Оюуны өглөг буюу хийсэн сурвалжлага ном түрээслэгчийнхээс

2016.10.12 Лхагва №096 (2127)

“Байна уу. Сайн байна уу. Г.Аюурзаны “Бөөгийн домог” уу. Байгаа. Таван хоногийн хугацаатай уншина. Гурван мянган төгрөг. Уучлаарай, хүргэж өгөх боломж байхгүй шүү дээ. Тийм ээ. Гэрээс ирээд авчих” хэмээн намуухан хоолойгоор тэр өгүүлээд утсаа таслав. Тэгснээ номоор барьсан хана гэж андуурагдам бор шүүгээ рүүгээ бахдалтай гэгч нь харна. Ном бүрт нялх хүүхэд адил болгоомжтой хандана. Хуудсыг нь нямбайлан эргүүлэх аж. Тухайн номынхоо үйл явдал, өгүүлэх санааны тухай ярихдаа нүүрнийх нь  хувирал хүртэл түүндээ зохьсон мэт санагдана. Зохиолын баатарт тохиолдсон хэцүү зүйлийг ярихдаа сэтгэл нь зовниж, сайхан явдлын тухай ярихдаа инээмсэглэж, нүүрэнд нь баяр тодорно. Оюун санаандаа хэчнээн олон баатартай хүн юм бүү мэд. Зарим нь түүний найз, заримыг нь тэр үзэн яддаг гэнэ. Болдог бол очоод тусламаар санагдах үе хүртэл байдаг гэлээ. Ямар нэгэн киноны хэсгээс хүүрнэж байна гэж андуурав. Энэ бол Хан-Уул дүүрэгт байрлах “Алтай” хотхоны 25 дугаар байранд амьдардаг С.Хишигжаргалын тухай яриа юм. Тэрээр номыг шимтэн уншихаас гадна өөрийн уншсан номоо хүмүүст түрээслүүлдэг байна. Өмнө нь номонд ингэтлээ дурласан, автсан хэн нэгэнтэй уулзаж байгаагүйн дээр номоо түрээслэдэг нь надад сонирхолтой байлаа. Тэрээр “Намайг анх зургадугаар ангид байхад аав А.Дюмагийн “Монте Кристо гүн” номыг авч өгсөн. Түүнийг уншаад л номонд орсон. Одоо бодоход миний насанд хэтэрсэн зохиол байсан шиг санагддаг. Уран зохиол, хувь хүний хөгжлийн тухай номуудыг түлхүү сонирхох болсон. Сүүлд оюутан болоод хөдөө аж ахуйн холбогдолтой номыг зайлшгүй шаардлагаар уншсан. Ном уншина гэдэг сайхан. Унших бүрд өөр өөр зүйлсийг мэдэрнэ. Тухайн номд гарч буй цаг үе, нийгэм, орчинд очно. Тэнд сайхан ч зүйл бий. Гутмаар ч зүйл бий. Яг хүмүүний амьдрал шиг. Номын ертөнц тийм. Гэхдээ ном гэртээ сууж байгаад тэнгис далайг гаталж, тив дэлхийг алгасч, хэзээч уулзаж байгаагүй тийм хүмүүстэй уулзуулж чаддагаараа бодит амьдралаас илүү. Магадгүй бүр энэ орчлон дэлхий дээр хэзээч байгаагүй тийм ертөнц, амьдралыг өгүүлэх нь бий. Тиймээс л би ном уншдаг. Ингэснээр төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Бусдыг хайрлах, энэрэх үзэл сууна. Асуудалд буйртай суурьтай хандаж сурна. Бэрхшээлийг даван туулах чадвар нэмэгдэнэ. Бодож сэтгэхэд тустай. Мөн номд гарч буй зохиолын баатрын үйл хэргээр өөрийн амьдралаа дүгнэх, шүүх, ухаарах, зэмлэх гээд өөрийгөө олоход нэн тустай юм. Тиймээс би энэ сайхан мэдрэмжүүдээ бусадтай хуваалцахыг хүссэн учраас ном түрээслэх ажил эхэлсэн юм” хэмээн ярилаа. Нээрэн үүнээс ургуулаад бодоход ном их уншдаг хүн бусдад муухай хандаж, чанга дуугарч, ёс бус ааш гаргадаггүй шүү дээ. Хамгийн наад захын жишээ номын мөр хөөсөн их багш нар яг л дөлгөөн мөрөн шиг байдаг шүү дээ. Энэ нь номын нэгэн том шид байх хэмээн эргэцүүлэн байхад минь тэрээр Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг барин “Миний номуудаас хамгийн эрэлттэй нь энэ. Хүмүүс байнга асуудаг. Бараг байх нь ховор.Үргэлж түрээсэнд гардаг. Өнөөдөр харин аз болж түрээсэнд гараагүй байна. Гэхдээ ирж авах хүн нь тодорхой болсон. Орой ирнэ гэсэн. Ер нь Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын номыг хүмүүс түлхүү уншдаг. Ном түрээслэх ажлаа эхлээд удаагүй байгаа хэдий ч энэ ажлыг хүмүүс мэддэг болжээ. “Түрээсээр унших ном” фэйсбүүк хуудас минь гурван мянга гаруй дагагчтай болсон. Онлайнаар түрээслэх ажлаа явуулдаг болохоор ч  тэр юмуу. Эсвэл манай залуучууд ном их уншдаг юмуу мэдэхгүй. Надаас ном түрээслэдэг хүмүүсийн дийлэнх нь оюутан залуус байдаг. Үүнд би маш талархалтай ханддаг. Зарим нь бүр өглөө долоон цагт хаалга тогшиж ном авдаг. “Хичээлдээ орохоосоо өмнө амжиж ирлээ” гээд мундаг байгаа биздээ. Би номоо 1500-3000 төгрөгөөр түрээслэдэг. Хуучны ховор номууд нь арай үнэтэй байдаг. Тодорхой хэмжээгээр элэгдэлд орж байгаа учир тэгэхгүй бол болдоггүй юм. Анх манай дүү, найз нар надаас ном авч уншдаг байсан. Түүнээс үүдээд ном түрээслэе гэсэн гэдэг санаа төрсөн. Иймэрхүү төрлийн ажил хийдэг хүмүүс байдаг юм шиг байна билээ. Надруу нэг эгч ярьж байсан. “Энэ их хэцүү ажил шүү. Эгч нь шантраад больж байна. Ажлын хажуугаар, гэр орны амьдрал, ном түрээслэх гээд амждаггүй юм” гэсэн. Одоохондоо бол надад сонирхолтой сайхан ажил шиг санагдаж байгаа. Гэхдээ байнга онлайн байх шаард­лагатай болдог. Тэр олон хүн рүү нэг бүрчлэн хариу бичнэ. Би гэдэг хүн утаснаас уяатай л байдаг даа. Нэг их ашиг олоод байгаа юм байхгүй. Тэгсэн хэрнээ би үүндээ сэтгэл хангалуун байдаг. Номоор дамжуулж хүмүүст ухаарал, мэдрэмж түгээж байгаа болохоор тэр байх” гээд инээвхийлтэл хэн нэгэн хаалга тогшлоо. “Чиний л хүн байх” гэж түүний нөхөр нь хэлэх аж. Биеэрээ дүүрэн шивээстэй энэ эр “Монгол” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоуны “Алтан базер”-ын эзэн болсон нэгэн байлаа. Түрээслэгч маань “Хэн бэ?” ч гэж асуулгүй шууд хаалгаа нээлээ. Үнэхээр хөл хөдөлгөөнтэй. Үргэлж хүмүүс ирж ном аваад сурсан гэдэг нь үүнээс бэлхнээ харагдаж байв. Үүд тогшсон хүмүүс нь оюутан бололтой хоёр охин орж ирэв. Толгойгоо дохин бидэнтэй мэндлээд Хишгээд хандан “Өчигдөр захиалсан номуудаа авахаар ирлээ” гэхэд тэрээр Японы нэрт зохиолч Харуки Мүракамигийн “Норвегийн ой”, С.Эрдэнийн “Хойд насандаа учирна” романуудыг номын тавиурынхаа дээр бэлдээд тавьсан байснаа авч өглөө. Тэдгээр оюутнууд иргэний үнэмлэхээ үлдээгээд мөнгөө өгөөд номоо цүнхлэв. Ном түрээсээр өгөхдөө насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хүрээгүй бол гэрчилгээг нь барьцаанд авч үлддэг аж. “Уран зохиолын номонд дуртай байх нь ээ” гээд би оюутнуудтай яриа өдөхөд нэг нь “Тийм ээ. Тэр тусмаа С.Эрдэнэ гуайн зохиолд дуртай. Арван жилд байхдаа тууж, өгүүллэгийг нь уншаад дууссан. Одоо роман руу нь орсон” гэхэд нөгөөх нь “Би ном уншдаггүй байсан. Саяхнаас найзынхаа нө­лөөнд автаад уншиж эхэлж байна. Сонир­холтой юм билээ. Өнгөрсөн сард гурван роман дуусгасан” гэлээ. Тэднийг гаргаж өгөнгөө түрээслэгч “Манайх гэдэг айл ингээд л хүн тасардаггүй. Шөнийн 12.00 цагт ч хүмүүс ирж ном авдаг. Гэхдээ хүмүүс хүргүүлэх их дуртай байдаг. Гэвч би яаж хүргэх вэ дээ. Зардал өндөртэй. Харин үүнийгээ цааш нь хөгжүүлээд дөрвөн ханаараа дүүрэн номтой “Номын кафе”-тай болохыг мөрөөддөг. Тэгээд хүргэлтийн үйлчилгээг хамгийн түрүүнд дэлгэрүүлнэ гэж боддог. Тэгэхгүй бол гэртээ хүүхдээ хардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээ­сээ гарах боломжгүй учир ном уншихыг хүсдэг хэрнээ ирж авч чадахгүй тохиолдол зөндөө байна. Тэдэнд хүрч үйлчилнэ” гэж боддог. Манай нэг үйлчлүүлэгч байдаг. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, есөн настай охинтойгоо амьдардаг. Би тэр эгчид байнга номоо хүргэж өгдөг. Хэдий бие нь хөгжлийн бэрхшээлтэй боловч тархи нь бүхнээс эрүүл нэгэн учир би хүргэж өгөхөөс татгалзаж чаддаггүй. Охинтойгоо хоёулаа номны мангас шүү дээ. Энэ ажлыг хийснээр олон сайхан хүмүүстэй танилцсан. Одоо номуудаа л хангалттай хэмжээний арвижуулмаар байна. Ядаж эрэлт ихтэй номуудаа хоёр, хоёр болгомоор байгаа. Тэгэхгүй бол хүлээлт үүсээд байх юм. Долоо хоногтоо нэг удаа номын дэлгүүр орж шинэ номууд худалдаж авахыг хичээдэг. Гэхдээ санхүүгээсээ шалтгаалаад тэр болгон чадахгүй байна. Надтай хамтрах ч юм уу дэмждэг хүн байвал өөрийн хүссэнээ хэрэгжүүлж чадна гэж боддог” гэлээ. 

Бид шинэ ном худалдаж аваад уншиж дуусгачихаад номын тавиур дээрээ орхидог. Харин энэ бүсгүй тийм аминчхан нэгэн биш ажээ. Бусдын оюун тархи,зүрх сэтгэлд ухаарлын гэгээ, эрдэм мэдлэг түгээхийг оролдож, хүмүүсийн ном унших үүд хаалгыг жаахан ч гэсэн нээхийг хичээж байна. Ийм ариун бодолтон олон байг ээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.