Эзэддээ гайхашрал, баяр хөөр авчирсан “Нобель 2016”

2016.10.12 Лхагва №096 (2127)

Шведийн эрдэмтэн, бизнесмэн Альфред Нобелийн нэрэмжит шагналын утга зохиолоос бусад салбарын эзэд тодроод байна. Маргааш Утга зохиолын салбарын шагналтан тодорсноор “Нобелийн долоо хоног” албан ёсоор өндөрлөнө. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд болох юм.   

Физик: Квант компьютерийн хөгжлийг тодорхойллоо
Британи гаралтай АНУ-ын эрдэмтэд болох Дэвид Таулесс, Дункан Халден, Майкл Костерлиц нар  давсан дамжуулагч, хэт урсах чанар зэрэг материйн  өвөрмөц төлөвийг сүлжээ дамжуулагч топологийн математик арга ашиглан тайлбарласан юм. Материйн өвөрмөц төлөвийн онолын үндэслэл 1970-аад онд тавигдсан ч шалтгаан нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. “Тэд энэ судалгаагаараа физикийн салбарт шинэ талбарыг нээлээ. Электроник болон хэт дамжуулагчийн шинэ эрин үеийг бий болгох, квант компьютерыг хөг­жүүлэхэд тэдний судал­гааг ашиглах болно” гэж Шведийн ШУА мэдэгдсэн байна.

Хими: Нанотехнологийн гайхамшиг 
Францын эрдэмтэн Жан Пьер Соваж, Британий эрдэмтэн Фрэйзер Стоддарт, Нидер­ландын эрдэмтэн Бернард Феринга нар дэлхийн хамгийн жижиг молекулын тоног төхөөрөмжийг зохион бүтээснээрээ нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Ж.П.Соваж 1983 онд нано машины эх үндсийг тавьсан бол хожим Ф.Стоддарт илүү боловсронгуй болгосон байна. Харин Б.Феринга молекулын төвшний моторыг бүтээжээ. Тэдний бүтээсэн тоног төхөөрөмжийг хүний биеийн эсүүд рүү эм нэвтрүүлэх, тодруулбал, хорт хавдрын эсүүдэд эмийг шууд хүргэхэд ашиглах боломжтой гэнэ. 
Мөн молекулын машиныг шинэ материалуу­дыг гарган авах, мэдрэгч болон эрчим хүч хадгалах системүүдийг боловсронгуй болгоход ашиглах ажээ. Шийдвэр гарсны дараа Б.Феринга руу утасдаж энэ талаар дуулгахад “Юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Үнэхээр гэнэтийн зүйл боллоо” хэмээн баярласан гэнэ.   

Анагаах ухаан: Мөнх амьдрахуйн нууцыг нээв үү   
Японы эрдэмтэн Я.Осуми эсийн автофагийн судалгааны ажлаараа 2016 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Түүний энэхүү судалгаа нь эсийг задлах, дахин ашиглах замаар эрүүл хэвээр байх нууцыг олсноороо анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой юм. Эс өөрийгөө иддэг буюу агуулгад байгаа хэсгүүдээ дахин ашигладаг үйл явцад тулгуурлан нээсэн шинжлэх ухааны энэхүү ололтыг автофаг гэж нэрлээд байна. Үүний ачаар хавдраас эхлээд Паркинсоны өвчний үед эсийн төвшинд шинжилгээ хийж, чухам юу ийнхүү өвчлөхөд нөлөөлж байгааг тайлбарлах боломжтой болох юм. 
Бие махбодь өөрийн хөгжил дорой, гэмтсэн эсүүдийг устгаж, дахин шинэ эсүүд төлжиж байдаг. Энэ үйл явцын тухай ойлголт 50-иад жилийн өмнөөс мэдэгдсэн ч Я.Осуми нарийвчлан судалж, анагаах ухааны салбарт чухал ач холбогдолтойг нь баталжээ. 

Энхтайван: Эртэдсэн байж мэдэх шагнал   
Колумбийн ерөнхийлөгч Х.М.Сантос Зас­гийн газар Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний хооронд зургаан жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийг амжилттай дуусгаж, хөдөлмөрөө тэр дороо үнэлүүлэв. Энхийн гэрээ байгуулс­наар тус улсад хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн дууссан юм. Гэвч энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, энхийн гэрээг Колумбийн ард иргэд болоод сөрөг хүчний намууд дутуу дулимаг болсон гэж үзсэн бөгөөд энэ асуудал одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.   

Эдийн засаг: Эзнээ гайхашруулсан шагнал
Харвардын их сур­гуулийн профессор Оливер Харт /Их Британи/, Массачусетсийн Технологийн дээд сур­гуулийн профессор Бенгт Холмстром /Финланд/ нар “Гэрээний онол”-д оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагналын эзэд боллоо. Эдийн засгийн харил­цаанд оролцогч талууд хамгийн таатай нөхцлөөр хэрхэн гэрээ байгуулах аргачлалыг тэд боловсруулжээ. Энэ онолыг бизнесийн менежмент, хууль эрхзүй зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Шведийн Хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академиас гаргасан дүгнэлтэд тэдний бүтээлийг “Дампуурлын эрх зүйгээс эхлээд улс төрийн байгуулалт хүртэл олон салбарын бодлого, зохион байгуулалтын үндэс суурь болсон” хэмээн үнэлжээ. 
Шагнал хүртсэн эрдэмтдийн нэг Бенгт Холмстром шагнал хүртсэнээ мэдээд маш их гайхсанаа ярьжээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.