Монголчууд Солонгост дугуйтай аялал хийнэ

2016.10.12 Лхагва №096 (2127)

БНСУ-ын Бусан хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар, Бусан хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх  хэд хэдэн ажил хэрэгч уулзалт болсон бөгөөд эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар тохиролцов. 
Тухайлбал, “MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус Бусаны талтай тохиролцсоны дагуу БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аяллыг анх удаа хийхээр боллоо. Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох бөгөөд Олон улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин аялалд гарна. Аяллын зохион байгуулагчаар “MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Merida Mongolia” унадаг дугуйн дэлгүүр, ивээн тэтгэгчээр “Айр Бусан” ХХК, “Merida Mongolia”, “Shimano Mongolia”, “Хүнс комплекс” ХХК, “Khuvsgul lake” зочид буудал, “Merida Mongolia” унадаг дугуйн клуб ажиллаж байна. Монгол залуусын энэхүү дугуйтай аялал эх орноо, Улаанбаатар хотоо сурталчлах, эрүүл мэндээ хамгаалахыг уриалахад оршиж байгаа ажээ. Сонирхуулахад, Улаанбаатар-Бусаны хооронд өнгөрсөн зургадугаар сараас “Айр Бусан” авиа компани долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэж байгаа юм. Юутай ч Монголын унадаг дугуйтай 21 залуу Солонгост эх орноо сурталчлах нь ээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.