Цаг хугацааг зогсоосон 81 жилийн түүх

2016.10.12 Лхагва №096 (2127)

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 81 жилийн ой өчигдөр тохиолоо. Тэртээ 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын хурлаар Ардын гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд Кино гэрэл зургийн газар байгуулах асуудлыг хэлэлцэж, 32 дугаар тогтоолыг гаргасан байдаг аж. Энэхүү  ойн өдрийн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатар мэргэжил нэгт нөхөддөө хандан “Энэхүү тэмдэглэлт өдрийн мэндийг Монголын гэрэл зургийн салбарын суурийг тавьж, түүхийг өртөөлж ирсэн анхдагч ахмадууддаа болон агшинг мөнхөлж, амьдралын хором мөч бүрийг тамгалан үлдээх үйлст зүтгэж яваа үе үеийн гэрэл зурагчиддаа хүргэе. Бидний эгнээ жилээс жилд өргөжин тэлж, байгаль, өв соёл, фото сурвалжлага, хөрөг, баримтат зургийн төрлүүдээр бүл нэмэн, мэргэжлийн зураг, бүтээлийн чанар сайжирч байгааг онцлоход нэн таатай байна. Түүнчлэн гэрэл зураг сонирхогчид ч шинэ төрөл зүйл рүү хошуурч, од эрхэс, ан амьтан шувуу, бичил биет, хуримын болон галт тэрэгний гэх мэтээр төрөлжин, техникийн дэвшилд суурилсан минималист чиг хандлага эрчээ авлаа. Өрсөлдөөний энэ талбараа дэлхийн дэвжээнд гаргахын төлөө, улам бүр шинэлэг баялаг болгохын төлөө, мэргэжлийн үнэ цэнээ хадгалж, шилдэг бүтээлээрээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө, шударга үнэний дуу хоолой, туг далбаа болж явахын төлөө хичээцгээе хэмээн уриалъя. Амьдрал ус мэт урсаад өнгөрөхөд агшин хормууд гэрэл зургийн хальснаа уул мэт сүндэрлэн үлддэг билээ. Та бүхний маань мэлмий хурц, мэдрэмж мэргэн байх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ. 
Сонирхуулахад тус холбоо Монголд гэрэл зургийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Гэрэл зураг 80 жил” хэмээх үзэсгэлэнгээ дэлгэн олны мэлмийг мялааж байсан юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.