Б.Билгүүн: Айдас, инээд хоёроор "тоглоно" гэдэг хэцүү

2016.10.12 Лхагва №096 (2127)

Найруулагч Р.Алтансүхийн "Оюунлаг" продакшнтай хамтран хийсэн “Үхлийн симфони” аймшгийн уран сайхны кино, дуучин Э.Төрмандахын “Хайраа олоорой” дууны клип зэрэг бүтээлүүдээр олонд танигдсан залуу жүжигчин Б.Билгүүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Уран бүтээлээр чинь хүмүүс таныг мэддэг болжээ. Гэхдээ яг хэн бэ гэдгийг чинь тэр бүр сайн мэдэхгүй байх. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Тийм ээ. Би бас санал нэг байна. Намайг Батжаргалын Билгүүн гэдэг. Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 2011 онд СУИС-д элсэн ороод энэ оны хавар төгссөн.  Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэгт их ордог, мөн шинэ жилийн баяраар алиалагч хийдэг байсан. Анх урлагийн амьдралд холбосон хүн бол дуу хөгжмийн багш минь юм. 
-Хамгийн анхны уран бүтээл чинь “Үхлийн симфони” аймшгийн кино шүү дээ. Үүнд дүр бүтээх болсон талаараа яриач.
-Би нэгдүгээр курсээ төгсөөд нутагтаа очсон байсан. Тэр үед гэрээ санаад хичээл тарав уу үгүй юу яараад явсан. Гэртээ очоод удаагүй байтал манай киноны найруулагч талийгаач Р.Алтансүх ах надруу залгаад “Чи хаана байна. Нэг кино хийхээр болсон. Чамайг тоглуулмаар байна” гэсэн. Тэгэхэд би “Ангийн багшаас асууя. Зөвшөөрвөл тоглоё” гэж хэлсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин Б.Мөнхдорж багшаасаа асуухад тэрээр зөвшөөрсөн. Тэгээд шууд баруун хязгаар Ховд аймгаас их хотыг зорьсон. Аймшгийн кинонд дүр бүтээх болсон түүх минь ийм.
-Пробонд ороогүй хэрэг үү?
-Тийм ээ. Би бодохдоо яг л намайг зориуд товлож байгаад киногоо хийсэн юм болов уу гэж бодсон. 
-Аймшгийн кинонд тоглох хэцүү юу?
-Хүн бүр ингэж асуудаг. Их сонирхолтой байдаг шиг байгаа юм. Миний хувьд аймаар зүйл байгаагүй ээ. Харин их шантарч байсан. Өөрөөсөө хэд хэдэн удаа “Чи жүжигчин болж чадах юм уу?” гэж асуусан шүү. Гэхдээ сайн баг хамт олны ачаар киноныхоо ард гарч чадсан. 
-Үүнээс гадна таныг таниулсан нэг бүтээл бол “Хайраа олоорой” дууны клип шүү дээ. 
-Тэр клип дээр хамтарч ажилласан “Like” продакшны хамт олонтой хэд хэдэн бүтээлд хамтарсан. Мөн тэдэнтэй цуг  хавар хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд ирсэн. Энэ дуу хүмүүст их хүрсэн байна билээ. Манай “Like” продакшны ах нар авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Би тэднээс зөндөө зүйл сурсан. 
-Одоо Билгүүн юу хийж байна вэ?
-Би циркт алиалагч хийж байна. Арван жилд хийдэг байсан алиалагчаас шал өөр юм билээ. Их хэцүү ажил байна шүү. Өөрийгөө уран бүтээлчийн хувьд түүхий байгаагаа цаг мөч бүхэнд мэдэрч байгаа. Туршлагатай сайн алиалагч болтол сурах зүйл өчнөөн. Бас энэ нь цаг хугацааны асуудал байх. 
-Аймшгийн кинонд тоглож байснаар чинь төсөөлдөг. Гэтэл алиалагч хийнэ гэхээр сонин байна шүү. 
-Энэ хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай зүйл. Аль аль нь туршлагагүй надад хүнд байсан. Дээрээс нь хүний хамгийн эмзэг мэдрэмж болох айдас, инээд хоёр дээр тоглоно гэдэг маш хэцүү.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.