С.Бямбацогт улс төрийн салбарын оны онцлох хүнээр шалгарав

2016.01.04 Даваа №001 /2032/

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 2015 оны шилдгүүдээ тодрууллаа. 15 дахь жилдээ зохион  байгуулсан “Алтан сарнай” наадмын үеэр сайн үйлсийн аян өрнүүлсэн юм. Энэхүү аяны хүрээнд цугласан мөнгийг Эх хүүхдийн  эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авахад зарцуулах тухайгаа наадмын зохион байгуулагчид онцлон хэлж байлаа. “Алтан сарнай” наадамд оролцогчид сайн үйлсийн аянд идэвхтэй оролцов. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хувиаас 10 сая төгрөг хандивласан юм. Ийнхүү нийгмийн сайн сайханд анхаарлаа хандуулсан “Алтан сарнай-2015” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
• Шинжлэх ухаан технологийн салбарын оны онцлох хүнээр  адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл боловсруулсан химийн ухаан доктор, профессор Д.Дэмбэрэлнямба.
• Соёл урлагийн салбарын оны онцлох хүнээр сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байр, гранпри шагналыг хүртсэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар.
• Спортын салбарын оны онцлох хүнээр Японы сүмод хосгүй дээд амжилт үзүүлж, 30 насандаа эзэн хааны цомыг 35 удаа гардаж авсан Хакүхо М.Даваажаргал.
• Оны онцлох олон нийтийн байгууллагаар МҮХАҮТ.
• Хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох байгууллагаар “Mongolia’s Got Talent” шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан “Монгол HD” телевиз.
• Нийгэм хүмүүнлэгийн салбарын оны онцлох төслөөр түлэгдсэн хүүхдүүдэд зориулж ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт нэн шаардлагатай хоёр төхөөрөмжийг худалдан авч өгөх зорилгоор 25 дугаар суваг телевизийн хэрэгжүүлсэн “1000 төгрөг” төсөл.
• Бизнесийн салбарын оны онцлох хүнээр “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан.
• Улс төрийн салбарын оны онцлох хүнээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт шалгарлаа.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.