлцэж байв. Гэвч чухал тэмцээний өмнөх иймэрхүү яриа тамирчны хүч боломжийг сулруулдаг уршигтай билээ. Хэдийгээр Кудухов биеэ зөв авч явдаг, оддын өвчнөөр өвчлөхөөргүй нэгэн ч “цагаан хэл ам” амжилтаас нь чангааж дөнгөсөн юм. 
Тэрээр 55 кг-ын жинд барилдахын тулд үргэлж зургаагаас долоон кг орчим жин хасдаг байв. Залуухан бөхчүүдийн хувьд энэ нь асуудал биш боловч нас биед хүрсэн идэр эрийн хувьд, ялангуяа Ази тивийн уур амьсгалд зохицож амжаагүй Кудуховт сөргөөр нөлөөлсөн. “Бээжин 2008” олимпийн наадамд тэр дөнгөж хүрэл медаль дээр буусан бөгөөд тухайн үед бөхийн мэргэжилтнүүд “Кудухов боломжийнхоо ердөө 40 хувийг л ашиглалаа” хэмээн дүгнэж байв. Тэрээр олимпийн наадмын дараахнаас жин өгсч, 60 кг-д зодоглохоор сэтгэл шулуудсан юм. 
Шинэ жинд амжилт олохын тулд түүнд богинохон хугацаанд булчингийн массаа нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Ингэхийн тулд зугуухнаар булчингаа нэмдэг нь Кудуховыг 2009-2011 оны ДАШТ-д түрүүлэхэд нь саад болж чадсангүй. Тэрээр бүхэл бүтэн олимпийн мөчлөгийн турш ганц ч удаа ялагдал хүлээсэнгүй, учраа бүрээ ардаа орхисоор дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон билээ. Кудухов хүчтэй өрсөлдөгчдөө хүртэл хурд, хөнгөн шаламгай барилдаанаараа ааглан ялж байлаа. Оросууд ч Лондоны олимпоос гарцаагүй алтан медаль хүртэх тамирчдынхаа тэргүүн эгнээнд түүнийг нэрлэж байсан нь зүй ёсны үнэлэлт дүгнэлт байв. 
Лондонд Кудухов тун адармаатай замаар өгссөн. Эхний даваанд л ДАШТ-ий мөнгөн медальт Пуэрто-Рикогийн Франклин Гомес Матостой хүсэн үзсэн гээд бод доо. Шигшээ барилдаан хүртэл гар амраачих амар өрсөлдөгчтэй таарсангүй. Ийн урагшилсаар алтан медалийн төлөө Азербайжаны 19 настай Тогрул Асгаровтой тунан үлдэв. Хэдий нас залуу цус шингэн ч Асгаров туршлагатай, өөртөө итгэлтэй, чамгүй шазруун бөх байв. Тэрээр Кудуховыг нэвт шувт судалчихсан байсан бөгөөд маш сайн хамгаалж, хариу мэхээ даацтай хийсээр 5:0-ээр ялсан юм. Ингэж осети эр дөрвөн жилийн хугацаанд анхны ялагдлаа амсч, олимпийн аварга болох мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Энэ ялагдал бууж өгөхийг тэвчдэггүй Кудуховыг улам хурцалсан гэхэд болно. Анхны олимпоосоо хүрэл, дараа нь мөнгөн медаль хүртсэн тэр гурав дахиас нь алтан медаль авна гэж өөртөө андгай тавив. 
Кудухов олимпийн дараа нэг жил хиртэй амарсан бөгөөд 2013 оны намар дэвжээндээ эргэн ирж, арваннэгдүгээр сард болсон Сослан Андиевын дурсгалд зориулсан тэмцээнд түрүүлсэн билээ. Арваннэгдүгээр  сарын 28-нд тэрээр олон нийтийн сүлжээгээр “Цагаан морьтой ханхүү ирэхийг хүлээх хэрэггүй. Харин хар Приоратай хулигааныг ямар амжилт гаргахыг нь хараарай” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан. Харамсалтай нь тэр маргааш нь өнөөх “Приора”-тайгаа явж байгаад осолдсон юм. Хурдны замд эсрэг урсгалаас маш хурдтай зүсэн орж ирсэн “Ауди”-тай мөргөлдөхөд хоёр жолооч гэмтэж, урд эгнээнд сууж явсан Бесик Кудухов газар дээрээ амьсгал хураав. Олимпийн одгүй аварга “Сочи-2014” өвлийн олимпийн бамбарт буухианд оролцох гэж яарч яваад таалал төгссөн нь харамсалтай. Ийнхүү хөнгөн жингийн хамгийн авьяаслаг бөх Кудухов домогт Иван Ярыгиний хувь тавиланг давтаж, хурдны зам дээр нас нөгчсөн. Сибирийн нэрт бөхөөс ялгаатай нь осети эр спортын талбар дахь “сүүлчийн үг”-ээ хэлж амжаагүй юм. Гэхдээ олимпийн аварга болж чадаагүй ч тэрээр бөхийн спортод тод ул мөрөө үлдээсэн нэгэн байлаа. 2014 оны есдүгээр сард Олон улсын чөлөөт бөхийн холбоо түүнийг “Алдрын танхим”-даа мөнхөлж, төрсөн хот Бесланы төвд орших гудамжийг нэрээр нь нэрийджээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.